Ярьж ч, хийж ч чаддаг гишүүн
76:61 буюу Д.Тэрбишдагва
Манай сонин УИХ-ынгишүүд 2008 оны сонгуульд нэрдэвшихдээ юу амлаж байсанбайсан өнгөрсөн дөрвөн жилийнхугацаанд амлалтаа хэрхэнбиелүүлэв гэдгийг сануулсаарбайгаабилээ. Тэгвэл энэ удаадСонгинохайрхан дүүргээснэр дэвшиж, УИХ-д сонгогдсонД. Тэрбишдагвыг онцолж байна.
Амлалт
2008 оны сонгуульд нэр дэвшигчид үндсэндээ намын мөрийн хөтөлбөр, амлалтыг өмнөө барьж, иргэдэд тэр хүрээнд амлалтаа өгч байсан. Д.Тэрбишдагва гишүүн ч тэр хүрээнд ажилласан. Гэхдээ хувиараа цөөнгүй амлалт өгсөн байгаа юм. Жишээ нь, ЕБС болон цэцэрлэгүүдийг барьж байгуулна. Зөвхөн 2008 онд 4, 12, 23-р хороонуудад хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулна. Сургуулийн бүх багш нарыг зөөврийн компьютертэй болгоно. Сурагчдад олгох компьютерийн тоог нэмэгдүүлж тэдний суралцах нөхцөлийг хотын төвийн сургуулиудаас дутуугүй болгоно. Өндөр хүчдэлийн шугамыг нэмэгдүүлнэ. Одоо гэрэлгүй байгаа айлуудыг бүгдийг нь цахилгаантай болгоно. 3000 өрхийг телевизийн олон суваг үздэг болгоно. Ашигт малтмалын хуулийг хамгийн түрүүнд гаргана. Өршөөлийн хууль санаачилна. Сүүний үйлдвэрийг хөгжүүлэхэд санал санаачилгатай ажиллана гэх зэргээр түүний амласан амлалтууд хөвөрнө. Үүнээс гадна гэр хорооллыг гэрэлтүүлнэ, 21 дүгээр хорооллын төв замтай гэр хорооллыг хатуу хучилттай замаар холбох талаар ч амлалт өгч байсан юм. Үүнийг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж байсан гишүүдийн ихэнх нь амласан байдаг. Энэ бүх амлалтаас биелсэн ч бий, биелээгүй ч амлалт олон байгаа юм. Д.Тэрбишдагва гишүүн СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 640 хүүхдийн сургуулийн барилгыг барьж эхэлсэн аж. Тэрбээр иргэдийн хүсэлтийн дагуу хөөцөлдөн энэ сургуулийг барих хөрөнгийг Улсын төсөвт суулгуулсан юм байна. Гишүүдийн тойрогтоо зарцуулах тэрбум төгрөгнөөс санхүүжилт гарган СХД-ийн 25-р хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж 2011 оны намар ашиглалтад оржээ. Долдугаар хороонд 100.ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2011 онд барьж эхэлсэн бөгөөд энэ хавар ашиглалтад орох аж. Энэ мэтээр мэр сэр цэцэрлэг нэмэгдэж байгаа юм. Түүнээс гадна СХД-ийн 107, 42, 106, 105, 104, 9, 12 зэрэг 19 сургуулийн багш нарын хэрэгцээнд зориулж тус бүр 15 ширхэг компьютер өгсөн аж. Түүнээс гадна 2009 оны Улсын төсөвт тодотгол хийх үеэр СХД-ийн гэрэл цахилгаангүй иргэдийн хүсэлтийг үндэслэн санал оруулж нийслэлийн хэмжээнд эрчим хүчинд төсөвлөсөн найман тэрбум төгрөгийн дөрвөн тэрбумыг нь Сонгинохайрхан дүүрэгт хуваарилуулсан байна. Энэ ажлын хүрээнд 1,4, 5,9,10,11, 22, 23, 24, 25 хороодын гэрэл цахилгаангүй 11 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаантай болжээ. Энэ бол эрхэм гишүүний хийсэн ажлын тайланд тусгагдсан тоо. Гэхдээ өнөөдрийн байдлаар Улаанбаатарт гэрэл цахилгаангүй амьдарч байгаа хүн олон байна. Тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт олон бий. Хууль санаачлах амлалт өгсөн хүн түүнээс өөр бараг байхгүй.
Харин амлалтаа биелүүлж хуулиудаа санаачлаад, батлахыг нь баталсан. Энэ мэтээр амласан амлалтуудаа биелүүлж ажилласан байгаа юм. Мөн биелээгүй амлалт ч бас байна. Уг нь гэр хороолол руу засмал зам тавиад, иж бүрэн гэрэлтүүлчихсэн бол хэрэгтэй байлаа. Өнөөдөр Улаанбаатарын иргэдийн хэдэн хувь нь гэр хороололд амьдарч, шороотой замаар, харанхуй шөнөөр таваргадаг билээ. Дээрээс нь такси явахгүй гэнэ. Тэр дундаа Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Ингээд бодохоор гэрэлтүүлгийн асуудал нэлээд чухал ажил болох байлаа. Өнөөдөр цөөн ч гэсэн хэдэн газар гэрэлтүүлэг тавьчихсан байгаа нь үнэн. Гэхдээ гишүүдээс өөр хүмүүс хийсэн тухай яриа гараад байгаа. Ямартай ч Д.Тэрбишдагва гишүүн амлалтаа боломжийн хэмжээнд биелүүлж ажилласан гэж дүГнэхэд болох байх.
Амжилт
Тэрбээр 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө бүтээн байгуулалт өрнүүлэх амлалт өгсөн байдаг. Тэр хэрээрээ амлалтуудаа боломжийн биелүүлсэн. Тэр дундаа боловсролын салбарт илүүтэй анхаарч, нэлээд хэдэн цэцэрлэг барьсан нь түүнийг дүүргийнхээ нөхцөл байдлыг бага ч гэсэн мэддэг, мэдэрдэг, тэр хүрээнд ажиллаж чаддагийг нь харуулж байгаа юм. Өнөөдөр нийслэл хотын бүх зүйлийн даац хэтэрсэн. Сургууль, цэцэрлэгт хүүхдүүд багтахаа болиод, ёстой нөгөө "гөөхий" болоод байгаа. Ийм цаг үед энэ салбарт илүүтэй анхаарч ажилласан нь түүний амжилт гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тэрбээр 4-5 цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдэж, эхнээсээ ашиглалтад ороод эхэлчихсэн, ганц нэг нь хэрэгжээгүй байгаа аж. Уг нь Сонгинохайрхан дүүрэгт өч төчнөөн шинэ цэцэрлэг барих шаардлага байгаа. Тэр бүхнийг нэг гишүүн шийднэ гэж юу байх юм. Улс тэр чиглэлд бодлого гаргаж, зүтгэж байж л шийднэ. Харин ядаж 4, 5-ыг ч болтугай барьж, асуудлыг нь шийднэ гэдэг их ажлын эхлэл. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд намаа багагүй шүүмжилж, Хамтарсан Засгийн газрын алдаа дутагдлыг байнга ярьж байсан. Ерөөс МАН дотор бие биенээ шүүмжлэх, алдаа дутагдлыг нь ил цагаан хэлдэг хүн цөөн байдаг нь мэдрэгддэг. Уг нь аливаа зүйл, нам хүртэл алдаа дутагдлаа ярилцаж байж амжилтад хүрэх учиртай. Тэгээд ч аддаа дутагдлаа өөрсдөө ярилцана, намын гишүүн нь хэлнэ гэдэг ардчилал байгаагийн шинж. Тийм ардчилсан байж чадсан хүн бол Д.Тэрбишдагва гишүүн. Энэ бол яах аргагүй амжилт. Өнөөдөр аль нэг нам гэж хэт их туйлшрахаасаа асуудлаа харж, шүүмжилж, алдаа дутагдлаа ойлгох нь улс орны эрх ашигт хэрэгтэй байх нь мэдээж. Тийм лидер намд байх ёстой. Тэр лидерийн үүргийг эрхэм гишүүн бараг ганцаараа үүрсээр ирсэн билээ. Түүний энэ ардчиллыг, эрүүл сэтгэлгээг амжилт гэж харах хүн олон байгаа нь дамжиггүй биз ээ.
Алдаа
2004 онд УИХ-д сонгогдож, 2007 он хүртэл ХХАА-н сайдаар ажиллаж байсан Д.Тэрбишдагва гишүүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар нэг албан тушаалд томилогдоогүй. Энэ нь түүний намаа хэт шүүмжилдэгтэй холбоотой юм. Хэдийгээр намын алдаа дутагдлыг хэлэх хэрэгтэй ч гэлээ тодорхой бодлогын нэгдсэн бүлэг гэдэг утгаараа бодлогоо дагах ёстой юм. Тэр бүхнийг тоолгүй, намаа хэт их шүүмжилж, хамтарсан Засгийг эсэргүүцэж байсан нь нэг талаар түүний алдаа. Зарим хүмүүс түүнийг Н.Энхбаярын фракцийн хүн байсан учраас одоо намаа ингэж шүүмжилж, Хамтарсан засгийг ч эсэргүүцдэг гэж хэмээн ярьдаг. Үнэн байлаа гэхэд мань хүн улстөрчийн карьераа хөөсөн бол дээр байсан ч байж болох. Улстөрчдийг суудлын төлөө үхэн хатан зүтгэдэг гэж байгаа юм биш. Гэхдээ нэгэнт улс төрөөр оролдсон бол оройд нь хүрэхийг нь хүсдэг нь улстөрчийн араншин биш гэж үү. Хувь хүнээс ангид ойлговол шүү дээ. Гэтэл Д.Тэрбишдагва гишүүн намаа шүүмжилснээр даргын суудлаас ангид дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Хэрвээ намынхантайгаа арай жаахан эвтэй байсан бол магадгүй сайд, үгүй юм аа гэхэд, байнгын хороон дарга болох чадвартай, мэдлэгтэй, туршлагатай улстөрч юм. Зарим үед "Сохрын газар сохроор, доголонгийн газар доголон яв" гэдэг ардын үг хэрэгтэй байдаг гэдгийг эрхэм гишүүн санасан бол хэрэгтэй байж.
Тэнэглэл
УИХ-ын гишүүн хүн ямар ч тохиолдолд том сэтгэж, улс орны хэмжээнд бодож тунгаах ёстой юм шиг санагддаг. Тэр утгаараа зарим зүйл дээр тэвчээртэй байх хэрэгтэй байх. Д.Тэрбишдагва гишүүн намын Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа хэрэлдэж, тэнэг байдалд орж байсан удаатай. Угаас намаа шүүмжилбэл шүүмжилчихдэг гишүүн генсекээ уурлахаар тэсээгүй байх л даа. У .Хүрэлсүх залуучуудаа босгоно гэж уурлахад, ТБД гишүүн "чамайг залуучуудтай хамт ална" хэмээн хэлсэн удаатай. Харин хариуд нь У .Хүрэлсүх "60 гарсан өвгөнд алуулна гэж юу байдаг юм" гэсэн маягийн юм ярьж. Энэ мэтээр хэрүүл үргэлжилсэн юм билээ. Тиймээс Д.Тэрбишдагва гишүүн генсекээ шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байсан. Энэ бүх хэрүүл хэвлэлээр дамжаад ард түмэнд хүрсэн. УИХ-ын гишүүн хүн, туршлагатай улстөрч ийн хэрэлдсэн нь нэг талаараа тэнэг үйлдэл. Төрийн түшээд улс орны хэмжээнд ярьж байх ёстой байтад хэн нэгэнтэй тулга тойрсон хэрүүл хийж, намын генсектэйгээ уралцаж байх нь нэг их сайхан зүйл биш байх. Уг нь ямар ч намын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэн нэгний бурууг сануулж, болохгүй бол ажлаас нь чөлөөлөх чадвартай байх ёстой. Түүнийхээ хэрээр зарим нэг зүйл дээр буулт хийж байх хэрэгтэй юм гэдгийг энэ үйл явдал харуулсан юм. Д.Тэрбишдагва гишүүн энэ тохиолдолд тэгсгээд өнгөрсөн бол нэр хүнд нь улам өсөх байсан ч байж болох. Гэхдээ одоо уначихсан юм биш. Түүнийг нам дотроо ардчиллын салхи оруулахыг хичээдэг гишүүн гэдгийг хэн хүнгүй мэдэж, мэдэрч байгаа.
Ирээдүй
Тухайн гишүүн УИХ-д байх ёстой юу, дахин сонгох уу гэдгийг сонгогчид тодорхойлдог. Тэр ч утгаар нь бодоод үзвэл Д.Тэрбишдагва гишүүний ирээдүй гэгээтэй гэхэд болно. Учир нь Сонгинохайрхан дүүргийн сонгогчид түүнд ам сайтай байдаг юм билээ. Зүгээр ч нэг тэгж хэлсэнгүй. Дүүргийнх нь сонгогчдоос түүний тухай асуухад муу хэлэхээсээ магтах нь их. Тэгээд ч түүний сонгогдсон дүүрэгтээ хийж, хэрэгжүүлсэн ажил маш их. Хоосон амлалт өгч, иргэдийг хуураагүй. Амлалтынхаа хүрээнд эрх мэдэл хүрэх хэмжээнд ажилласан. Одоо ч хийж хэрэгжүүлээд эхэлсэн ажил олон байгаа. Тиймээс дараагийн сонгуулиар тэр Сонгинохайрхан дүүргээсээ дахин сонгогдож УИХ-д гарах байх. Ерөөс хүмүүс нам биш хүн сонгохыг эрмэлзэж, хэн нь хэн бэ гэдгийг тунгааж чаддаг болсон. Тиймдээ ч АН, МАН биш хүнийг нь сонгодог болоод байгаа. Энэ удаагийн сонгуулиар бүр ч оновчтой сонголт хийх байх, иргэд. Тэр оновчтой сонголтын нэг нь Д.Тэрбишдагва гишүүн байх нь гарцаагүй биз ээ.