Азийн морин уралдааны холбооны “бүрэн эрхт гишүүн”-ээр Монгол улс элсэх боломжтой
Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч Гай Серженттай Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдтой уулзлаа
2011.11.22

Азийн морин уралдааны холбооны “бүрэн эрхт гишүүн”-ээр Монгол улс элсэх боломжтой

Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч Гай Сержент Монголын морин спорт уяачдын холбооны урилгаар энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Ирэх 2012 оны 7 дугаар сард БНТУ-д болох 34 дүгээр ээлжит бага хурлаар Монгол Улсыг Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүн болгох саналыг оруулах гэж байгаагаа уулзалтын үеэр Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдод дуулгалаа.

 Энэ удаагийн манай улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд өнөөдрөөс эхлэн Монгол улс тус холбооны бүрэн эрхт гишүүн болохын тулд богино хугацаанд хийж болох ямар ямар ажлуудыг амжуулах талаар зөвлөлгөө өгөх, тэдгээр ажлыг тодорхойлох, судлах төлөвлөгөөтэй байгаагаа ярьлаа.

 Тэрээр Азийн морин уралдааны холбооны дэд тэргүүнээс гадна Олон улсын морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний ажлыг хийдэг. Энэ ажлын хүрээндээ Монгол Улсыг Азийн болон Олон улсын энэ төрлийн холбооны гишүүн болоход нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн гэдгээ хэлсэн. Мөн морин спортыг Олон улсын хэмжээний тусгай тэмцээний төрөлд оруулахын төлөө ажиллаж байгаа гэдгээ ярьсан юм.

 Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд 2012 оны Лондонгийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар ажиллаж байгаа. Монгол улсаас олимпийн 8 төрөлд 30 тамирчин эрх авна  гэсэн зорилт тавьж байгаа гэдгээ ноён Гай Сержент-д дуулгалаа.

 ММСУХ-оос 2012 оны Лондонгийн олимпийн морин тойруулгын уралдааны жоке-д Монгол хүн оролцуулах боломжийг судалж байгаа билээ. Учир нь манай улсад 7-оос дээш насны хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулах журамтай. Уяачдын хувьд бол 5-аас дээш насны хүүхдүүдээ байнга морин уралдаанд оролцуулж, багаас нь мэргэшсэн тамирчид болгон бэлтгэдэг.

 Дэлхий дахинд морин спортыг сонгодог хэлбэрээр хөгжүүлж байгаа газарт Монголын бэлтгэгдсэн хүмүүсийг оролцуулах хүсэлтэй байдаг. Азийн морин уралдааны холбооныхоны хувьд энэ тал дээр дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг уулзалтын үеэр Шадар сайд тавьсан юм.

 Одоогоор УБ хот дотор 3 км-ийн тойргийн радиустай морин тойруулга барих боломж байгаа. Мөн хотоос гадагш ойрхон газарт хэдэн ч км-ийн радиустай морин тойрлууга хийж болохоор нэг газар төлөвлөсөн. Газрын зөвшөөрлийн асуудлыг нь шийдсэн. Харин морин тойруулгын уралдааны байгууламж барих тал дээр Азийн холбооноос дэмжлэг хүсэж байгаагаа дуулгасан юм.

 Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч Гай Сержентийн хувьд дээрх асуудлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид яриа хэлэлцээрийг идэвхижүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгалаа.

 Энэ удаагийн уулзалтын үеэр мөн Ази-Европыг холбосон хамгийн том агаарын зам Монгол Улсыг дайрч өнгөрдөг. Тив дамжсан уралдаан тэмцээнийг аль аль талаасаа ойрхон Монгол Улсад зохион байгуулах боломж байгаа талаар ярилцсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.