Ц.Цогзолмаа: Манайд хүүхдээ БҮРТГҮҮЛЭЭЧ гэж ГУЙХ түвшинд хүртэл СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН тоог нэмэгдүүлнэ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өргөтгөсөн хэвлэлийн хурлыг өчигдөр хийлээ. 2018-2019 оны хичээлийн жил нь хүүхдийн сурах орчинг бүх талаар бүрдүүлсэн, хүүхдийг төлөвшүүлж хүмүүжүүлж иргэншүүлэх суурь үндэс хөгжлийн төв байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил болж буйг энэхүү хэвлэлийн хурлын үеэр онцлов. Энэ үеэр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай боловсролын салбарыг тойрсон асуудлаар ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор бэлтгэл ажлуудын талаар танилцуулахгүй юу?
-Бид хичээлийн шинэ жилийн өмнө яам, дүүргийн удирдлага, ажилтнуудыг дүүргүүд дээр сольж ажиллуулан сургууль, цэцэрлэгийн байр саваас эхлээд аюулгүй, эрүүл ахуйн орчин бүрдүүлэхэд бэлэн эсэх дээр хяналт тавьж шалгалт хийлээ. Мөн тодорхой хугацааны үүрэг даалгавар ч өглөө. Өнгөрсөн хавар хичээл хаагдах үеэр хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь эрсэдсэнтэй холбоотойгоор тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэхэд сургалтын орчинг эрүүл, аюулгүй байх нөхцөл байдлыг хангана. Энэ хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан Улсын зөвлөгөөнийг хоёр удаа хийж боловсролын асуудлаа ярилцлаа. Засгийн газраас багш нарын цалинг тодорхой хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хүнд нөхцөлд ажиллаж буй бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-15 хувиар нэмж, цаашид 2019-2020 онд шат дараалан бүрэн нэмэх шийдвэрийг гаргаад байна. Цалин нэмэх талаар тавьж буй багш нарын эхний шаардлагыг биелүүлсэн. Энэ жил нийт 1435 цэцэрлэг, 814 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн цэцэрлэг наймаар, сургуулийн тоо 16-гаар нэмэгдэж байна. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо өссөөр л байдаг. Жишээ нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад Ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо 2.4 мянгаар, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 8.2 мянгаар тус тус нэмэгдсэн гэсэн дүн гарсан.
-Гурван ээлжээр хичээллэх асуудал сүүлийн үед их шүүмжлэл дагуулах болсон. Энэ байдал хэзээ арилах вэ? Засгийн газраас хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн гэсэн...
-Иргэдийн шүүмжлэл бий. Гэхдээ бид зөв мэдээлэлтэй байх ёстой. Энэ есдүгээр сарын 1-нд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг шинээр нээгдэж байна. Гурван ээлжээр хичээллэж буй 27 сургуулийн өргөтгөлийн ажилд энэ жил 800 сая төгрөгийн төсөв батлагдсан.
Он дамжаад тендер, сонгон шалгаруулалтын ажил явагдана. Хавар хичээл тарахад Хотын боловсролын газрын даргад хаана ямар цэцэрлэг, сургууль нураагдсан, дотор нь хичээллэж байсан хүүхдүүдийг энэ хичээлийн жилд аль сургууль, цэцэрлэгт тараан байршуулж сургах гэж байгаа төлөвлөгөөгөө гаргаж өгөх үүрэг өгсөн. Боловсролын яаманд шийдэгдэхгүй, он дамжиж явагдах хоёр ажил байна. Нэгдүгээрт, Б.Жавхлан гишүүний тойрогтоо хүлээж авах гэж буй шинэ сургуулийг бид хууль зөрчин авах боломжгүй. Учир нь 960 хүүхдийн сургууль гэж хөрөнгөө авсан ч 660 хүүхдийн сургууль барьсан. Тиймээс бид хуулийн энэхүү зөрчилтэй сургуулийг хүлээж авах боломжгүй байгаа юм. Хоёрдугаарт, газрын маргаантай холбоотой 15 сургуулийн асуудлыг шийдэхгүй, хугацаа алдаж байна. Гэхдээ Хотын Засаг даргатай ойлголцож, өдөр бүр шаардлага тавьж ажилласны үр дүнд газрын маргаантай 14 сургуулийн асуудлыг шийдэж чадсан.
-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэнээс болж оюутнууд гудманд жагсаж байна. Жагсаалтай холбоотойгоор их сургуулийн багш оюутнуудтай бүдүүлэг харилцсан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Энэ асуудалд яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Монгол Улсын их сургуулийн оюутнууд төлбөрийн асуудлаар жагсаал зохион байгуулсан. Жагсаалтай холбоотой хэд хэдэн асуудал нийгэмд үүсээд байна. Оюутнуудын жагсаалыг эсэргүүцэж, буруу үйлдэл, бүдүүлэг зан гаргасан МУИС-ийн Мөнхбат гэх багшид ёс зүйн хариуцлага тооцох үүргийг сайдын хувиар тус сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмж, бууруулах нь сайдын эрхлэх асуудалд байдаггүй. Хуулиараа тухайн сургуулийн ТУЗ нь шийддэг. Жил болгон сургалтын төлбөр нэмсэн эсэхтэй холбоотой ямар нэгэн асуудал гардаг. Тиймээс их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн. Үүнд тухайн сургуулийн ТУЗ-ийн гишүүд сургалтын төлбөрийг нэмэхээс өмнө эхлээд оюутнуудын төлөөлөл, эцэг, эхчүүдтэй уулзаж, харилцан ойлголцсоны үндсэн дээр төлбөр нэмэх эсэх асуудлыг шийдэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсэн.
-Авлигатай тэмцэх газарт МУИС-ийн багш шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн улсын их, дээд сургуулиудын төлбөрөө нэмж буйд яамны зүгээс хяналт тавих, эсвэл шууд арга хэмжээ авч болдоггүй юм уу?
-Дээд боловсрол дээр яамны зүгээс ямар хяналттай, зорилготой ажиллах вэ гэдэг их чухал. Иргэдийн зүгээс бидэнд ганцхан шаардлага тавьдаг. Тэр нь дээд сургуулиудын чанарыг сайжруулах, тоог цөөлөх асуудал. Энэ хүрээнд манай яам их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн чанарыг сайжруулах тал дээр өндөр шаардлага тавьж ажиллаж байна. Үүний цаана хувийн дээд сургуулиудын төлөөлөл “Олон жил үйл ажиллагаа явуулсан сургуулийг Ш.Цогзолмаа ирээд хаачихгүй” гэж сөрж дуугардаг. Миний хувьд боловсролын чанартай сургалт явуулах шаардлагыг хатуу тавьдаг. Энэ хүрээнд зарим сургуулиудыг хаасан, заримыг нь нэгтгэсэн.
-Таныг зарим төрийн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээ хийсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, босч мэндэлсэнгүй гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дөрвөн хүнийг ажлаас халсан гэх мэдээлэл сүүлийн үед маш их яригдаж байгаа. Ер нь сайдын албыг авснаасаа хойш хичнээн хүнийг ажлаас нь чөлөөлсөн бэ?
-Маш их ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсаан. Хатуу хэлье, миний бие Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дотоод ажилд нь орж, хэн нэгнийг халах, солих асуудлыг тавиагүй. Ганцхан зарчмын шаардлага тавьж байгаа. Дээрх байгуулга бол манай яамны амин сүнс болсон газар. Сайн багшаас сайн сурагч төрнө. Багш болгоны мэргэжлийг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр л бодлого гаргаж ажиллаарай гэдэг шаардлагыг тавьсан. Тавьсаар ч байх болно. Өнөөдрийн байдлаар миний тушаалаар халагдсан, томилогдсон нэг ч захирал байхгүй. Тэгээд ч өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар Боловсролын сайдад Ерөнхий боловсролын сургуулиудын захирлыг халж, солих эрх байдаггүй. Хотын дарга томилж, чөлөөлдөг эрх зүйн орчинтой. Харин яамны харьяа лаборатори сургуулиуд, тусгай хэрэгцээт сургуулиудын удирдах албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөх эрх мэдэл бий. Энэ дагуу тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн захирал Батсайханы асуудлаар шүүхдээд явж байна. Хуулиараа надад сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг чөлөөлдөг, томилдог эрх байхгүй учраас үүнийг ялгаж салгах хэрэгтэй гэдгийг дахин давтан хэлье.
Ер нь би халаа сэлгээнээс илүүтэйгээр өөрт оногдсон ажлаа сайн хийх шаардлагыг салбарынхандаа тавьсаар ирлээ. Төрийн ажил ч бай, хувийн бизнес ч бай ялгаагүй нэг л зарчмаар явах ёстой. Хэн чадвартай нь, хэн зүтгэлтэй, сэтгэлтэй нь ажиллах. Хийж чадахгүй бол, чадваргүй бол халагдана, солигдоно. Сэлгээ хийгдэнэ. Энэ бол зарчим юм. Үүнийг шууд улс төржүүлж, олон нийтийн сэдэв болгож, жагсаал цуглаан хийдэг нь манай нийгмийн өнөөгийн үндсэн дүр төрх болоод байгааг шулуухан хэлчихье. Ийм улс төржсөн дайралтууд, улс төржсөн жагсаал цуглаанаас би айж, шантрахгүй ээ. Боловсролын салбарыг хөгжүүлж, шинэ шатанд гаргах зорилгынхоо төлөө хуулийн хүрээнд зарчмаа барьж ажилласаар байх болно.
Шударга шүүмжлэл, шударга шаардлагыг би хүлээж авнаа. Харин улс төржсөн аливаа үйлдэл, улс төржсөн жагсаал цуглааныг бол авч хэлэлцэхгүй гэдгээ хатуухан хэлье. Янз бүрийн төрийн бус байгууллага шаардлага тавих юм. Тухайлбал, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо гэж байгууллага дотроо хэд хэд хуваагдчихсан улстөржөөд явж байх жишээний. Тэдний тавьж буй шаардлага, шахалт багш нарын төлөө бол хамтарч ажиллахад бэлэн байгаагаа удаа дараа хэлж байсан. Гэвч улстөржүүлж, ямар ч хамаагүй зүйлийг Цогзолмаа дээр нааж болно гэж байгаа бол энэ салбарыг хариуцаж яваа хүнийхээ хувьд бодлого гэж юу юм гэдгийг би хатуу ярих болно. Халаа сэлгээ, хөдөлгөөнийг ямар нэгэн шаардлага, шалтгаан байгаа учраас хийдэг. Нэг хүний асуудал мэт харагдах боловч нийтийн эрх ашгийн төлөө сайжруулах зорилгоор энэ асуудлыг авч үздэг.
-Тэгэхээр зарим асуудалд сайдын эрх мэдлийн хэм хэмжээ хүрдэггүй гэж ойлгож болох уу?
-Хуулийн зохицуулалт байхгүй учраас сайдын эрх мэдлийн хэм хэмжээ хязгаарлагдмал.
Саяхан манай салбарыг хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга албан ёсоор ажилдаа орлоо. Өнгөрсөн есөн сар би хагас эрх зүйн чадамжтай түвшинд л ажиллаж ирлээ. Цаашид хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлээд явах боломж нээгдэж байна.
-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирлыг халсан, оронд нь өөрийнхөө хүнийг томиллоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар тус сургуулийн зарим төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлж байна. Уг асуудлаар тодруулахгүй юу?
-Би энэ асуултад дуртайяа хариулъя. Батбаатар гэх мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шигээр өнөөдөр нийгэмд ярьж байна. Зарим хэвлэлд төлбөр төлөөд өөрийгөө хамгаалуулдаг үйлдэл өнөө цагт хэрээс хэтэрчээ. Гэвч нийт хэвлэл тийм биш гэдэгт би итгэж байна. Батбаатар захиралтай холбоотой нэг л жишээ ярья. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Япон Монголын хамтарсан эмнэлгийн төслийн төлөөлөгчид ирж уулзсан. Тэд үгээ барж байна. Хоёр сарын хугацаанд уг эмнэлэг, сургуулийн барилгын ажлыг ашиглалтад оруулах гэж байна. Ингээд Японоос сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирнэ. Үүн дээр ажиллах боловсон хүчинг бэлтгэх үүргийг Батбаатар захиралд аль эрт өгсөн. Хугацаа ч өгсөн. Гэтэл өнөөдөр тэдгээр суралцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байна. Батбаатар захирал энэ төслийн хүрээнд олон хүнийг сургаж байгаа гэдэг. Гэвч суралцсан хүмүүс нь өнөөдөр энэ эмнэлэг дээрээ ажиллахгүй гэж байна. Шуудхан хэлэхэд Батбаатар захирал өөрийн таньдаг, мэддэг хүмүүсээ гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулсан байгаа юм. Үүнийг Батбаатар захирлын хариуцлага гэх үү. Ажлаа хийж чадаагүй, тендер сонгон явуулаагүй, графикаар ажлаа хийгээгүй. Тэр бүү хэл банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдсэн зөрчил байна. Ийм хүнтэй хариуцлага тооцохгүй гээд яах юм. Товчхондоо шаардлагатай учраас АШУҮИС-ийн захирлын ажлыг сайн хийж чадах хүнд албыг нь шилжүүлсэн. Ж.Цолмон захирлаас үр дүн гарна гэдэгт итгэж байгаа. Эрүүл мэндийн сайдын дэд сайдаар ажиллаж байсан, туршлагатай, салбараа мэддэг, бодлогын шаардлага тавиад ажиллах чадвартай хүн гэж харж байгаа.
-Жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн асуудал яригддаг. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр англи хэлний сурах бичигт ёс зүйгүй үг, өгүүлбэр, зурагтайгаа гарсан. Энэ нь эцэг, эхчүүдийн бухимдлыг төрүүлж байна. Үнэхээр ийм сурах бичиг байна уу?
-Би харсан. Англи хэлний сурах бичиг гээд маш ёс зүйгүй номын зураг нийгмийн сүлжээгээр нэлээд их явж байна. Энэ бол манай яамнаас гаргасан, манай ерөнхий боловсролын сургуульд үздэг сурах бичиг биш. Боловсролын системд ч байдаггүй сурах бичиг. Энэ бол боловсролын салбарыг хэн нэгэн санаатайгаар харлуулах гэсэн үйлдэл. Тэр ном магадгүй гадуур худалдаанд байдаг албан бус олон ном, сурах бичгүүдийн нэг. Ер нь эцэг, эхчүүд худалдаанаас сурах бичиг авч хүүхдийнхээ сургалтад нэмэлт болгох гэж байгаа бол тухайн ном, сурах бичиг доторхыг харж, уншиж, шалгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг. Миний хувьд ажлаа авснаас хойш нэг ч шинэ сурах бичиг гараагүй. Харин хуучин сурах бичгүүдийг чанаржуулах ажлууд ид хийгдэж байна. Энэ жилийн тухайд ганцхан сурах бичиг нэмэгдсэн. Тэр нь эрүүл мэндийн хичээлийн хүрээнд сурагчид үзэх ёстой Эрүүл мэндийн сурах бичиг.
Би сайд болсноор сайдын нэрэмжит ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, ямар нэг туршилт хийхгүй гэдгээ ажлаа авахдаа л хэлсэн. Энэ зарчмаа барьж ажиллах болно.
-Зарим Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдээ оруулахын тулд тогтсон ханшаар мөнгө өгдөг гэдэг зүйл олон нийтийн сүлжээгээр явж байна. Ингэж мөнгө өгч хүүхдээ гайгүй гэсэн сургуульд оруулдаг зүйлийг хэрхэн өөрчлөх вэ?
-Мөнгө, авлига авч хүүхдийг хүлээж авдаг сургууль, цэцэрлэг байгаа бол баримттайгаа манай яаманд хандахыг уриалъя. Би багш нарыгаа авлига авдаг гэж бодохгүй байна. Үнэхээр ийм үйлдэл гаргадаг төрийн албан хаагч байвал шууд хариуцлага тооцоход бэлэн. Ингэж байж бид багш нарынхаа, салбарынхаа нэр хүндийг цэвэрлэнэ. Эрэлт өндөр байгаа зовлонгоос бид ирэх жилээс салж эхэлнэ. Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд явдаг болно. Ямар ч арын хаалга гэх зүйл алга болно. Манай сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл хүүхдүүдийнхээ тоогоор цэцэрлэг, сургуулийн суудалтай болно гэж бид зорьж байна. Энэ бол манай Засгийн газрын чухал зорилтуудын нэг.
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жил есдүгээр сарын 1 бямба гаригт тохиож байгаа. Энэ өглөө усархаг, аадар бороотой гэсэн мэдээллийг цаг уурын албанаас авсан. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг үдээс хойш буюу 13 цагаас хойш сургуулиуд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хийж болно гэсэн чиглэл хүргүүлээд байна. Есдүгээр сарын 1-ний өглөө хичээл орохгүй, Эрдмийн баяр болно. Харин ирэх даваа гаригаас буюу есдүгээр сарын 3-нд хичээл албан ёсоор цагийн хуваарийн дагуу орно. Харин замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зарим их, дээд сургуулийн нээлтийг цагийн өмнө, эсвэл хойно хийх асуудлаар холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна. Шийдвэр гарахаар сургуулиудад мэдэгдэх болно.
-Их, дээд сургуулийн нэршилтэй холбоотой асуудал олон нийтийг төөрөгдүүлж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Тухайлбал, Үндэсний их сургууль чинь Монгол Улсын их сургууль биш юм уу гэдэг асуудлыг иргэд, тэр дундаа орон нутгийн иргэдийн зүгээс их асуух болсон. Нэршилтэй холбоотой асуудлыг яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Үндэсний их сургууль гэдэг нь тухайн улсын боловсролын брэнд болсон сургуулийн нэр шүү дээ. Миний бие ажил авсан цагаасаа хойш их, дээд сургуулийн нэршилтэй холбоотой асуудлыг анхаарч, ажиллаж байгаа. Монгол Улсын их сургууль гэх нэрийг тэнд Үндэсний их сургууль гэдгээр нь ашиглаад явж байгаа Мөнхбат гэж захирал бий. Тус сургуулийн удирдлагуудад бид удаа дараа асуудал тавьсан. Шүүхэд хүртэл хандсан.
Гэвч шүүхээс тус сургуулийг уг нэршлээр нь явахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш ээ гэсэн шийдвэр гаргасан. Ингээд шүүхийн өмнө Боловсролын яам хүчин мөхөсдсөн. Товчхондоо дээрх сургуультай маргалдах газар бидэнд үлдээгүй. Харин бид Үндэсний гэх нэрэндээ хүрсэн сургалтын систем, боловсролын чанарыг уг сургуулиас хатуу шаардаж ажиллах болно.