Багш нарт мөнгөн тэтгэлэг олгохыг дэмжив
2012.02.13

Багш нарт мөнгөн тэтгэлэг олгохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ.

Уг нь төслийн хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр cap хүртэл хойшлуулъя гэсэн санал гарч байсан ч одоо хэлэлцье гэсэн саналтай гишүүн дийлэнх байснаас ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Д.Оюунхорол нарын гишүүдийн саналаар боловсролын салбарт 25 болон түүнээс дээш жил багшаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багшид сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг, хэрэв сум, тосгоны сургуульд 10 ба түүнээс дээш жил багшилсан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг нэг удаа, сургуулийн өмчийн хэвшлийг үл харгалзан өгөхөөр тусгахыг гишүүдийн олонх дэмжлээ.

Тэтгэлэгт сургуулийн манаач, галч, слесарь, нярав, нягтлан зэргийг цалингийн сүлжээ харгалзан хамруулах нь зүйтэй гэж Д.Оюунхорол гишүүн хэлж байв.

Ийнхүү сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг таван жилийн хугацаагаар сонгож, ажлын үр дүнгээс хамааран дахин нэг удаа хугацаа сунгах заалт оруулахыг гишүүд дэмжив. Мөн шашны сургалттай дунд сургуулиудад ерөнхий эрдмийн хичээлийг заавал оруулах, жирийн ерөнхий боловсролын бүх шатны сургуульд шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглох нь зүйтэй гэлээ.

Хуулийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө гэж төсөлд тусгахыг мөн дэмжив. Гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.