Засгийн газрын хуралдаанд 6 асуудал танилцуулж шийдвэрлүүлнэ
2025.07.01

Засгийн газрын хуралдаанд 6 асуудал танилцуулж шийдвэрлүүлнэ

Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 29,30-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гал түймрийн эрсдэлтэй байгаа бүс нутгуудад ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулагт суманд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан хээрийн штаб сүүлийн 14 хоног өндөр ажиллаж байна.

Тэрбээр "Эдгээр бүс нутгуудад энэ жил л гэхэд 42 гал түймэр гарсан нь хуурайшилт ямар их байгааг харуулж байна. Байгаль цаг уурын хуурайшилтаас гадна ард иргэдийн буруутай үйлдэл ч бас байна. Гал түймрийг Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран түймрийн 80-90 хувийг царамд оруулж, улмаар манах болон бүрэн унтраах ажлыг өдөр, шөнөгүй хийж байна.

Дархан-Уул аймгийн ОБЕГ-ын албан хаагчид төвийн бүсийн бүх аймгуудад дэмжлэг үзүүлж, нөхцөл байдлын мэдээллийг нэгтгэн өндөр ачаалалтай, хариуцлагатай ажиллаж байгаад талархаж байна. Мөн өчигдөр л гэхэд тус аймгийн Шарын голд суманд гарсан түймрийг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулснаар цурманд орууллаа. Хур бороо ч үргэлжлэн орсон. Бид түймрийн нөхцөл байдал, тулгарч буй асуудалтай танилцаад ирэх Засгийн газрын хуралдаанд 6 асуудал танилцуулахаар бэлтгэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын энэ хавар, зуны түймэрт ажилласан техник хэрэгсэлийн нөхөн хангалтыг яаралтай хийхээс гадна нэн ялангуяа өндөр уулын бүсэд гарах түймрийг унтраахад ашиглах багаж хэрэгсэл авах асуудлыг шийдэх шаардлагатай байна. Мөн туулах чадвар сайтай автомашинаар хангах нь нэн чухал байна. Эдгээр аймгуудад хавраас хойш олон түймэр гарч, шатахууны хэрэглээ өндөр учраас шатахууны нөхөн хангалтыг аймаг тус бүрд хийх шаардлагатай байна. Харин дунд, урт хугацаанд боловсон хүчний асуудлыг ч ярилцах нь зүйтэй. Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд агаарын болон газрын орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн шинэчлэх асуудлыг өргөн цар хүрээнд шийдэх нь зайлшгүй шаардлага болжээ. Түүнээс гадна галын эрсдэлийг нэмэгдүүлж буй ойн цэвэрлэгээг стандартын дагуу хийх нь тулгамдсан асуудал байгааг олон нийтийн оролцоотой зохион байгуулахаар боллоо" гэв.