Боловсролын чанар-Удирдлагын манлайлал сургалт болов
Азидаа төдийгүй дэлхий үнэлэгдэх чанартай боловсон хүчин бэлтгэж, хөгжил дэвшилд хүрэх нь боловсролын салбарын гол зорилго. Салбар яамны зүгээс энэ асуудалд багагүй анхаарч дээд боловсрол олгодог сургуулиудын захирал, удирдах ажилтны дунд “Боловсролын чанар-Удирдлагын манлайлал” сургалтыг зохион байгуулсан юм.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газраас зохион байгуулсан бөгөөд салбарын сайд Ц.Цогзолмаа, БСШУС-ын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан болон албаны хүмүүс оролцлоо.
Их, дээд боловсролын нэр хүнд болон сургуулиудын уялдаа холбоог сайжруулж, боловсролын чанарын баталгаажуулалтыг бэхжүүлэх нь өнөөдөр амин чухал хэрэгцээ болоод байгаа билээ. Боловсролын үйлчилгээ, чанарыг сайжруулахад сургуулийн болон удирдлагын түвшинд дотооддоо үнэлгээ хийж, шинэчилж байх тогтолцоог хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Тиймээс их, дээд сургуулийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаандаа ахиц дэвшил гарахын тулд байгууллагын соёлыг төлөвшүүлж, удирдлагын манлайлал нэвтрүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлж байлаа.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Боловсролын үйлчилгээ үзүүлж, ирээдүйд эх орноо хөгжүүлэх мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэдэг багш нар маань илүү чадавхтай болох хэрэгтэй байна. Ази тивдээ бус дэлхийд өрсөлдөх чадвар, мэдлэг, боловсролтой иргэдийг бэлтгэх нь хамгийн чухал. Ингэхийн тулд сургалтын хөтөлбөр нь цогц байх ёстой. Бид ирээдүйн хөгжил, дэвшлийг бүтээгчдийг бэлтгэх нэг баг юм шүү. Нэг удаагийн сургалт, хурал гэж бодолгүй цаашдын зорилгоо тодорхойлж, цогц том хөтөлбөр боловсруулах хэрэгтэй болов уу. Монголчууд эвтэй байсан тэр цаг мөчид дэлхийд нэрээ дуурсгасан. Тиймээс бид ч гэсэн нэг баг болон ажиллаж, намрын чуулган эхлэхээс өмнө дээд боловсролын тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, өргөн баригдах багц хуульдаа тусгуулах шаардлагатай. Хэрэв нэгнээ буруутгаж, үгүйсгэн явбал юу ч бүтэхгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Цаашид өмнөхөө давталгүй нэг баг болон ажиллаж, Боловсролын багц хууль өргөн баригдахаас өмнө их, дээд боловсролын түвшинд юуг хэрхэн хуульчилж засаж болох талаархи саналаа нэгтгэх хэрэгтэй. Ирээдүйг хөгжил дэвшилтэй, мэдлэг боловсролтой болгохын төлөө хамтдаа ажиллацгаая. Боловсролын системээ зөв, шинэ чиглэл рүү авч явъя гээж хэлэх байна” гэж хэлсэн юм.
Сургалтад хүрэлцэн ирсэн их, дээд сургуулийн удирдлагууд ч сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэн, сайн туршлага, харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зүйтэй хэмээж байлаа. Мөн цаашид чанартай боловсролыг оюутан залууст хүргэхийн тулд манлайллыг хөгжүүлэх нь зайлшгүй гэж үзсэн. Ерөнхийдөө их, дээд сургуулийн удирдлага болон мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр шат дараалалтай сургалт зохион байгуулахаар төлөвсөн байна.
Их дээд сургуулиуд боловсролын чанарыг хангахад багш, оюутан, эцэг эх, ажил олгогч, удирдлагын оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлагаас суралцаж, багаар ажилласнаар ажлын үр дүн ч сайжирна. Үүнээс гадна их, дээд сургуулиудын удирдах албан тушаалтны хандлага, чадавхи ч бэхжих ажээ.