30 жилийн дараа ОХУ-д тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нар бэлтгэгдэж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, тэднийг нийгэмшүүлэх ажил эрхлэх мэргэшсэн багш нарын тоо тийм ч хангалттай биш. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ.
Тэгвэл Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх ажил дахин эхэллээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, зааж сургах арван багшийг ОХУ-д бэлтгэхээр болов.
Багшийн мэргэжлээр сурах гэж байгаа шинэхэн оюутнууд нь тусгай дунд сургуулийн залуухан багш нар бөгөөд энэ мэргэжилдээ дуртай, нийгмээс тусгаарлагдмал байдаг тэр хэсэгт өөрийн чадах бүхнээр туслах хүсэлтэй, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой явдгаа салбарын сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн юм.
Өнөөдрийн байдлаар тусгай сургуулиудад мэргэшсэн багш байдаггүйгээс засч болох, нийгэмшүүлэх ажил төгс хийгдэж чадахгүй байгааг онцолсон.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
“Хүний хамгийн хүчтэй зэвсэг бол эрдэм мэдлэг. Мөн нийгмийн үнэт зүйл нь ядарч зовсон нэгэндээ туслах, эмзэг гэгдэх тэр хэсэгт гар сунгах гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх нь тийм амар ажил биш. Энэхүү том ажилд өөрийн бие сэтгэлээ зориулж байгаа та бүхнийг мэргэжилтэй, мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хүний нутагт эх орныхоо нэрийг бодож, амжилттай сайн сураарай” гэж захилаа.
ОХУ-д суралцах арван оюутны дөрвөн жилийн зардлыг төр 100 хувь дааж байгаа аж. Мэргэжлийн багш бэлтгэх уг ажил нь нийгмийн захиалга байсан бөгөөд салбарын сайд зоригтой шийдэл гаргасан нь биеллээ олж, хэрэгжихээр болсон байна.
Ийнхүү 30 жил тасарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш бэлтгэх буухиаг үргэлжлүүлэх арван оюутан ирэх даваа гарагт ОХУ-ыг зорихоор боллоо.