С.Эрдэнэ: Эх орондоо хийдгээ хийчихсэн ахмадуудынхаа гомдлыг тайлъя гэсэн юм
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2012.03.01

С.Эрдэнэ: Эх орондоо хийдгээ хийчихсэн ахмадуудынхаа гомдлыг тайлъя гэсэн юм

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуульбатлагдахыг хүлээж байгаа хүн олон бий.Ээлжит бус чуулганаар энэ хуулийг батлах болов уу?

-Уг нь энэ хуулийг өнгөрсөн жил баталчих боломжтой байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Л.Гантөмөр бид дөрөв санаачилж, энэ хуулийг өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлэлгүй дарсаар байгаад сая МАН-ын нэр бүхий хэдэн гишүүн биднийхтэй адилхан хууль өргөн барилаа.

-МАН-ынхан өөрсдөө энэ хуулийн автор болж, сонгуулийн өмнө рейтингээ өсгөн оноо авах гэсэн юм болов уу?

-Мэдэхгүй. Тэглээ гээд бид маргаан хийгээгүй. Хуулийн автор хэн байх нь чухал биш. Хамгийн гол нь тэтгэврийн зөрүүг арилгах нь олон мянган ахмадад хэрэгтэй. Тэгээд энэ хоёр хуулийн төслийг нэгтгэж, сая анхны хэлэлцүүлгээр нь дэмжээд чуулган завсарлалаа. Ээлжит бус чуулганаар эцсийн хэлэлцүүлэг хийх л үлдээд байгаа юм.

-Тэгвэл бараг батлагдчих юм биш үү?

-Хоёр бүлэг дэмжчихсэн. Хууль санаачлагчдын хувьд зөрөлдсөн зүйл байхгүй. Тэгэхээр хууль батлагдах бүрэн боломжтой.

-Хууль батлагдлаа гэхэд үр дүн нь юу билээ. Тэтгэврийн зөрүүгээ арилгах хичнээн хүн байгаа вэ?

-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу тэр оны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон нийт 1168 мянган хүн бий. Хууль батлагдвал энэ хүмүүсийн тэтгэврийн зөрүү арилна гэсэн үг л дээ. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн одоо авч байгаа тэтгэвэр 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийнхтэй адилхан болох юм. Ер нь манай улс иргэдийнхээ тэтгэврийг ялгавартайгаа тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн асуудал байсаар өнөөдрийг хүрлээ. Иргэнийг эрхэлж буй ажил. албан тушаал, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй гээд Үндсэн хуульд заачихсан байгаа шүү дээ. Тиймээс энэ зөрчлийг арилгахын тул дух хуулийг өргөн барилаа. Нөгөө талаар улс эх орондоо хийдгээ хийчихсэн ахмад настнуудынхаа гомдлыг тайлж, тэтгэврийнх нь зөрүүг  арилгая гэсэн юм.

-1995 оноос өмнө нийт хичнээн хүнтэтгэвэрт гарсанбайдаг юм бэ?

-Нийт 300 гаруй мянган хүн байсан. Түүнээс үлдсэн нь168 мянга гаруй хүн байгаа гэж статистик судалгаагаар гарчээ.

-Тэтгэврийн зөрүү арилгахад улсын төсвөөс нийт хичнээн төгрөг гарах билээ?

-Өнөө жил тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр улсын төсөвт 220-иод тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгө хангалттай хүрнэ гэж бодож байгаа.

-1995 оноос өмнөолон хүүхэдтэй эхчүүдийг наснаас эрт тэтгэвэрт гаргасан байдаг байх аа. Тэр хүмүүсийн тэтгэврийн тухай энэ хуульд тусгасан байгаа юу?

-Энэ асуудлыг Засгийн газар тусгай журмаар зохицуулахыг хуульд тусгасан. Ер нь бол 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жилийн хөлсийг тухайн үеийн цалингийн доод хэмжээгээр тооцож олгох, 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн шимтгэлийг тухай үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөх тухай өршөөлийн маягийн хуулийн төслийг би санаачлаад Засгийн газраас санал авахаар өгчихсөн байгаа. 1990-1995 онд ажиллах жил нь тасарсан буюу хөдөлмөр эрхлээгүй 200 гаруй мянган хүн бий.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 700 гаруй мянган иргэн байгаа.

Хэрэв энэ хууль батлагдвал 900 гаруй мянган хүн бүрэн тэтгэвэр тогтоолгоно гэсэн үг. Үнэндээ 1990-2000 он бол эрсдэлийн 10 жил байсан. Яагаад гэвэл төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос  зах  зээлийн эдийн засагт шилжиж, олон үйлдвэр хаалгаа  барьсан байдаг. Үүнээс болж олон хүн ажилгүй болсон шүү дээ. Тэд өөрсдийнхөө гэм буруугаасаа  биш нийгмийн шилжилтээс болж ажилгүй болсон. Энэ хууль батлагдвал түрүүнд асуусан олон хүүхэдтэй гэх шалтгаанаар ч юм уу шахалтаар наснаасаа эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нөхөж олгох боломжтой болно гэсэн үг. Харин уг хуулийн талаар Засгийн  газар санал өгөхгүй бол УИХ-д шууд өргөн барина.

-Халамж хамгааллын чиглэлийн ийм хуулиуд олноор орж ирэх нь Сонгуулийн хуулиа зөрчөөд байгаа хэрэг биш үү?

-Энэ хуулиуд халамж биш шүү дээ. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Ажилгүй, нийгмийн даатгал төлөх боломжгүй байсан иргэдийн тэтгэвэр тогтоолгох эрхийг хуулиар нээж өгч байгаа хэрэг. Тэгж ярих юм бол 1995-2000 оны хооронд ажилгүй байсан иргэд нийгмийн даатгалын арван хувийн шимтгэлээ өөрөө төлж байж тэтгэврээ нөхөн тооцуулна шүү. Тэтгэврийн зөрүүг арилгах нь "хэн нэгэнд бэлэн мөнгө өгье та зүгээр суу'' гэдэгтэй адилгүй. Ер нь энэ парламентад нийгмийн хамгааллын чиглэлийн эрх зүйн асуудлаар ойлголттой гишүүн бараг байхгүйтэй адил. Миний хувьд даатгалын салбарыг дөрвөн жил толгойлсны хувьд энэ чиглэлийн хууль санаачилж, батлуулах үүрэгтэй гэж боддог. Тийм учраас нийгмийн хамгааллын чиглэлийн таван хууль санаачиллаа. Үүнийг гурав нь батлагдаад явж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.