Шадар сайд Бельгийг зорилоо
2011.10.11

Шадар сайд Бельгийг зорилоо

Бельгийн вант улсын нийслэл Брюссель хотноо аравдугаар сарын 13-ны өдөр болох Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны XIV хуралдаанд оролцохоор Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Монголын талын төлөөлөгчид тус улсыг зорилоо. Энэ удаагийн хамтарсан хуралдаанаар улс төр, худалдаа хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, цөмийн аюулгүй байдал зэрэг үндсэн 10 чиглэлээр яриа хэлэлцээрийг хийх бөгөөд бусад асуудлын хүрээнд ч Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, мэдээлэх, санал солилцох чиглэлтэй байгаа юм. Гол асуудлуудаас онцолбол: Европын Холбооны ДТГ-ыг Улаанбаатар хотноо нээх талаар харилцан санал, мэдээлэл солилцох, Европын Холбооноос гаргасан “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах асуудлын явцын талаар ярилцах, Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүд, мал эмнэлгийн анхан шатны үйлчилгээний нэгжүүдэд үйл ажиллагааны болон хяналт, баталгаажуулалтын Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх, Монгол брэндийн органик бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах чиглэлээр техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Уул уурхайг дагасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх загвар жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, түүнийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсад бүртгэлтэй, импортоор орж ирж байгаа эмийн багагүй хувийг Европын Холбооны орнуудаас импортлож байгаатай холбогдуулан хуурамч эмийг илрүүлэх, хяналт тавих талаар Европын Холбооны орнуудын туршлагыг судлах, хамтран ажиллах. Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны XIV хуралдааны дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажиллагаа болно. Мөн хамтарсан хорооны дараагийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах товыг тохиролцох юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.