Д.Тэрбишдагва: Фракц байгуулах хүсэлтэй 20 гаруй гишүүд бий
0
2012.03.05

Д.Тэрбишдагва: Фракц байгуулах хүсэлтэй 20 гаруй гишүүд бий

 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн нийлж фракц байгуулахаар болсон гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ нь бодитой юу?

-Фракц байгуулах нь нам дотор байх л асуудал. Хүн айж цочоод гайхаад байх зүйл биш ээ.Ний нуугүй хэлэхэд гишүүд фракц байгуулах талаар байнга л ярьж байдаг. Миний мэдэж байгаагаар бол фракц байгуулах хүсэлтэй гишүүд 20 гаруй бий. Албан ёсоор бичиг хийгээд гарын үсэг зуруулсан зүйл одоохондоо алга.
-Соёмбо гэсэн нэр өгөхөөр ярьсан юм биш үү?
-Өөрөө хаанаас ийм сүрхий мэдээлэл авав аа. Шулуухан хэлэхэд хоёр, гурван нэр яригдаж сонсогдож л байсан. Гэхдээ сонгож тогтсон зүйл байхгүй байгаа байх аа.
-МАН-ын бүлгийн хурал дээр фракц байгуулна гэдгээ ил тод илэрхийлсэн юм уу?
-Фракц байгуулах нь нээлттэй шүү гэж хэлсэн гишүүн бий.
-Та фракц байгуулъя гэвэл нэгдэх үү?
-Яагаад болохгүй гэж. АН-ынхан фракц байгуулснаа ил тод зарлаад л байгаа биз дээ. Шонхор, Мөнх тэнгэр гээд л. Манай намынхныг фракц байгуулна гэхээр яагаад эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаад байгаа юм бэ.
-Танай нам дотор жигүүртэй байсныг татан буулгаад , намаа муулбал, элдэв фракц байгуулбал хариуцлага тооцно гээд дүрмээ чангатсан болохоор сонирхоод байгаа юм л даа?
-Намын болон ёс зүйн дүрэмд тусгаж үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болгохыг оролдсон зүйл бий л дээ. Гэхдээ засч сайжруулах талаас нь хэлж ярьж байгаа зүйлийг буруутгахаасаа илүү тусгаж авч байх нь ажилд тустай байдаг. Магтаалд хэт бялуурахаараа алдаагаа олж харахаа больж “сохордог” гэмтэй. Тэгэхээр намд эрүүл шүүмжлэл байх нь ус, агаар мэт хэрэгтэй гэж бодож байна.

-Фракц байгуулахаар санал нэгдсэн гишүүд ийм зүйл огт яригдаагүй гээд нууцалж байгаа бололтой?
-Нууцлаад, хэлэхээс айгаад байх шаардлагагүй. Өрөө өрөөгөөрөө ороод ингэмээр, тэгмээр байна, арай дэндлээ гэж ярьдаг нь ч үнэн. Зарим гишүүд ил тод ярихаасаа эмээж байгааг үгүйсгэх аргагүй. Ер нь хурал дээр,намын удирдлагын нүүрэн дээр шүүмжилж чаддаггүй ч “Энэ нам нэг л болохоо болилоо” гэж санаа зовинож, өөрчлөх юмсан гэсэн хүсэлтэй, бодолтой гишүүд цөөнгүй бий.
-Сонгууль дөхөж байна. Тойрог өгөхгүй болчих вий гэсэн болгоомжлол байгаа байх л даа?
-УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол зөвхөн намын төлөөллөөс гадна ард түмний элч ч гэдгээ мартаж болохгүй.Хэрвээ шүүмжилдэг,хатуу ч үнэн бодиттой зүйлийг хэлдэг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй, бялдуучлагчид, дарга нарыг дагаж далдагнадаг, мөнгө барьж гүйдэг хүмүүсээ өрсөлдүүлнэ гэвэл нам ардчилалгүй, эрүүл биш үзэгдэлд автаж ялзарахын шинж. Ер нь сонгуульд нам ялалт байгуулахын тулд олон түмэнд танигдсан, улс орныхоо төлөө ажиллах сэтгэлтэй, зүтгэлтэй, ажилч хэрэгч хүнийг дэвшүүлэх нь чухал. Харин ажил сайжруулахын төлөө үг хэлдэг нэгнээ гоочилж эсэргүүгээр нь цоллож тойрог өгөхгүй гэхгүй байлгүй дээ. Хэрэв тойрон хүрээлэгчдээ нэр дэвшүүлбэл олон түмэн хурц ухаантай болохоор хэнийг дэмжиж сонгохоо хэлүүлтгүй мэднэ дээ. Ард түмний мэргэн ухаан, зөв сонголтод найддаг. Миний хувьд тойроггүй болчихлоо гэж сандрах зүйл алга. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга нар уулзаж нэр дэвших бодолтой юу гэж асуусан. Би ч дэвшинэ гэдгээ хэлэхэд дэмжинэ гэсэн болохоор итгэлтэй байгаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд намаасаа гарах нь гэсэн мэдээлэл цацагдсны маргаашнаас нь Д.Балдан-Очир, Д.Мөнх-Очир, О.Чулуунбат нарыг байнгын хорооны дарга болгосон нь анхаарал татаж байгаа юм. Генсек У.Хүрэлсүх их л ууртай, өрөөгөөр нь орж загнасан сураг байсан?
-Намын удирдлага хэнийг хүлээж авч уулзаад, хэний өрөөгөөр орж загнасныг, ямар албан тушаал амласныг мэдэхгүй. Хэрвээ тийм зүйл болсон бол хүний өмнөөс ярих нь утгагүй ээ. Эд нар байнгын хорооны дарга болчихоод амаа үдүүлчих хүмүүс биш. Өөрийн гэсэн байр суурьтай, үзэл бодолтой, эрүүл сэтгэлгээтэй, улс орноо хөгжүүлэхийн төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй болохоор албан тушаал төдийнхнээр дуугүй болгож чадахгүй ээ.

-Танаас байнгын хорооны дарга болох сонирхол байна уу гэж асуусан юм биш үү?
- Намын удирдлагын зүгээс тусгайлан уулзаад санал тавьсан зүйл байхгүй ээ. Харин Д.Дэмбэрэл дарга л ямар байнгын хороо сонирхож байгаа талаар асуухаар нь сонирхохгүй байгаа гэдгээ л хэлсэн.
-МАН-ын бүлгийн гишүүдээс МАХН руу орох хүн байгаа юм уу?
-Байнга л ийм яриа гардаг шүү дээ. МАХН гэсэн нэрийг Улсын дээд шүүх бүртгэж авсан цагаас тийм, тийм хүмүүс Н.Энхбаярыг дагах нь, дөрвийн бүлэг мэндлэх нь гээд сэтгүүлчид та нар таамаглаж их бичдэг. Тэгэхээр энэ нь шинэ мэдээлэл биш ээ. Харин намаас гарна гэхээсээ илүү МАН, МАХН нэгдэж, ойлголцоосой гэсэн бодолтой хүмүүс олон байгаа.
-Эргэлзэж байгаа хүмүүс ч байгаа байх шүү?
-Зөвхөн МАН-ын бүлгийн гишүүд дундаас ч биш жирийн олон мянган гишүүд нь хэрхэхээ мэдэхгүй тээнгэлзэж байгаа юм биш үү. Гуравдугаар сарын 1-нд буюу Эх орончдын өдөр яав. Сүхбаатарын талбай дээр МАН, МАХН-ын гишүүд цуглачихаад 91 жилийн ойн баяраа зэрэгцэж тэмдэглээд цэцэг өргөөд л байсан. Тойрогтоо уулзалт хийхээр 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн биз дээ гэж ам асуух хүмүүс ч бишгүй тааралддаг. Манай намын мундаг хуульчид “МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл. Энэ нэр манай намын өмч, ерөөсөө эргэлзэх зүйл байхгүй, бүлгийн хурал дээр лавлаж асуусан гишүүдийг юу гэж дэмий зүйл яриад байгаа юм гэж хатуурхаж хардаад байсан. Гэтэл Н.Энхбаяр МАХН-ыг байгуулчихлаа, тэгэхээр аль нь эхлэл, үргэлжлэл болоод байгаа юм бэ гээд хүмүүсийн толгой эргэж гүйцлээ.

-Д.Балдан-Очир, Б.Бат-эрдэнэ, Ц.Даваасүрэн та дөрөв намынхаа даргад шаардлага хүргүүлээд байсан. Түүнд тусгасан зүйл нь хэрэгжсэн үү?

-Жилийн өмнө бид дөрөв гарын үсэг зураад намын дарга, Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн. Намын эв нэгдэлийг анхаарах, Оюу толгойн гэрээг сайжруулах, онц их хурлыг хуралдуулах, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан бичгийг маань намын дарга ширээнийхээ нүдэнд хийгээд мартсан биз ээ. Тэр үедээ бид дөрвийг хүлээж авч уулзаад зөв зүйтэй асуудал тавьжээ, анхааралдаа авъя, онц их хурлаас бусдыг нь хэрэгжүүлж болох юм гэсэн. Гэвч жилийн хугацаа өнгөрч байхад нэг нь ч хэрэгжээгүй ээ.

-Дахиад мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа юм уу?

-Энэ бичгийн хариуг дахиж нэхэх бодол бол бидэнд байгаа.

-Тэр үед та дөрөв ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буланд шахах биш намынхаа эв нэгдлийг бодоод ойлголцооч гэсэн санал тавьж байсан. Тийм боломж байсан уу?
- Нэг намын гарал үүсэлтэй хүмүүс ярьж хөөрөөд яагаад шийдэж болохгүй гэж. Сөрөг хүчнээ урьж “өвөртөө оруулаад” хамтарч засгаа бариад болоод байсан юм чинь нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс ойлголцож болмоор доо. Тухайн үед бидний хэлсэн, ярьсан зүйлийг үл тоомсорлож байхаар намынхаа эв нэгдлийг бодоод харилцан ойлголцох боломжийг эрэлхийлсэн бол байдал өөрөөр эргэхийг үгүйсгэх аргагүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. МАХН гэсэн нэрийг авах хууль зүйн ямар ч үндэсгүй, шинээр нам байгуулаад хаа хол явдаг юм гээд байсан даг. Гэтэл өнөөдөр судлагааны төвүүдийн судалгааны дүн, сонин хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харахад МАХН гуравдагч улс төрийн хүчин болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон юм биш үү.

-Н.Энхбаярыг “тэтгэвэртээ гараад сургаал үгээ бичээд суу” гэтэл “болоогүй” гээд МАХН-ыг байгуулаад гараад ирлээ. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Н.Энхбаяр Монгол төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашсан. МАН-ыг тухайн үеийн МАХН сонгуульд ялагдаад хүнд байдалтай байхад нь намын дарга болж эгнээг нь бэхжүүлж, нэр хүндийг нь өргөхөд чухал үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Насны хувьд аваад үзэхээр одоо л 50 гарч байгаа, тэгэхээр тэтгэвэртээ суу гэхэд арай эртдэх байлгүй дээ. Д.Дэмбэрэл дарга 70 нас гарчихаад УИХ-ыг удирдаад явж байна. Ирэх сонгуулиар ч нэр дэвших магадлалтай. Тэгэхээр 50 нас дөнгөж гарч байгаа хүнийг гэртээ суу гэж болохгүй л дээ. Төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашсан энэ хүний мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй. Тухайн хүн улс төр, бизнес, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн гээд ямар чиглэлээр ажиллахаа өөрөө л шийдэх хэрэг.

-Эрх мэдэлд шунах шунал нь дэндээд зүтгээд байгаа гэж харж байгаа хүмүүс бий шүү дээ?

-Хүмүүс янз бүрээр хүлээж авч өөрийнхөө бодсноор тайлбарлаж байгаа. Миний хувьд энэ хүнийг эрх мэдэлд шунах гэхээсээ илүү алдсан зүйлээ залруулж, туршлага, мэдлэгээ улс орноо хөгжүүлэхэд зориулая гэсэн юм болов уу гэж боддог. Энэ хүнийг удирдах алба хашиж байхад улс орны эдийн засгийн байдал хүндхэн, санхүү, мөнгөний бололцоо тааруу байсан ч олон ажил эхлүүлснийг үгүйсгэж болохгүй. Харин одоо уул уурхайгаас асар их мөнгө орж ирж байгаа ч ядуурал нэмэгдээд иргэдийн амьжиргаа сайжрахгүй байна. Баялагийн хуваариалалт дэндүү шударга бус байна. Цөөхөн хэдэн хүний гарт баялаг төвлөрч, нам дамжсан олигархи бүлэглэл бүхнийг хянадаг болох нь. Үүнийг харсаар, мэдсээр байж зүгээр суухыг тэвчихгүй байгаа нь түүний сонин хэвлэлээр ярьж хэлж байгаагаас ажиглагддаг.Энэ хүнийг тахин шүтэж, магтан дуулж, хажуунаас нь холдохгүй хоточ банхар шиг дагаж гүйдэг байсан нөхдүүд нь мөн ч их хэмлэх юм даа. Н.Энхбаяр улстөрчийнхөө хувьд сайн муугаар бишгүй хэлүүлж, хат үзсэн хүн. Мөн өндөр боловсролтой.

-Таныг ингээд хэлэхээр Н.Энхбаярын хүн юм байна, МАХН руу явах замаа засч байна гэх байх даа?

-Энэ хүнийг албан тушаалтай байхад нь магтах нь байтугай тал засч ярилцлага өгч байгаагүй. Нэг хүнийг тахин шүтэж ч яваагүй. Харин боорлуулж яваа цагт нь бодиттой байдлыг хэлчихье. Тэглээ гээд намайг Н.Энхбаярын хүн, эсэргүү гэнэ үү, хамаагүй ээ. Одоо бүр Н.Энхбаяртай уулзаж, түүний талаар өөдтэй үг ч хэлж болохгүй, уулзвал мөшгиж мөрдөх нь үү. Энэ хүн чинь Монгол Улсын иргэн, жирийн хүн юм байгаа биз дээ.

-МАН-ын рейтинг унаж байгаа нь танд ажиглагддаг уу?

-Манай намын удирдлагууд рейтинг өндөр байгаа, харин ч намын нэрээ сольсноор намд элсэх хүмүүсийн тоо, дэмжигчдийн хүрээ тэлээд байна гэдэг. Гэвч бодит байдал дээр өөр байгааг нуугаад яахав. Дарга нар иргэдийн дунд орохгүй албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна гэдэг шиг өрөөнийхөө цонхоор өндөр барилга харчихаад, дээрээс нь тойрон хүрээлэгчдээсээ бодиттой бус мэдээлэл авчихаад намын рейтинг өндөр байна гээд байж магадгүй л дээ. Би сонгогч, иргэдтэй байнга уулзаж тэдний санаа оноог сонсдог. Тэр хүмүүсийн ярьж байгаагаас, судалгааны дүнгээс, хэвлэл мэдээллээр гарч байгаа нийтлэл, материалаас харахад намын рейтинг тийм ч бузгай биш байгаа даг. Намын удирдлагууд нийгмийн сэтгэл зүйг анхаарч томилгоо хийхдээ ч онцгойлон бодолцох л ёстой байсан. Хүмүүсийн итгэлийг цааш нь түлхээд байгаагаа анзаарч байгаа юм уу даа. Бид нар энэ чинь болохгүй байна гээд хэлэхээр албан тушаалд дурлагсад, гомдогсод, эсэргүү гээд элдэв хоч өгчихнө. Үнэндээ засгийн ажил урагш муутай, боловсон хүчний талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нүдээ олохгүй, ядуурлын түвшин 40 хувьд хүрээд, ард түмний бухимдал гаараад байгаа болохоор сайжруулаач ээ, анхаараач ээ гэж санаа оноогоо хэлэхээс аргагүйд хүрэх юм.

-Сайд, дэд сайдын томилгоонд иргэд сэтгэл дундуур байгаа. Их мөнгө хандивласан хүмүүст албан тушаалаар бэлэг барилаа гээд ?
-Томилгооны асуудал нэлээд шүүмжлэл дагуулсан. Сонин, сэтгүүлийн хуудас эргүүлэхээр элдвээр л бичсэн байх юм. Зарим нь ч захиалгатай л байдаг байх. Шүүмжлэлийг дааж улс орноо хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа, идэвхи зүтгэлээрээ харуулах хэрэгтэй.

-Сүүлийн үед долдугаар сарын 1-ний хэргийг сөхөх нь идэвхжлээ. Та хамтарсан Засгийн газар байгуулахыг анхнаас нь шүүмжилж, энэ хэргийг далдлах гэж хамтарч байгаа юм биш үү хэлж байсан санагдана?
-Хамтарсан Засгийн газар байгуулах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Хөдөлмөрийн баатар Б.Чимид, гавьяат хуульч С.Нарангэрэл багш нар ч тулгуур хууль зөрчинө, зарчим алдагдана, хяналтгүй болно гэж хэлж байсан. Гэвч тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр л үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ, хамтрах нь түүхэн цаг үеийн шаардлага гэж шахаж зүтгүүлсээр зөвшөөрүүлсэн.Сонгуульд ялалт байгуулчихаад сөрөг хүчнээ засагт урьж оруулсан нь хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж таамаглаж байгаагаа сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж л байсан. Энэ нь ч одоо баттай болж байх шиг байна. Сөрөг хүчингүй, хамтрахаар олигархиуд улс орны баялгийг цөлмөхөд хяналтгүй болж, хүсснээ хэрэгжүүлж болно гэж тооцсон байлгүй. Нөгөөтэйгүүр долдугаар сарын 1-ний үймээнээр галт зэвсэгт дөрвөн хүн өртөж амь насаа алдсан хэргийг замхруулах, буруутай этгээдийг олж илрүүлэх ажлыг удаашруулах зорилго агуулсан байж мэдэх юм. Тэр үед би ийм утгатай зүйл хэлсэнд С.Баяр маш их уурлаж, эмзэглэж байсан. Уг нь долдугаар сарын 1-ний асуудлыг тэр зундаа шалгаад хэн нь буруутайг олж тогтоод цаашид авч хэрэгжүүлэх зүйлээ тодорхой болгох шаардлагатай байсан юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс долдугаар сарын 2-ны өдөр шиг санаж байна,УИХ-д тодорхой чиг үүрэг өгсөн. Түүнийг нь хэрэгжүүлэхийн оронд хамтарсан засаг байгуулахдаа хамаг анхаарлаа тавьж шалгаж нягтлах нь удааширч, саармагжуулсан тал бий. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй явж явж байгаад жил зургаан сарын дараа л УИХ дээр долдугаар сарын 1-ний үеэр хүчний байгууллагын уялдаа холбоо ямар байсныг шалган тогтоох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хүний эрх зөрчигдсөн эсэх талаар судлах ажлын хэсгийг Х.Тэмүүжин гишүүн ахалж ажилласан. Тэгж цаг алдаж тус тусад нь ажлын хэсэг гаргаж байхаар тэр даруйд нь цогцоор нь шалгаад дүгнэлт гаргах хэрэгтэй байсан гэж боддог. Ингэж хүчийг сулруулж, хугацаа алдаж удаашруулж гурван жил гаруй чимээгүй шахуу байчихаад АН засгаас гарангуутаа байнга сөхөж ярьдаг болоод байгааг олон түмэн ажиглаж л байгаа. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг. Буруутныг нь шалгаж тогтоох нь зүйтэй. Хэнд ийм удаах сонирхол байв, хэн стандарт бус шийдвэр гаргахыг санаачлав гэхээр асуудал ойлгомжтой биз дээ.

-С.Баярыг хэлээд байна уу?
-МАХН цул, эрч хүчтэй нам байлаа. Тухайн үед бид С.Баярыг шударга, өндөр боловсролтой, туршлагатай, нэр хүндтэй гээд намын дарга болгоход идэвхийлэн дэмжсэн. Үнэхээр лидер, энэ улс орныг зөв зам руу зална гэсэн хүлээлттэй байлаа. Зөвхөн бид ч биш мянга мянган намын гишүүд, дэмжигчид төдийгүй олон түмэнд ч гэсэн тийм итгэл төрсөн байв. Энэ их итгэл найдварыг С.Баяр үгүй хийлээ.Манай намын гишүүд 2008 оны сонгуулиар намаа ялуулахын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэцгээсэн. Гэтэл энэ хүн та нарын тэр зүтгэл хамаагүй хэмээн хөсөр хаяж стандарт бус Засгийн газар байгуулсан. АН-ыг “хөнжилдээ” оруулж албан тушаалаа 60:40 гэсэн харьцаагаар хуваарилж манай намын олон чадварлаг боловсон хүчнүүд төр, улс ардын аж ахуйн гээд олон салбарт ажиллах боломжгүй болсон нь бодит үнэн. Мөн манай намын зарим гишүүд сонгуульд МАХН гэсэн нэрээр орж ялалт байгуулчихаад байхад Х үсэг гай болоод байна гээд авч хаях ажлыг зангидсан гол хүн бол С.Баяр ч гэж ярьдаг юм. Намын нэр сольсноос үүдээд нам хагарсан. Ингээд МАН , АН-тай хамтарч ажиллах хугацаанд муу гэрээ байгуулсан гэж хэл амны бай болоод Оюу толгойн гэрээг баталснаас өөр дорвитой зүйл хийгээгүй, ажил нь явахгүй, тохиролцоо, наймаацлал нь дэндээд эцэст нь МАНАН болж хувирлаа гэж хэвлэлээр мөн ч их шүүмжлүүллээ дээ. Дарга нар рейтинг өндөр, номер нэг гээд байгаа ч гадуур иргэд МАН, АН олгигархиудын, мөнгөний, дарга нарын халаасны нам болжээ гэж ярьцгаах болсон байна.

-С.Баяр гадаадад бие эмчлүүлнэ гээд удаан хугацаагаар Монголд байдаггүй ч түүний бодлогыг С.Батболд үргэлжлүүлээд явдаг юм биш үү?
-Намын дарга хүн өөрийнхөө бодлогыг явуулж байгаа гэж би ойлгодог. Тийм байгаасай ч гэж хүсдэг.С.Баяр байнга л гадаад руу эмчилгээнд явдаг юм гэсэн. Монголд бараг байдаг юм уу. Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр дэндүү цөөхөн удаа л суусан байх. Гэтэл манай нам гадаадад байж байгаад Монголд ирэхээрээ нүүр дүүрэн ярилцлага өгчихөөд алга болчихдог хүнийг Намын нарийн бичгийн даргаар томилсон. Хууль, тогтоолын төсөл боловсруулах, ажлын хэсэгт орж ажиллах гээд УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажлаа хийхгүй шахам байгаа хүн намын ажлыг хийдэг ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд. Эсвэл харилцаа холбоо хөгжсөн болохоор гадаадаас заавар чиглэл өгөөд удирдаад байдаг ч байж мэднэ. Гэхдээ намын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга ийм бэлгэдлийн шинжтэй биш намын байран дээрээ байнга байж өдөр тутмын ажилд нь оролцож байх үүрэгтэй л баймаар. Хэрэв хэрвээ ажлаа хийдэггүй бол суудлын бөглөөс болж байхаар намын нарийн бичгийн даргын албаа чадварлаг залууст тавьж өгөх хэрэгтэй.

-АН, МАН-ын эрүүл сэтгэлгээтэй, шударга гэгдэх 30 орчим гишүүн намаасаа гарч Монголын төлөө гэсэн нам байгуулан олигархиудтай тэмцэнэ ээ гэж Н.Батбаяр гишүүн ярьж байсан. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Тийм яриа яригдаж л байсан. Энэ асуудлаар хоорондоо уулзаж нэлээд ярилцсан байх шүү. Харин хэрхэн зохион байгуулж, яаж ажиллаж, хэн хэн нь оролцох гэж байсныг УИХ-ын гишүүн Н.Батбаяраас асуусан нь дээр.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.