С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэврийг энэ сараас нэмэхээр ажиллаж байна
2019.01.03

С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэврийг энэ сараас нэмэхээр ажиллаж байна

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүртэл нэмэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэж байна.

Түүнчлэн энэ нэгдүгээр сард багтаан төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэхээр төлөвлөж байгааг нэмж мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, “Бид 2019 оны улсын төсвийг батлахдаа Халамжийн сангаас олгож буй халамж болон тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхээр болж төсөвт ингэж тусгасан юм.

Ингээд энэ оны 2-р сарын 1-нээс халамжийн тэтгэврийг дээрх түвшинд нэмэгдүүлнэ. Мөн нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ дээр удахгүй Засгийн газар төрийн албан хаагчдыг цалинг нэгдүгээр сарын 1-нээс мөн нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2019 оны улсын төсөвт тэтгэвэр болон Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгийн эх үүсвэрүүдийг тусгасан учир энэ талын арга хэмжээнүүдийг авна.

Ер нь энэ 2-р сараас нийгмийн халамжууд болон Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврүүдийг нэмэхээр ажиллаж байгаа юм. Халамжийн тэтгэврийг энэ удаа инфляцийн түвшинтэй ижилдүүлэн жишихгүйгээр амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлнэ гэсэн чиглэлтэй байна” гэв.

Энэ 2019 оны улсын төсөвт тэтгэвэр болон Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгийн эх үүсвэрүүдийг тусгасан учир энэ талын арга хэмжээнүүдийг авна.

Дашрамд дурдахад энэ оны нэгдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгосныг мөрдөж эхлээд байгаа билээ. Дээрх хэмжээг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр ийнхүү өсгөх шийдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн. Энэ шийдвэрийг оны эхний өдрөөс мөрдөж байна. 

Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгоно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ажиллах хүчний тоо 1.4 сая тул 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалин авч байв. 

Б.Болд