2020.10.28

Б.Бейсен: 370 эм биш 170 эм л хөнгөлөлтэй эмийн жагсаалтад оруулсан байна

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Төрийн алба хаагчид цаг баримталдаггүй, ёс зүйгүй байна. Тойрогтоо сумуудаар ажиллахад төрийн албан хаагчид ажил дээрээ байхгүй, гишүүдийг намаар нь ялгадаг байдал нь их хурлын гишүүд, намд сөргөөр нөлөөлж байна. Зарим удирдлагууд утас авсан боловч таслаад алга болдог, засаг даргаасаа эмээдэг гэх мэт асуудлуудад хариуцлага тооцох ямар арга зам байна вэ?

370 эмийг хөнгөлөлтөөр олгоно гэжээ. Гэтэл үүнийг шалгахад 112 эмийн нэр төрөл байна. Зарим эм нь нэг төрлөөс 24-ийг, заримаас нь 7-8, 10 гэх мэт оруулсан байна. Үйлдвэрийн нэр, олон улсын нэршлээр нь оруулаагүй. Кодоо оруулахдаа эмийн компаниуд ханган нийлүүлэх байгууллагынхаа нэрсийг оруулчихсан байна уу? Үүний ард эмийн бизнес явж байна уу гэсэн хардалт төрж байна.