Ц.Цогзолмаа: Боловсролын салбар хичээлийн шинэ жилд бэлэн
2018.08.28

Ц.Цогзолмаа: Боловсролын салбар хичээлийн шинэ жилд бэлэн

Бүх шатны боловсролын байгууллагад “Суралцагч бүрийн сурлагын чанарыг сайжруулах” жил болгох зорилго тавьсан БСШУСЯ-ны газрын дарга нар салбарын сайдын хамт өчигдөр өргөтгөсөн хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Ц.Цогзолмаа сайд ирэх хичээлийн шинэ жилд ямар зорилгын дор ажиллах талаараа мэдээлэл өгсөн бөгөөд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм.

260 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулна 

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 /үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг/, хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангажээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс төрийн өмчийн цэцэрлэг 25, хувийн хэвшлийн цэцэрлэг наймаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинэ ашиглалтад орсон цэцэрлэгүүдэд 3185 ор шинээр бий болох бөгөөд урьдчилсан мэдээгээр 260 мянган  хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ажээ.  Харин  хотын захын дүүргийн гэр хорооллын өрх болон хөдөө орон нутгийн өрхийн хүүхдүүд хамрагддаг Хүүхэд харах үйлчилгээнд 6.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах Баянзүрх дүүргийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын асуудал тендерийн хуулийн дагуу шийдэгдсэн байна.  

38 сургууль гурван ээлжээр хичээллэхээр болжээ 

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 814 /төрийн 660, хувийн 154/ сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана.

Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах аж. Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333.8 мянга нь хөдөөд 44.1 хувь буюу 263.4 мянга нь нийслэлийн сургуульд суралцах нь өнгөрсөн жилтэй харьцуулахад сургууль 16-аар суралцах хүүхдийн тоо 24.4 мянгаар нэмэгдэж байна. 2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль гурван  ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Мөн олны анхаарлыг татаж буй “Нарны хороолол”-ын 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажлыг төр худалдан авах ажил гүйцэтгэгч компанийн хүсэлтээр үнэлгээний дүнд санал нэгдэхгүй байгаагаас шалтгаалан зогссон байгаа аж.

Барилгын компаниас 21.2 тэрбум төгрөгийн үнэлгээ тогтоосныг 17.8 тэрбум болгож бууруулж чадсан боловч Засгийн газраас үнэлгээг дахин буулгах чиглэл өгсөн байна. “Нарны хороолол”-ын сургууль,  цэцэрлэгийн асуудлыг  ирэх лхагва гарагт хоёр талын хамтарсан хурлаар шийдэх бөгөөд, түүний дараа хүүхэд авах эсэхээ мэдээлэх аж. 

97 нэрийн 1.6 сая сурах бичгийг нийлүүлжээ 

Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23, казах хэл, уран зохиолын ес, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байна.

Хичээлийн жилд бага ангийн сурагчдын сурах бичгийг  100, дунд,  ахлах ангийн хүүхдүүдийнхийг   40 хувь  хангана.  Төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Хичээлийн жилд 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар нийлүүлэх бөгөөд таван тэрбум гаруй төгрөгийг арав гаруй компани гүйцэтгэж байгааг мэдэгдэв.  

Сурагчийн дүрэмт хувцсанд нэгдсэн стандарт байдаггүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2013 оноос хойш дүрэмт хувцсаар жигдэрсэн. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60-127 мянган төгрөгийн үнэтэй байна. Сурагчийн дүрэмт хувцсанд нэгдсэн стандарт байдаггүй бөгөөд уг асуудлыг ХХААХҮЯ хариуцах ёстой хэмээн Ц.Цогзолмаа сайд мэдэгдсэн юм.

Бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалинг 12.3 хувиар нэмнэ 

Салбарын албан хаагчдын нийт цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 698.8 тэрбум төгрөг бөгөөд цалинг нэмэгдүүлснээр 724.1 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Тухайлбал,  бага ангийн болон цэцэрлэгийн багш, соёл урлагийн багш салбарын ажилтныг албан тушаалын зэрэглэл ахиулах. Ахиулсан дүнгээс 2018 оны есдүгээр сарын 01-ээс найман хувиар нэмэгдүүлэх юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Албан хаагчдын албан тушаалын зэрэглэлийг нэг шатлалаар ахиулахад үндсэн цалин  12.3 хувиар нэмэгдэж, бага ангийн болон  цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 618 мянган төгрөг болж өснө. Цалин нэмэхийн өмнө  багш нар 550.4 мянган төгрөг авдаг  байсан бол  нэмэгдүүлсний дараа 618 мянгыг авна гэсэн үг.  Цалин нэмэх асуудал нь энэ онд эцэслэн шийдэгдэж байгаа юм биш. 2019, 2020 онд шат дараатайгаар дахин нэмэгдүүлэхээ Засгийн газар амласан.  Багш нар маань сэхээтнүүд. Зуны гурван сар сургуульдаа явна гэж хүлээсэн хүүхдүүдийн баярын сэтгэлийг унтраалгүйгээр ажил хаялтад оролцохгүй байж,  хичээл эхлүүлээсэй гэж хүч уриалж байна. Энэ бол нийт Монголын ард түмний хүүхдүүдийн эрх ашиг юм” хэмээн ярилаа.   

Их, дээд сургуулийн төлбөр 10-15 хувиар өсчээ 

2018 оны хичээлийн шинэ жилд 30 мянга  гаруй суралцагч их,  дээд сургуульд элсэн суралцах урьдчилсан судалгаа гарчээ.

Энэ жилд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төлбөрийн хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад, дунджаар 10-15 хувь өссөн байна. Төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрөө тухайн сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн нэмдэг аж. БСШУС-ын сайдын мэдэгдэж байгаар төлбөр нэмэх асуудалд салбар яамны сайдын зүгээс хөндлөнгөөс хориг тавих эрх мэдэл байхгүй. Харин сургуулийн захиргаанд сургалтын чанар, оюутны хөгжил, сурах орчин нөхцөлийг сайжруулж ажиллахыг анхааруулсан тухай мэдэгдлээ.

Сургуулийн төлбөрийн нэмэгдлийг авч үзвэл,   ШУТИС-ийн нэг кредит цаг 62 мянгаас 71.200 төгрөг болж  нэмэгдсэн байна. Харин   МУИС төлбөрөө  хичээлийн төрлөөс хамааран харьцангуй өөр нэмжээ. Тус сургуулийн нэг кредит цагийн  төлбөр 99-115 мянган төгрөг байна гэсэн мэдээлэл өгөв. Их,  дээд сургуулийн оюутны дотуур байрны хүртээмжийн талаар тодруулахад,  дээд сургуулийн дотуур байрны үнэ 450 мянгаас 1.1 сая  төгрөг хүртэлх хооронд  байна. Өнгөрсөн жил 14700 орчим оюутан дотуур байранд амьдарсан. Шинээр 155 мянган оюутан элсэн суралцаж байгаагаас хорь хүрэхгүй хувь нь л сургуулийн дотуур байранд хамрагдана. Үлдсэн хувь гадуур нийтийн байр түрээслэх, ах дүү хамаатныдаа амьдрах судалгаатай байгааг онцлов.

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ