2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав
Нийслэлийн Засаг даргын зөвлөл шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр хийж, 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлахаар шийдвэрлэв.
Хөгжлийн жилийн хүрээнд иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “2019 он бол Улаанбаатар хотын хувьд онцлогтой жил. Энэ онд Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиож байна. Тиймээс хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн хөгжлийн чиглэлээр бүх төрийн үйлчилгээг хөгжлийн шинэ шатанд хүргэхийг зорьж төрийн байгууллагын бүх албан тушаалтан үүнд анхааран ажиллах болно. Түүхт ойн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүх салбарт иргэдийн оролцоотой хөгжлийг сайжруулахаар зорин ажиллана” гэдгийг онцлов.
Хурлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх ажлын талаар хэлэлцлээ. Энэ нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлж, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж, иргэдэд үйлчлэх, төрийн үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршиж байгаа юм.
Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан.
Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой-Эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байсан. Тиймээс энэ жилийн “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх”-ийг уриалав.
“Төрийн албаны тухай хууль”-ийг шинэчлэн энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг энэ оны эхний улиралд багтаан зохион байгуулах, Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах,Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах, Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулах, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн зарим хороог өөрчлөн зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгааг шинэчлэн гаргаж өгөх, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх, Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор бүх түвшинд бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв