2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгоно
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ сарын 12-ны өдөр улс орон даяар 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалгыг гаргасан билээ.
Тэрбээр өнөөдөр (2018.12.26) УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа.
М.Өлзийчимэг: Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургахад анхаарч ажилладаг
Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд одоогийн байдлаар 179 хүүхэд байгаагаас 81 эмэгтэй, 98 эрэгтэй хүүхэд байна. Энэ төвөөс нас биед хүрээд гарсан охид, хөвгүүд нийгмийн амьдралд бэлтгэгдээгүй, олны дунд амьдрах чадваргүй, наад захын хоол хүнсээ ч бэлтгэж чаддаггүй байсныг өөрчилж эхэлжээ. Аль болох нийгэмшүүлж, төлөвшүүлэх үүднээс өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах өрхийн зохион байгуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, тус төвд байгаа хүүхдүүдийг сэтгэхүй, насны онцлогт тохируулан арав арваар нь 28 бүл болгожээ. Эдгээр бүлүүд нь өөрсдөө хоол хийх, гэр цэвэрлэх хуваариа гаргадаг байна. Ингэснээр хүүхдүүд наад захын амьдрах ухаанд суралцахын зэрэгцээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй хэрхэн харьцахыг сурч эхэлжээ. 28 бүл болгон өөрсдийн өрөө тасалгаа, хөргөгч, телевизор, индүү, будаа агшаагч, плитка, шүүгээ, сандал ширээ зэрэг айл гэрт байдаг бүх л тавилга, өмчийг хэрэглэдэг. Мөн хүүхдүүдийг бэлэн мөнгөтэй харьцаж сургахын тулд сургалтын мөнгийг хэвлэж, нэг хүүхэд сард 20 мянган төгрөг зарцуулж, төв дотроо тохижуулсан дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой болгожээ. Зуны цагт “Хараацай” зусландаа хүүхдүүдээ амраахын хажуугаар хүнсний ногоо тарих, монгол гэр барих, гал түлэх, эсгийн урлал хийх зэргээр хүүхдүүдээ бэлтгэдэг байна. Энэ жил гэхэд 4,6 тонн төмс, 1,6 тонн нарийн ногоо хураан авчээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн төсвөөр санхүүждэг 20 гаруй асрамж, хүүхэд хамгааллын төвд нийт 1044 гаруй хүүхэд өсөж хүмүүжиж байна. Эдгээр төвүүдэд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь хүчирхийлэлд өртөж сэтгэл зүйн хүнд дарамтад орсон, зан харилцааны доголдолтой, насан туршийн асаргаа, сувилгаа шаардагдах хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд дан болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхэд байдгаас насанд хүрсэн хэд хэдэн хүүхэд байгааг тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хэлж байсан. Нэгэнт насанд хүрсэн тул асран хамгаалагчдад нь өгөх гэхээр авдаггүй, Батсүмбэрийн асрамжийн газарт шилжүүлэх боломжгүй байдаг зэрэг асуудал тулгардаг байна. Иймд насан туршийн асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдийг асрах төвийг байгуулах зайлшгүй шаардлагатай болохыг ч тэрбээр энэ үеэр хөндсөн юм.
Зөв хүн болгон төлөвшүүлэхэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ хамгийн чухал. Энэ төвд шүдний эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах төв, сэтгэл зүйн төвүүд ажиллаж байна. Зураг, сийлбэр, наамал, дуу хөгжим, бүжиг, уран нугаралт, компьютер, сагс зэрэг 11 төрлийн дугуйланг хичээллүүлж, суралцагч хүүхдүүд эхнээсээ амжилт үзүүлж байгааг “Өнөр бүл” төвийн багш нар хэлж байлаа. Сурч мэдсэнээрээ гар доорх материал, хаягдал сав, сонингийн цаасыг ашиглан бүтээл хийж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог юм байна. Тухайлбал, дүүрэг хорооныхоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан урлагийн тоглолт хийж, өөрсдийн бүтээлээсээ бэлэглэдэг болжээ.
Төвлөрсөн асрамжаас татгалзах хэрэгтэй ч нийгмийн амьдрал хүнд байгаагаас асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Хоёр жилийн өмнөөс тус төвд ирэх хүүхдүүдийг бүртгэж, зорилтот бүлгийн хүүхдүүдийг тухайн хорооны Засаг даргын захирамжаар хүлээн авдаг болсон байна.
Нэг үеэ бодвол мэргэжлийн багш, нийгмийн ажилтан, эмчтэй болсон ч багш ажилчдын нийгмийн асуудал хүндрэлтэй. Нэг багш дундажаар 408 мянган төгрөгийн цалинтай. Багш нарын мэргэшүүлэх, сургалтад хамруулах, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага байгаад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос анхаарч ажиллахыг тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хүссэн юм. Мөн цахилгаан, сантехник, “Хараацай” зуслангийн барилгын засварын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ч.Ганжавхлан: Архины үйлдвэр, асрамжийн газар хоёр адилхан төлбөр төлж байна
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв өнгөрөгч 2017 онд ашиглалтад орсон. Арав хүрэхгүй сарын хугацаанд энэхүү төслийг "Лантуун дохио" ТББ-аас амжилттай хэрэгжүүлж, 75-80 хүүхдийн багтаамжтай энэхүү төвийг барихын тулд 1 тэрбум 25 сая төгрөгийг хүүхдэд хайртай хүмүүсийн дэмжлэгээр босгосон байна. Үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд сайн санаат хүмүүс, сайн дурынхны дэмжлэгийг авсаар өдий нэг жилийг ардаа үдсэн ч санхүүгийн болон бусад хүндрэлүүд байсаар байгааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийг ажиллах үеэр хөндөж байлаа.
Энэ төвд хүүхэд хамгаалах байр болон хүүхэд хөгжлийн төв тус тус ажилладаг. Хүүхэд хамгааллын байрт өнөөдрийн байдлаар 14 хүүхэд байгаа бөгөөд тухай хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалан байрлуулах хугацаа ч өөр өөр байдаг байна. Дундажаар 144 хоног байрладаг гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд 3 ээлжээр 24 цаг ажиллаж, хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нарийн шинжилгээ, оношилгоо шаардлагатай бол эмнэлэгт үзүүлэх, өмгөөлөгч авах, хоол зэрэг бүхий л зардлыг энэ төвийнхөн өөрсдөө гаргадаг.
“Гурван айлын хашааг нийлүүлж байгуулсан энэ төв нийт 650 мкв талбайтай. Энэ байгууламжийг дулаан цахилгаанаар таслахгүй байхыг хичээдэг. Бид дулаанаа цахилгаанаар шийдсэн. Мөн нарны эх үүсвэр ашигладаг. Төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй. Урсгал зардал жилдээ 364 сая төгрөг болсон. Цахилгааны зардал л гэхэд 9 сая төгрөг болдог. Үүнийгээ төлж чадахгүйгээс болж цахилгаанаа таслуулж байсан удаатай. Шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамрагдах гэхээр зөвхөн өрхөд л хамаатай, байгууллага хамрагдах боломжгүй болчихдог. Асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж үзсэн. Ямар ч шийдэл байдаггүй. Үнэндээ архины үйлдвэр, асрамжийн газар хоёр яг адилхан төлбөр төлж байна. Залуучууд нэгдэж, төрийн хийх ёстой ажлыг хийлцэж болж байна. Гэхдээ эхлүүлсэн ажлыг нь төрөөс дэмжээд өгөх хэрэгтэй байна” гэж “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ.
Төвийн цэцэрлэгээс юугаар ч дутахааргүй тохижуулсан, амжиргааны төвшнөөс доогуур орлоготой, хөдөө орон нутгаас шилжиж ирээд бүртгэлгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох хамруулах зорилготой "Ид шидийн орон" цэцэрлэг 2-5 насны 60 гаруй хүүхэдтэй.
"Ид шидийн орон" төвд 7000 гаруй номтой номын сан ажилладаг. Танхимдаа нэг удаад 40 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд хүүхдүүд гэрээр номоо авч уншдаг байна. Мөн дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөртэй гэлээ.
“Лантуун дохио” ТББ-аас 2019 оны дөрөвдүгээр сараас “Ид шидийн орон-2” төвийг Баянзүрх дүүрэгт барьж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 75 хувь нь нийслэлд үйлдэгддэг. Жил ирэх тусам илрүүлэлт нэмэгдэж байгаа учраас хүүхдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан хэлж байв.
Энэ үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг байнгын хорооноос агаарын бохирдлыг бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр тус тус гаргасан тогтоолуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн ажил хариуцсан хүмүүст гардуулж, шахаж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр, “УИХ-аас холбогдох хууль эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажиллаж байна. Асуудлыг шийдэхэд шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллах нь та бүхний үүрэг. Төрийн бус байгууллага, иргэд төрийн байгууллагуудаас хуулийг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Шийдэл, боломжууд байна. Хүүхэд хамгааллын төвүүдийн цахилгаан, халаалтын асуудлыг нарийн судалж, нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ долоо хоногт Байнгын хороонд албан бичгээр ирүүлээрэй. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн бус байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой судалгааг гаргаж ирүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд бүх газар хүрч ажиллах боломжгүй учраас төрийн бус байгууллагуудын туслалцааг авах зайлшгүй хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газраас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдээ бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө нэгдүгээр сард багтаан байнгын хороонд хүргүүлээрэй” хэмээн холбогдох байгууллагуудад тус бүрт нь үүрэг чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.