Ё.Баатарбилэг: Улстөржиж, попордог асуудлыг Байнгын хороо дэмжихгүй
2018.12.26

Ё.Баатарбилэг: Улстөржиж, попордог асуудлыг Байнгын хороо дэмжихгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаан 57.9 хувийн ирцтэй эхэлж,

Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мэдээлэл сонслоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

-“Уушгины хатгалгааны эсрэг вакцин” энэ оны арван нэгдүгээр сарын байдлаар давхардсан тоогоор нийслэлийн есөн дүүргийн 72.264 хүүхдийг хамруулаад байна. Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117.215 хүнийг хамруулж, хамралт 94 хувьтай яваа.

Мөн улсын хэмжээнд тав хүртэлх насны 390 мянган хүүхэд, 40.200 хөхүүл эхэд А аминдэм, 4.819 жирэмсэн эмэгтэйд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, тав хүртэлх насны 416 мянган хүүхдэд урьдчилсан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор цайрын бэлдмэл түгээх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ДЗ аминдэмийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, эмзэг бүлгийн 22,300 жирэмсэн эмэгтэйд түгээсэн. Түүнчлэн агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг салбарын сайдын тушаалаар өөрчлөн баталсан. Амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа. 2008 онд 10 мянган хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ.

Мөн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Нийгмийн халамжийн сангаас дараах зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгож байна" гэлээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг:

-Засгийн газрын гишүүд аливаа шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр хандах бус тодорхой тооцоо, судалгаанд үндэслэх ёстой гэдэг нь өнгөрсөн долоо хоногт нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг тав хоног амралтад амраах тухай асуудал харууллаа. Энэ олон мянган хүүхэд, эхчүүдийг амраах амралтын газар байна уу, бааз суурь нь бий билүү. Ийм бодитой бус мэдээлэл гаргаж, иргэд олон нийтийн тулгамдаад буй асуудал дээр улстөржиж, попордог, шийдвэр гаргуулах гэж гүйдэг энэ мэт асуудлыг Байнгын хороо дэмжихгүй. Ажил хэрэгч, хэрэгжих боломжтой санал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой гэдгийг онцгой анхааруулж байна. Дутуу ирүүлсэн мэдээлэл тайлангуудаа гүйцээн ирүүлэх, цаашид хийх ажлын талаар мэдээлэл, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө даруй ирүүлэхийг сануулж байна.

Цаашид агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудлыг Байнгын хороо анхаарч ажиллахаас гадна уг асуудлаар тодорхой мэдээлэл салбарын яамдаас авах болно" гэв.

Б.ТҮВШИН