Д.Тэрбишдагва: Иж бүрэн түншлэлийн айлчлал боллоо.
-ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өнгөрөгч долоо хоногт манай улсад айлчиллаа. Энэхүү айлчлалыг Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад айлчиллаа. Дэлхийн тэргүүлэгч G-8-ын нэг болох ХБНГУ-ын хамгийн нэр хүндтэй улстөрч, канцлер манай улсад зочилж, хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэхэд чухал түлхэц болох баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Монгол, Герман хоёр орон эртнээс найрсаг харилцаатай байсан бөгөөд манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээгдэж, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, манай улсад тус улсын канцлер анх удаа айлчиллаа. Канцлер Ангела Меркель "Герман, Монголын харилцаа бүх түвшиндээ хөгжиж, манай хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрсэн. Гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагаа бусад салбартай харьцуулахад чамлалттай байгаа билээ. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллахад хоёр талаасаа онцгойлон анхаарах шаардлагатай" гэж онцолж хэлж байна лээ.
Энэ үеэс эхлээд Монгол, Германы хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэх нь гэсэн итгэл төрж байна. Магадгүй Герман улс эдийн засгийн хамтын ажиллагаагаараа манай орны гурав дахь хөрш ч болох юм билүү. Хатагтай канцлер "Бид урьд-чилж ийм, тийм зүйл өгнө гэж янз бүрийн зүйл амлахгүй ээ. Энэ нь бидний дутагдалтай тал ч байж мэднэ. Гэхдээ Германы талаас урт хуга-цаанд тогтвортой, найрсаг түншийн хэлбэрээр ажиллахыг хүсч байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, дэлхийн хамгийн орчин үеийн техник технологи нийлүүлэхээс гадна мэргэжлийн өндөр боловсон хүчин бэлтгэхэд тусална. Ашигт малтмалын салбарт мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн сургалт явуулах чиглэлээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын хөгжилд бидний зүгээс хувь нэмрээ оруулж чадах зүйл бол сайн технологи, сайн боловсон хүчин юм" гэж байр сууриа тодорхой илэрхийллээ. Түүний хэлсэнчлэн бид боловсон хүчин, өндөр мэргэжлийн ажилтнууддаа ХБНГУ-д бэлтгэх буюу МУ-даа сургалт зохион байгуул-бал цаашид бидний хувьд ямар ч салбарт бас нэг давуу талтай болох боломжтой гэж би үзэж байна.
-Айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Эдгээрийг ажил хэрэг болгоход танай бүлгийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж ажиллах бол оо?
-Герман, Монгол орны хууль эрх зүйн тогтолцоо төсөөтэй Манайхан ч шинэчлэл хийхдээ тус улсын туршлагаас судалж, тусгаж авсан зүйл ч цөөнгүй. Хоёулаа л парламентын засаглалтай орнууд. Улс орны хөгжлийн асуудлыг парламентаараа хэлэлцэж шийдвэрлэдэг. Германы парламентад Монгол орныг сонирхдог, Монголын түүх, соёл, зан заншил, монгол хүнийг хүндэтгэдэг, хайрладаг, дэмждэг олон гишүүд байдаг юм билээ. Монголын парламентад ч Монгол-Германы бүлэг бий.
Миний хувьд Германы Гумбольтын их сургууль төгссөн, тэндхийн төр захиргааны байгууллагад ажилласан, Монгол Улсаа төлөөлөн суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байсан гээд амьдралынхаа 20 гаруй жилийг тус улсад ажиллаж, амьдарч, өнгөрүүлсэн болохоор жирийн хүмүүсээс авахуулаад улс төрийн томоохон албан тушаал хашдаг олон танилтай. Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувьд тус бүлгийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарал хандуулан ажиллах нь миний чухал үүрэг.
Энэ айлчлалын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрийг ажил хэрэг болгохыг хоёр орны парламентын бүлгээс дэмжиж ажиллахаас гадна хийхээр ч төлөвлөсөн олон ажил байгаа.
-"Эрдэнэс МГЛ" компани, Германы "ББМ Оперта" компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Ер нь А.Меркелийн айлчлалын зорилго нь Таван толгойг чиглэсэн юм биш үү?
-Миний хувьд энэ айлчлалыг иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн айлчлал гэж дүгнэж байгаа. Улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөрөнгө оруулалт гээд олон асуудлуудыг өргөн хүрээтэйгээр хөндөж ярилцсан. Тиймээс нэг талыг дөвийлгөж, өнгөц дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Нийгэмд буруу ойлголт бий болгож, сайн нөхрийн буруу мэдээлэл түгээж гомдоох учиргүй. Германчууд биднийг зах зээлийн нийгэмд шилжээд зутруухан байхад тусалж байсан. Өөдлөөд ирэх цагтаа ач тусыг нь мартаж болохгүй. Германы Засгийн газар, компаниуд, герман хүмүүстэй хамтран ажиллаж, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлж, ноу хаунаас суралцаж, мэргэжилтэн боловсон хүчнээ бэлтгээд авахад буруудахгүй болов уу гэж боддог. Канцлер А.Меркель "Герман улсын Засгийн газар хувийн компанийн үйл ажиллагаанд хутгалддаггүй" гэж айлчлалын үед мэдэгдэж байсан. Үүнээс харахад түүний айлчлалыг ганцхан Таван толгойг чиглэж, сонирхож ирсэн, энэ төсөлд өөрийнхөө орны компанийг оруулах гэсэн далд зорилготой байна гэж хардах нь хэтэрхий явцууруулсан ойлголт байлгүй дээ.