Ц.Цогзолмаа: Олон нийтийн шүүмжлэлийг АЖЛЫН ДААЛГАВАР гэж хүлээн АВЧ БАЙГАА
2018.08.29

Ц.Цогзолмаа: Олон нийтийн шүүмжлэлийг АЖЛЫН ДААЛГАВАР гэж хүлээн АВЧ БАЙГАА

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хичээлийн шинэ жил удахгүй эхэллээ. Боловсролын салбар энэ жил ямар зорилт тавьж байна вэ?

-Энэ хичээлийн жилийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал суурь жил гэж үзэж байгаа. Боловсролын салбарт шийдвэрлэх асуу­дал их байна. Эдгээр асуудлыг дагаж, иргэдийн санал гомдол салахгүй бай­гааг нуухгүй. Гэхдээ бид­ний хувьд өнгөрсөн хичээлийн жил дуусахаас эхлээд өнөөд­рийг хүртэл амралтгүй ажиллаж байна. Жил бүр боловсролын салбар өмнөх жи­лүүдээсээ ялгарсан зорилго тавьдаг. Энэ жилийн хичээ­лийн жилийг бүх шатны боловсролын бай­гуул­лагад суралцагч бүрийн сурлагын чанарыг сайж­руулах зорилт тавьсан. Энэ бол эцэг, эхчүүд, хэрэглэгч­дийн зүгээс тавьж буй шаардлага гэж харж байгаа.

-Гурван ээлжээр хи­чээллэдэг сургуулиудын өргөтгөлийн барилгын ажил юу болсон бэ. Зас­гийн газраас хөрөн­гийг нь шийдвэр­лэчихсэн шүү дээ?

-Энэ жил орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэгийг ашиглал­тад оруулж байна. Гурван ээлжээр хичээллэж буй 27 сургуулийн өргөтгөлийг өртгийг 500-800 сая төгрөгөөр баталсан.

Өргөтгөлийн барилгыг ирэх оны есдүгээр сарын 1 гэхэд дуусгах учраас тендерийн үйл ажиллагаа явуулсан. Бид хавар хичээл тарах үеэр нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг өгч, хэчнээн сургууль, цэцэрлэг нураах, хэдэн хүүхдийг хаана хуваарилж сургах талаар төлөвлөгөө гаргаж, бэлтгэл хангасан. Тиймээс БСШУСЯ-наас шалтгаалж үлдсэн ажил байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Газрын маргаантай холбоотойгоор 15 сургуулийн асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа алдсан. Гэхдээ хотын даргатай ярилцаж, ойлголцсоны дүнд одоо нэг цэцэрлэг, нэг сургууль газрын маргаантай байна.

-“Нарны хороолол”-ын сургууль, цэцэрлэгийг улсад өндөр өртгөөр худалдаж авах гэж байгаа талаар мэдээлэл гарсан. Хоёр талын зүгээс мөнгөн дүнгийн талаар тохиролцсон зүйл бий юү?

-Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ тухайн сургуулийг худалдан авч, 5000 гаруй хүүхдийн эрх ашгийг хангахыг үүрэг болгосон. Тиймээс хуулийн хүрээнд сургуулийн захирлыг томилж, хүүхдүүдээ авч эхлэхээр бэлтгэл ажил хангаж байна. Одоогийн байдлаар 1200 хүүхэд бүртгүүлсэн. Харамсалтай нь, компанийнхан өнгөрсөн бямба гарагт сургууль, цэцэрлэгийн хаалгыг барьж, хөрөнгийн асууд­лыг шийдвэрлэсний дараа ажиллуулж эхлэх шаардлага тавьсан. Тус компанийнхнаас гаргасан санал нь 21.2 тэрбум төгрөг. Энэ бол хэт өндөр үнэлгээ. Тиймээс ажлын хэсгийнхэн үнэл­гээг нь 17.8 тэрбум төгрөг болгож бууруулсан юм. Харин Засгийн газраас 17.8 тэрбум төгрөгийг өндөр байна гэсэн учир дахин бууруулах талаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Үнэл­гээг манай яам гаргадаггүй. Тиймээс үнэлгээг эцсийн байд­лаар гаргаж, Засгийн газрын хурал­­даанаар оруулах байх. Ингэж чадвал “Нарны хороолол”-ын сургууль хоёр ээлжээр 2000 орчим хүүхэд хүлээн авах боломж­той. Харин 280 хүүхдийн ортой цэцэр­лэгийг ирэх сарын 1-нээс нээнэ.

-Их, дээд сургуулиуд төл­бөрөө нэмснийг эсэргүү­цэж оюутнууд жагсаж байна. Энэ асуудалд яамны зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?

-Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэнтэй холбоотойгоор МУИС-ийн оюутнууд жагссан. Жагсаалтай холбоотойгоор хэд хэдэн асуудал нийгэмд үүслээ. Тухайлбал, оюутнуудын жагсаалын үеэр нэг багш ёс зүйн алдаа гаргасан. Тухайн багшид хариуцлага тооцох үүргийг сургуулийн захиргаанд өгсөн. Сургуулийн захиргаанаас тухайн багшид хариуцлага тооцож байгаа талаар бидэнд мэдээлсэн. Сургалтын төлбөр бол сайдын эрх мэдлийн хүрээнд хамаардаггүй. Сургуулиудын ТУЗ нь багш нарын цалин, сургалтын төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг. Яамны зүгээс иргэдийн орлого бодитой нэмэгдээгүй учир бүх талын зөвшилцлийн үр дүнд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргах чиглэл өгсөн. Гэтэл их, дээд сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаанаа сүүлийн дөрвөн жил нэмэгдээгүй багшийн цалинтай холбож тайлбарлаж байна.

-Төлбөртөө нийцсэн сургалтын чанартай байх нь зүйн хэрэг. Их, дээд сургуулиу­дад сургалтын чанараа сайж­руулах талаар ямар шаардлага тавьж байна вэ?

-Иргэдийн зүгээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, тоог нь цөөлөх шаардлага тавьж байгаа. Яамны зүгээс их, дээд сургуулиудад магадлан итгэмжлэлийнхээ чанарыг сайжруулах шаардлага тавьж байгаа. Хэрвээ магад­лан итгэмжлэхгүй байвал сургуулиудыг хаая гэж байгаа юм. Гэтэл “Олон жил хэвийн үйл ажиллагаа явуулсан сургуулийг та ирээд хаачихгүй” гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байна. Үүний хариуд бид “Магадлан итгэмжлэхээ хийлгэ, сургалтын чанараа сайжруул, оюутны сурах орчинг сайжруул” гэсэн шаардлага тавьж байгаа. Үүний үндсэн дээр цөөнгүй сургуулийг хааж, заримыг нь нэгтгэсэн. Уг шаардлагын дагуу их, дээд сургуулийн тоог цөөлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байвал сургалтын чанараа хэрхэн сайжруулах, багш нар нь ямар арга барилаар ажиллах, төгсөгчдөө ажлын байраар хангаж чадаж байна уу зэрэг үзүүлэлтийг харж, шаардлага тавина.

-Боловсролын салбарт халаа сэлгээ хийсэн гэх үндэслэлээр таныг огцрохыг шаардаж, жагсаал хийж байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо дотроо гурав, дөрөв хуваагдсан юм билээ. Тэдний тавьж буй шаардлага үнэхээр шударга, багш нарын төлөө бол би хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн. Хэрвээ асуудлыг улстөржүүлж, бүх зүйлийг надад наана гэж байгаа бол би хийх ёстой ажлаа хийж байна гэж хэлье. Би энэ салбарыг хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд бодлого ямар байх ёстой түүний дагуу л ажиллаж байна. Миний хувьд Багшийн мэргэжил дээшүүлэх институцийн дотоод ажилд оролцож, хэн нэгнийг халах солих асуудал тавихгүй. Багшийн мэргэжил дээшлүүлэх институц бол манай яамны амин сүнс. Багш нар мэргэшиж, өөрчлөгдөж байж боловсролын салбар өөрчлөгдөнө. Сайн багш сайн сурагч бэлтгэнэ. Багшийн мэргэжлийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг чиглэлээр бодлогын ахиц гаргах шаардлага тавьж байна.

Цалингийн нэмэгдэл зөвхөн багш нарт хамаарахгүй. 11 жил цалингаа нэмүүлж чадаагүй соёл урлагийн салбарынхны цалинг 30 хүртэл хувиар нэмсэн. Биеийн тамир, спортынхны цалинг ч мөн нэмж байгаа. Ямартай ч амласан, зүтгэсэн ажлын үр дүн гарч байгаад би баяртай байна. Тиймээс шударга, ард түмний төлөө чин сэтгэлээр хи­чээн ажилладаг багш нар ажлын байрандаа хүүхдээ хүлээж авахад бэлтгээд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэмцэ­хийг би үгүйсгэхгүй. Гэхдээ зөв шаардлага тавьж, ойлголцож, хамт­даа үр дүнд хүрэхийг би хү­лээн авч ажиллахад бэлэн байна.

-Хүүхэд харах үйлчилгээнд хэчнээн төгрөг зарцуулах вэ. Тоог нь нэмж байгаа юу?

-Хүүхэд харах үйлчилгээнд зориулж 6.5 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгасан. Уг үйлчилгээнд 4500-4700 хүүхэд хамрагдаж байна. Ихэвчлэн нийслэлийн захын хороолол болон орон нутагт хүүхэд харах үйлчилгээг ажиллуулж байгаа. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээ гэхээр хүүхдэд хоол өгөөд л харах маягтай байна. Гэтэл бид тодорхой мөнгө төлж хүүхдээ харуулж байгаа учир цэцэрлэгийн жишгээр хүүхдийг хөгжүүлэх ажил хиймээр байна. Тиймээс энэ асуудлаар мэргэжлийн байгуул­лага дуугарахаас өөр аргагүй.

-Таныг сургуулийн захир­луудыг олноор нь халж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үнэн үү?

-Өнөөдрийн хэрэгжүүлж байгаа хуулиар БСШУС-ын сайд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг халж, солих эрхгүй. Тэднийг хотын дарга томилж, чөлөөлдөг хуультай юм. Яамны харьяанд лаборатори сургуулиуд бий. Эдгээр сургуулийн нэг ч захирлыг чөлөөлөөгүй. Харин тусгай боловсролын 29 дүгээр сургуулийн захиралтай шүүхийн маргаантай байгаа.

-АШУҮИС-ийн захирлыг сольсон асуудал шүүмжлэл дагуулж байна. Тус сургуулийн захирлыг ямар шалтгаанаар сольсон юм бэ?

-Япон-Монголын хамтарсан эмнэлгийн барилгыг хоёр сарын дараа ашиглалтад оруула­хаар ажиллаж байна. Японы өндөр ур чадвартай доктор, профес­­­сорууд эмнэлгийн өндөр хүчин чадалтай тоног төхөө­рөмжүүдийг суурилуулж өгсөн. Тэнд ажиллах ёстой эмч, мэргэжилтнүүдийг хоёр жилийн хугацаанд бэлтгэх эрхийг Г.Батбаатарт өгсөн. Гэтэл өнөөдөр түүний сургалтад явуулсан хүмүүс нь эмнэлэгтээ ажиллахгүй гэж байна. Тэднийг сайн судалж үзэхэд Г.Батбаатарын таньдаг хүмүүс нь байсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын талд санхүүгийн зөрчил олон гарсныг баримтаар нотолсон. Тухайлбал, тендер шалгаруулахгүй, ажлыг графикийн дагуу явуулаагүй, банкны баримт хуурамчаар үйлд­сэн зэрэг зөрчил илэрсэн. Ийм хүнтэй хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Тиймээс тус сургуулийн захирлаар Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон даргыг томилсон юм.

-Лаборатори болон сургалт сайтай гэгддэг сургуулиудад хүүхдээ оруулахын тулд 500 мянган төгрөгийн хахууль өгч байгаа талаар эцэг, эхчүүд сошиалаар ярьж байна. Энэ асуудалд яамнаас хэрхэн анхаарч байна вэ?

-Би багш нарыгаа хахууль авч байгаа гэж бодохгүй байна. Дундаас нь завших гэсэн хүмүүс байвал тэднээс багш нарынхаа нэр хүндийг цэвэрлэж авах хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бид үндэсний хэмжээнд 500 багшийг сургагчаар бэлтгэсэн. Бидний бэлтгэсэн багш нар цаашид ямар ёс зүйтэй, хэрхэн ажиллах вэ гэдгийг 21 аймгийн төвшинд сургалт хийсэн. Улмаар бид ёс зүйн дүрмээ баталсан. Сургуулиудад хүүхдүүд багтахгүй байгаа зовлонгоос бид нэг жилийн дараа салах гэж байна. Хүүхэд бүр цэцэрлэгт орох учраас ямар ч арын хаалга хэрэггүй болно. Багталцахгүй байгаа энэ үед хүмүүсийн дунд яриа хөөрөө гаргасан нөхдүүд байвал баримт­тай нь гаргаж өгөхийг хүсье. Тэгвэл бид салбарын болоод багш нарын нэр хүндээ хамгаалмаар байна.

-Замын хөдөлгөөний ачаал­лаас шалтгаалж сургууль, цэ­цэр­лэгийн хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулна гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Замын хөдөлгөөний түгжрэлээс шалтгаалж их, дээд сургуулиудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал авч байгаа. Энэ талаар шийдвэр гарвал бүгдэд мэдээлнэ. Нэмэлт мэдээлэл өгөхөд есдүгээр сарын 1 буюу бямба гарагийн өглөө усархаг ширүүн бороотой гэсэн цаг уурын мэдээлэл гарсан учраас бид хичээлийн жилийн нээлтийг 13.00, 14.00 цаг болгон хойшлуулах шийдвэр гаргасан. Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй, эрдмийн баяр болно. Харин есдүгээр сарын 3-нд хичээл эхэлнэ.

-Иргэдийг нэрээрээ төөрөг­дүүлж, элсэлт авдаг сургуулиуд байна. Тухайлбал, МҮИС, УБИС байна. Энэ асуудалд яамнаас арга хэмжээ авдаг уу?

-“Үндэсний” гэдэг бол тухайн улсын брэнд байх ёстой. Гэтэл зах зээлийн шуурган дундуур Улсын их сургуулийн нэрийг ашиглаж яваа нэг захирал байна. Бид хэд хэдэн удаа асуудал тавьсан. Нэрээр нь хүртэл шүүхэдсэн. Харин шүүхийн өмнө яам хүчин мөхөсдсөн. Одоо алхах газаргүй, хэлэх үггүй болсон. Тэнд байшин барилга нэмэгдэж байгааг л бид харж байна. Байшин барилга нэмснийхээ хэрээр оюутны тоо нэмээд байна уу, үнэхээр үндэсний хэмжээний сургалт явуулж байна уу гэдэг шаардлага тавина. Шаардлагатай бол иргэдийн дэмжлэгийг авч, энэ сургуулийн статуст арга хэмжээ авна гэсэн байр суурьтай байгаа. Би бол байлдаад л явж байгаа хүний нэг.

-Сургуулиа төгссөн залуу багш нараа хэрхэн дэмжих вэ?

-Нэг талаас мэргэжилтэй залуу багш нар ажлын байр хүлээгээд байдаг. Нөгөө талаас тэтгэврийн насанд хүрсэн багш нар ажлын байраа чөлөөлж өгдөггүй асуудал байна. Үүнийг хүний амьдрал, хэрэгцээ гэж харж болох ч хуулиар нарийн зохицуулах шаардлагатай байна. Тиймээс бид намрын чуулганаар шинэ боловсролын багц хуулийг өргөн барина. Энэ хуулийн төсөлд дээрх асуудлыг нарийн зохицуулах юм. Аливаа юм хоёр талтай байдаг. Зарим багш нар эрт тэтгэвэрт гарах боломжийг нээж өгөөч гэдэг. Ер нь багшийн ажил хүнд нөхцөлд орно. Өдөржингөө зогсож, шохой долооно. Мэргэжлээс шалтгаалсан улаан хоолойн өвчтэй болдог хүмүүс багш нар шүү дээ. Тиймээс бид шинээр өргөн барих гэж байгаа хуульдаа эрүүл мэндийн асуудалтай бол эрт тэтгэврээ тогтоолгох талаар зохицуулалт оруулна. Нөгөө талаас тэтгэвэрт гарах болчихсон бол ажлын байраа чөлөөлөх талаар зохицуулалт оруулна. Нэмэлт мэдээлэл өгөхөд, би боловсролын статистик бий болгохоор ажиллаж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ямар мэргэжлийн хэдэн багш хэрэгтэй байгааг иргэдэд нээлттэй бий болгомоор байна. Харин ямар багш хэрэгтэй байгааг захирал л мэдэж, таньдаг хүнээ авахыг болиулна. Багш гэсэн портал сайт нээх гэж байгаа.

-Цэцэрлэг, бага ангийн хүүх­дүүдэд өгөх хоолны мөнгийг нэмнэ гэсэн үү?

-Шинээр батлах багц хуулиар сургалтын стандарт, сурагчдын хувцас, хооллолт ямар байх вэ гэдгийг нэг чиг шугаманд оруулна. Цэцэрлэг, дотуур байр, үдийн цай хөтөлбөрийн хоолны мөнгийг нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ жил үнэ нь хуучнаараа байна. Ирэх оны нэгдүгээр сараас хоолны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Одоо хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль дотор ажиллаж байгаа цайны газруудад хийжүүлсэн ундаа, чипс зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг худалдаалахгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Гэтэл надад “Бид эдгээр зүйлийг худалдаалж байж цайны газрынхаа түрээсийг төлдөг” гэх мэт тайлбар ирж байна. Хүүхдийн эрүүл мэндийг хордуулан байж тэр газруудыг ажиллахыг шаардахгүй. Үнэхээр орлого олж чадахгүй бол гэрээгээ цуцалж болно. Салбар маань олон ч асуудалтай байна. Асуудал бүрийг шийдвэрлэхийг бид хичээж байна. Бид олон нийтийн зүгээс ирж байгаа шүүмж­лэлд эмзэглэхгүй. Бид ажлын даалгавар гэж хүлээж авч байгаа.

У.Сарангэрэл