2020.10.22

С.Чинзориг: Мал аж ахуйн татвар орж ирснээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:
  • Мал аж ахуйн татвар орж ирснээр тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаа явдал биш юм. Уг татварын тухай хууль орж ирхээс өмнө мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ямар үнэтэй болгох, малчдын орлогыг яаж дэмжих, малчдын удмын санг яаж дэмжих, эрүүл мэндийг нь яаж хамгаалах гээд цогц мал аж ахуйн талаар баримтлах бодлогоо Засгийн газар оруулж ирэх шаардлагатай байна гэж би өмнө нь ярьж байсан. 

  • Малчдын 18 хувь нь нийгмийн даатгал шимтгэл төлж байдаг. Тийм учраас өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх эрхийг нээж өгөх ёстой гэсэн саналтай байна. 

  • Малчид тогтмол орлого олдоггүй учраас татвараа жилд хоёр удаа төлөх юм байна. Татварын байцаагчтай хувиараа графикаар тогтчихвол сар, улиралаар төлөх эрхийг нь нээж өгөх нь зүйтэй юм.

  • Мал аж ахуйн татварыг сумдаа төлөх эрхийг нь нээж өгч байгаа. Үүнээс хамаараад ирэх жилийн төсөв батлахдаа орон нутгуудад өгдөг санхүүжилтийн хэмжээг хасаад ороод ирэх вий гэсэн болгоомжлол байна.

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.