Монгол улс, европын холбооны хамтарсан хорооны 14 дүгээр хуралдаан болов
Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо амжилттай болж өндөрлөв.
Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Европын Холбооны төлөөлөгчдийг Европын Гадаад харилцааны албаны Гүйцэтгэх ерөнхий захирал Д.Осалливан нар тус тус тэргүүлэв. Хамтарсан хорооны хуралдааны өмнө Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болж, хуралдааныг Гадаад харилцааны Дэд сайд Б.Болор даргалав.
Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг монголын тал дахин нотлож, 2010 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Хамтарсан хорооны хуралдааны дараах хоёр талын хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, дүгнэлт хийв. Талууд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2010 оны 12 дугаар сард үзэглэснийг онцолж, Европын Холбоо тус Хэлэлцээрийг 2011 оны сүүлээр эцэслэн байгуулах зорилгоор хүчин чармайлт гарган ажиллахаар тохирлоо.
Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр нь Европын Холбоо, түүний гишүүн орнууд Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдлын чиглэлд илүү үр ашигтай, хамтран ажиллах үндэс суурийг бүрдүүлж буй юм. ТХАХ-ийн хүрээнд Европын Холбоо Монгол Улстай хоёр талын харилцаагаа гүнзгийрүлэн хөгжүүлж, Монгол Улсыг хөдөө, аж ахуйд суурилсан эдийн засгаас уул уурхайд түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн эдийн засаг руу шилжихэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.
Хоёр тал хамтын ажиллагааг тодорхойлж буй үндсэн баримт бичгүүд болох 2007-2013 он хүртэлх Стартегийн баримт бичиг, 2011-2013 оны баримжаалсан хөтөлбөр, дээрх баримт бичгүүдэд хийсэн дунд хугацааны үнэлгээг харилцан мэдээлж сайшаалаа. Хоёр тал 2007-2013 дунд хугацааны хөтөлбөрүүдэд үнэлэлт дүгнэлт өгөхдөө тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор Монголын техникийн боловсрол, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих төслийг чухалчлан авч үзлээ. ЕХ-ны зүгээс манай улсад дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Техникийн боловсрол, сургалтын төвүүдийг дэмжихэд зориулж 7 сая еврогийн санхүүгийн тусламж олгосноо нотлов. Европын Холбоо Улаанбаатар дахь Техникийн товчооны зиндааг ахиулж, Дипломат төлөөлөгчийн газар болгон өргөтгөх асуудлыг хэлэлцэж байгаагаа мэдэгдлээ.
Монголын тал Европын нийтлэг зарчим, стандарт, норм, хэм хэмжээг нэвтрүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээ хийж буй ажлын талаар ЕХ-ны талд албан ёсоор мэдээлэл хийв. Европын нийтлэг зарчим, стандарт, норм, хэм хэмжээг нэвтрүүлэх ажлын хүрээнд мэдээлэл, туршлага солилцох хэлбэрээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон бөгөөд Европын Холбоо манай улсад Европын холбооны стандартыг хэрэгжүүлэхэд ойрын 2 жилд 8 сая еврогийн буцалтгүй тусламж олгож буй билээ. Манай улсын Стандартчилал, Хэмжил зүйн газрыг Европын Холбооны Стандартын Хорооны хамтран ажиллагч гишүүнээр элсүүлсэн тухай мэдээг хурлын үеэр мэдэгдэж баяр хүргэлээ. Ийнхүү Монгол улс Европын Стандартын Хорооны хамтран ажиллагч гишүүнээр элссэн ЕХ-ны гишүүн бус хоёр дахь орон болж байгаа юм.
Манай улс Европын Холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас” хасуулах хүсэлтээ дахин илэрхийлж энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцыг хоёр тал харилцан мэдээлэв. 2011 оны 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан Европын Холбооны үнэлгээний багийн хийж гүйцэтгэсэн ажлыг талууд сайшаан тэмдэглэв. Европын Комисс нь Монгол Улсын хүсэлтийг нааштай шийдвэрлэхийн төлөө идэвхитэй ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Хамтарсан хорооны хуралдааны үеэр хөрөнгө оруулалт, дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүдэд Европын хөрөнгө оруулалтын банкны зээл авах сонирхлоо монголын тал илэрхийлэв.
Европын Комиссын хөнгөлөлтийн ерөнхий схемийн “ХЕС+” хүрээнд олгож буй худалдааны хөнгөлөлтүүдэд монголын тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Европын Холбоо энэхүү схемийг 2013 оны сүүл хүртэл сунгахаар шийдвэрлэснийг талархан хүлээн авав. Хуралдааны эцэст Монгол улс ЕХ-ны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдааны хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд хамтарсан мэдэгдэлд Шадар сайд М.Энхболд, ЕХ-ны гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал В.И. Будура нар гарын үсэг зурж баталгаажууллаа гэж Брюссель дэх ЭСЯ-наас мэдээллээ.