Тусгай хэрэгцээт мэргэжлийн багш бэлтгэх галт тэрэг 30 жилийн дараа дахин хөдөллөө
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс гадуурхагдсан, зорилтод бүлгийн хүүхдүүдийг сургах, нийгэмшүүлэх ажил эрхэлдэг мэргэшсэн багш нарын тоо тийм ч хангалттай биш. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Өнөөдрийн байдлаар гарын таван хуруунд ч хүрэхээргүй мэргэжилтэй, мэргэшсэн багш нар ажиллаж байгаа. Ардчилал зах зээлийн замд шилжсэн цагаас энэхүү ажил зогссон төдийгүй ганц ч мэргэжлийн багш бэлтгээгүй.
Харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар 2018 онд МУБИС дээр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг байгуулж, 96 оюутан суралцуулж байгаа юм. Салбарын сайд асуудлыг дан ганц үүгээр шийдээд зогсоогүй бөгөөд 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх галт тэргийг дахин хөдөлгөлөө.
Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийг ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэхээр болсон юм. Суралцахаар сонгогдсон оюутнуудын суралцах зардлыг төр 100 хувь дааж, сургуулиа төгсөөд тусгай сургуульд багшлах албан ёсны гэрээ байгуулжээ. Ийнхүү 30 жил тасарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш бэлтгэх буухиаг үргэлжлүүлэх арван оюутан даваа гарагт ОХУ-ыг зорилоо. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт хүний хүү эрдэм сурахаар мордлоо” гэх тэр нэгэн үг орж ирсэн. Тэртээ он жилүүдээс хойш мартагдах шахсан тусгай сургуулийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх эхний алхам ийн тавигдлаа. Ирэх он жилүүдэд боловсон хүчнээ зузаатгах асуудалд ч анхаарна гэдгийг салбарын яамнаас дуулгасан.
Мэргэжлийн багш бэлтгэх уг ажил нь нийгмийн захиалга байсан бөгөөд салбарын сайдын зоригтой шийдэлгүйгээр тийм ч амархан биелэхгүй байсан гэдгийг суралцахаар явж буй оюутнууд онцлон хэлж байсан юм. Мөн доголдол үүсч, чамгүй удаан хугацаанд саатсан галт тэргийг дахин ажиллагаанд оруулсанд талархал илэрхийлэн амжилттай сайн сурч, эх орондоо эргэн ирэхээ амласан юм.
Тусгай боловсролын багш нарыг бэлтгэж эхэлсэн түүхийг эргэн санавал
Монголын тусгай боловсролын тэр дундаа дефектологич буюу согог зүйч мэргэжлийн багш нарыг 1960-аад оны дунд үеэс зөвхөн гадаадад тэр дундаа Унгар, ОХУ-д бодлого, системтэйгээр бэлтгэж байсан билээ. Тодруулбал, анхны согог зүйч мэргэжлийн багшаар Ш.Мижид-Очир, Д.Батхүү, 1967 онд Унгар улсад, 1968 онд Оросын холбооны улсад М.Балдорж, Ц.Лантуу нар төгссөн юм.
Өнгөрсөн хугацаанд буюу 1967-1995 он хүртэл Унгарын Будапештын Эмнэлэг Сурганы Дээд сургууль, мөн хуучнаар Оросын Ленинград, Москва, Эрхүүгийн Багшийн Дээд сургуулиудад хараа, сонсгол, хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр олигофренопедагог, сурдопедагог, логопед, тифлопедагог мэргэшлээр 100 гаруй багш бэлтгэж хот хөдөөгийн тусгай сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багш боловсон хүчнээр хангаж ирсэн түүхтэй. Гадаадад бэлтгэсэн тусгай сургуульд ажиллаж байсан согог зүйч мэргэжлийн багш нарын мэргэжил мэдлэгийг ялангуяа төгссөн сургуульдаа дээшлүүлэх тогтолцоо бүрдэж чадаагүй, энэ талын ажил орхигдож ирсэн юм.
ОХУ-д бэтлгэгдсэн согог зүйч мэргэжлийн багш нарын дийлэнх хувийг Эрхүүгийн Багшийн Дээд сургуулийг төгсөгчид эзэлдэг бөгөөд голчлон Улаанбаатар хотын оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70-р тусгай сургуульд хэл засалч, согог зүйч мэргэжлийн багшаар ажилладаг байсан. Өнөөдрийн байдлаар цөөн тооны ахмад багш мэргэжлээрээ ажиллаж байна.
Ардчилсан нийгэмд шилжих буюу 1990 оны зах зээлд шилжих үйл явц, эдийн засгийн хямралтай холбоотойгоор согог зүйч мэргэжлийн багшийг төрийн зүгээс бодлогоор гадаадад бэлтгэх ажил үндсэндээ зогссон. Үүний улмаас тусгай сургууль, цэцэрлэг, тусгай боловсролын бүх шатны байгууллагууд мэргэжилтний хомсдолд ороод байгаа. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд хараа, сонсгол, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудад цөөн тооны “Согог зүйч” мэргэжлийн 43-60 насны 10 гаруйхан багш ажиллаж байна.
Багш бэлтгэх их дээд сургууль байдаг ч мөн адил согог зүйч мэргэжилтэн багшийн хомсдолд орсон. Монгол Улсын Багшийн их сургуульд 1980-аад онд ЗХУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн хоёрхон үндсэн багш ажиллаж байна. 1963 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 481 дүгээр тогтоолоор УБ хотын нэгдүгээр дунд сургууль дээр хичээллэж байсан хараагүй хүүхэд, багшийн сургууль дээр хичээллэж байсан хэлгүй, дүлий хүүхдийн ангийг нэгтгэн өргөтгөж 1964-1965 оны хичээлийн жилд дотуур байртай тусгай сургууль байгуулснаар тусгай сургуулийн багшийг бэлдэх ажил эхэлсэн юм. “Мэргэжилтэн дагалдуулж ажиллуулах тухай” БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын тушаал 1965 онд гарснаар 29 дүгээр тусгай сургуульд Болгар улсаас мэргэжилтэн С.А.Яльмов, А.Н.Тютюнжиева нарыг урьснаар дөрвөн багшийг дагалдуулан ажиллуулж, боловсон хүчин бэлтгэж байжээ. Үүнээс гадна дээрх хоёр мэргэжилтэнг дагалдуулан сургах хараагүй ба дүлий хүүхдийн багш бэлтгэх зорилгоор тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй дугуйлан байгуулсан ажээ. Тодруулбал, нийслэлийн багш нар дотроос сайн багш нарыг мэргэжил бүрээс элсүүлэн авч 1964-1965 оны хичээлийн жилээс нэг жил хагасын хугацаанд бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Харин 1967 онд Д.Батхүү Унгар улсын Будапешт хотод, 1968 онд Ц.Лантуу ЗХУ-ын Ленинград хотод, 1967 онд Чурова.С.Е ЗХУ-ын Эрхүү хотод тус тус мэргэшин ирж анхны согог зүйч багшаар ажиллаж эхэлсэн түүхтэй юм байна.
Улмаар 1977-1989 онуудад ЗХУ-ын Ленинград, Эрхүү, Унгар улсын Будапешт хотод согог зүйч мэргэжлээр нийт 23 багш төгсөн ирж тус сургуульд ажиллажээ. Дээрх тооны багш нараас дөрөв нь Унгарт төгссөн бол үлдсэн нь ОХУ-д төгсчээ.
1995 онд ОХУ-ын Санкт-Петрбург хотын Багшийн их сургуулийг гурван багш, 2002, 2004 онд ОХУ-ын Москва хотын Багшийн их сургуулийг хоёр багш согог зүйч мэргэжлээр төгссөн. Гэвч өнөөдөр сурдопедагог буюу сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшийн хэрэгцээ маш их байгаа аж. 2017 оны статистикийн мэдээгээр манай улсад 10964 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хүүхдийн 1,06%-ийг эзэлдэг байна. БСШУС-ын яам урьдчилсан тооцоо гаргахад 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 13000 орчимд хүрэхээр байгаа гэнэ. Иймээс багш бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2014 оноос МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын нэг жилийн хөрвөх ангийг нээн ажиллуулснаар одоогийн байдлаар 93 хүн төгсгөсөн. 2018 оны БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачлагаар МУБИС дээр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг байгуулж өнөөдрийн байдлаар 96 оюутан суралцуулж байгаа юм.
Түүхээс харахад 30-аад жилийн хугацаанд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш бэлтгэгдээгүй учраас одоогийн байдлаар 116 дугаар сургууль тифлопедагог буюу харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш байхгүй байна. Мөн олигофренопедагог буюу оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, логопед- хэл засалч багшийг бэлтгэх ажил нэн шаардлагатай байна. Мөн 2015 онд БНСУ-ын Инчон хотод Боловсролын дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж Инчоны тунхаглал "Боловсрол 2030"-ыг баталсан. Энэ баримт бичигт "Тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах хөтөлбөр"-ийг онцолсон. НҮБ-ийн “ Тогтвортой хөгжлийн зорилт”, Саламанкагийн тунхаглалууд нь "боловсролын үйлчилгээг НЭЭЛТТЭЙ, БҮХ ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ болгох"-ыг эрхэмлэдэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байгаа тэгш хамруулан сургах бодлого юм.
БСШУС-ын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн ЕБС-д үе тэнгийн найз нартай нь сургах боломж /мэргэжлийн багш, сурах орчин, сургалтын хэрэглэгдхүүн/-оор хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
2018-2019 оны хичээлийн жилд БСШУС –ын яам ОХУ-ын Эрхүү хотод 10 оюутанг шаардлагатай байгаа мэргэжлүүдээр бэлтгэхээр явуулж байна.
Тайлбар:
Дефектологич- согог зүйч мэргэжлийн багш
олигофренопедагог,- оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш
сурдопедагог, - сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш -
логопед, - хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш -
тифлопедагог- харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш
одоогийн байдлаар 96 оюутан суралцаж байна.