Нарны хорооллын эцэг, эхчүүд тулган шаардах бичиг гардууллаа
Хичээлийн шинэ жилийн эхлэх байгаа энэ үед чамгүй олон асуудал тулгарч байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны зүгээс тулгарч буй асуудлуудыг шийдэх бодлого, шийдвэр гаргасаар байгаа билээ. Олны анхаарлын төвд байгаа нэг томоохон асуудал бол “Хурд групп”-ийн барьсан нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль болоод байгаа юм. Уг сургуулийг барьж байгуулсан аж ахуйн нэгжийн зүгээс улсад хүлээлгэн өгөх үнэ өртгөөс үүдэлтэй маргаан үргэлжилсэн хэвээр.
Өнөөдөр “Нарны хороолол”-д сүндэрлэсэн шинэ сургуулийн асуудлаар тус хорооллын оршин суугчдын төлөөлөл Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдтай уулзаж, хоёр мянган иргэний гарын үсэгтэй, есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлж, хүүхэд багачуудын сурах эрхийг хангах тухай тулган шаардах бичиг гардууллаа.
Эцэг, эхийн төлөөлөл буюу оршин суугчлын зүгээс “Манай хороололд баригдсан сургууль нь чанар стандартын хувьд улсдаа тэргүүлэх хэмжээний, хүүхдийн сурах орчныг бүрдүүлсэн. Гэтэл өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэр гарахгүй явна. Барилга байгууламжийн хувьд улсын хэмжээний сургуулиудаас өндөр дээд зэрэглэлтэй байгаа. Магадгүй улс хүлээн авчихвал тодорхой стандарттай, боловсролын өндөр чанарт хүрэх сургалттай сургууль болгох ч боломжтой юм билээ. Бидний зүгээс үр хүүхдийнхээ боловсролд анхаарсандаа тус сургуулийн асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэсэн тулган шаардах бичгийг танд хүргүүлж байна. Цаашид ямар нэгэнсаадгүйгээр хичээллэх боломж бүрдүүлэх нь чухал” гэж хэлэв.
Салбарын сайд Ц.Цогзолмаа “БСШУЯ энэ асуудлыг шийдэхийн төлөө шаргуу ажиллаж байгаа. “Хурд групп”-ийнхэнтэй ч ярилцаж, анхны үнэ ханшийг нь бууруулахаар ярилцсан. Одоогийн байдлаар 17,8 тэрбум төгрөг болгосон ч үүнээс илүү бууруулах шаардлага үүссэн. Өнөөдөр аж ахуйн нэгжийнхэнтэй дахин уулзаж, ямар боломж байгаа талаар ярилцана. Мөн та бүхний тулган шаардах бичиг, хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нааштайгаар шийдүүлэх болно” гэдгээ илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар шинэхэн цогцолбор сургууль нь 1300 орчим хүүхэд бүртгээд байгаа аж. Харин цэцэрлэгийн хувьд бүртгэл эхлээгүй бөгөөд хүлээн авсны дараа хамрах тойргийн бяцхан хүүхдүүдийг саадгүйгээр элсүүлэн авах боломжтой юм байна.