2012.03.01

Мэндчилгээ

Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 91 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан намын нийт гишүүд, дэмжигчид, журмын нөхөд, төрөлх нутгийнхаа ард иргэдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.Манай нам Монгол Улсаа хөгжлийн шинэ замд оруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай. Тэр дундаа эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ахмад үеийнхний маань хийсэн хувьсгал, тэмцлийн үр дүнд Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсон. Ийнхүү олон хүний халуун амь, цуцашгүй тэмцлээр олдсон юугаар ч орлуулашгүй баялаг бол бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон минь билээ. Иймээс монгол хүн бүр энэхүү өдрийн үнэ цэнэ, мөн чанарыг хүндэтгэх, бахархах учиртай.

 

Баатарлаг түүхт баруун монголын үр сад болсон Ховдчууд бид эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулж, эх орон улс үндэстнийхээ тусгаар тогтнол, мандал бадралын төлөөх тэмцэл, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их аянд ямагт түүчээлэн оролцож ирсэн түүхтэй. Энэ түүчээгээ үргэлжлүүлэн авч явах эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг та бидэнд бий.Тусгаар тогтносон, эрх чөлөөт хөрсөн дээр хөгжин цэцэглэж ирсэн улс эх орны маань цаашдын ирээдүй ч гэрэл гэгээтэй, хүн ард нь сэтгэл хангалуун, тайван жаргалтай амьдрах бүрэн боломж нөхцөл байгаа бөгөөд улс орноо хөгжүүлэхэд хүн бүрийн эх оронч сэтгэлгээ, зорилго тэмүүлэл, хүчин зүтгэл, оролцоо нэн чухал гэдгийг хэлмээр байна. Сайхан эх оронд минь урин хавар айлчлан ирж, ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт өрнөж эхэллээ. Нийт ард түмэндээ Усан луу жилдээ эргээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн ,УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.