Элчин сайдыг хүлээн авч уулзав
2011.11.09

Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Т.Шимизү-г Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Японы найрамдлын бүлгийн дэд дарга Су.Батболд, албаны бусад хүмүүс байлцлаа

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол Улсын талаар өргөн мэдлэг, туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, ноён Т.Шимизү-д баяр хүргэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд парламент, түүний гишүүд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ноён Элчин сайдтай цаашид нягт хамтарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол, Японы харилцааг стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр өнгөрсөн онд Хамтарсан мэдэгдэл гаргасан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болсныг онцлоод, стратегийн түншлэлийн тулгуур баганы нэг нь эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болохыг дурдлаа. Мөн ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хүндэт зочноор Японы парламентын хоёр танхимын дарга нарын айлчлалыг хүлээж буйгаа дуулгаж, ноён Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Элчин сайд Т.Шимизү Монгол Улс хурдацтай хөгжиж байгааг онцлоод, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан хичээж ажиллахаа илэрхийлэв. Японы компаниудыг Монголд оруулах нь хоёр улсын харилцаа, эдийн засгийг шинэ шатанд хүргэхэд чухал ач холбогдолтой хэмээн Элчин сайдын хувьд үзэж буйгаа тэрбээр дуулгаад, энэ асуудалд УИХ-ын даргын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Монгол Улсаас Япон Улсад суух шинэ Элчин сайдыг томилох ажлыг түргэн шийдвэрлэх нь чухал байгааг онцолсон юм. Түүнчлэн уулзалтын үеэр энэ оны сүүлээр Монголын парламентын төлөөлөгчдийн Япон Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар Элчин сайд УИХ-ын даргад танилцуулж харилцан санал солилцов.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.