Монгол улсын шадар сайд М.Энхболд Австрали улсад танилцах айлчлал хийв
Монгол улсын шадар сайд М.Энхболд
2011.11.07

Монгол улсын шадар сайд М.Энхболд Австрали улсад танилцах айлчлал хийв

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар Австрали Улсад танилцах айлчлал хийв. Төлөлөөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Улсын онцгой байдлын газрын орлогч дарга Д.Намсрай, Шадар сайдын зөвлөх Б.Жавзанхүү болон ХЗДХЯ, НХХЯ, БСШУЯ, Улаанбаатар дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын холбогдох албан тушаалтнууд багтсан байна. 

Айлчлалын гол зорилго нь Австралийн нийгмийн хамгааллын тогтолцоо, хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаархи туршлагыг судлахад чиглэгдсэн бөгөөд төлөөлөгчид Австралийн Гэр бүл, орон сууц, нийгмийн үйлчилгээ, уугуул иргэдийн яам, Хүний үйлчилгээний яам, Статистикийн товчоо, Онцгой байдлын комисс, Шинэ Өмнөд Уэльс муж болон Нийслэлийн газар нутгийн Засгийн газруудын Хүүхдийн асуудал эрхэлсэн комисс, Австрали дахь ЮНИСЕФ-ийн төлөөлөгчийн газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Шадар сайд М.Энхболд айлчлалынхаа үеэр Австралийн Гадаад хэргийн сайд Кевин Радд, Хүний үйлчилгээний сайд бөгөөд Нийгмийн оролцооны сайд Таня Плиберсек, Парламентын гишүүн бөгөөд Парламент дахь Австрали, Монголын парламентын бүлгийн дарга Кирстен Ливермор, Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Ерөнхий захирал Питер Бакстер нартай тус тус уулзаж хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. Тэрээр Гадаад хэргийн сайд К.Радд, ОУХА-ийн Ерөнхий захирал П.Бакстер нартай хийсэн уулзалтуудынхаа үеэр Австралийн Засгийн газраас саяхан дэвшүүлсэн “Уул уурхайг хөгжилд зориулъя” санаачилгад Монгол Улсыг багтаахыг манай тал хүслээ.

 Уг санаачилгын гол зорилго нь хөгжиж байгаа орнуудад байгалийн баялгийн нөөцөө эдийн засгийнхаа хөгжилд зохистой хэлбэрээр ашиглахад туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд нийт 120 сая гаруй ав.долларын хэмжээтэй хөтөлбөрийг Африк, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 30 гаруй улс оронд хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Австралийн Засгийн газар уул уурхайг хөгжүүлж буй улс орнуудын иргэдэд богино болон урт хугацааны сургалт явуулж, бакалавр болон магистрын сургалтын тэтгэлэг олгох, уул уурхайтай холбогдсон нийгэм, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилладаг ТББ-дад туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

 Австралийн тал Монгол Улсыг уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлж байгаа орны хувьд дээрх хөтөлбөрт багтах бүрэн үндэслэлтэй гэж үзэж буйгаа тэмдэглээд манай хүсэлтийг нааштайгаар хүлээн авав. Австралийн ОУХА энэ ажлыг Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан ажиллахаар болов. Талууд хоёр талын болон олон талт бусад хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.