Г.Шийлэгдамба: Налайх дүүргийн 95 сая төгрөгийн өрийг шийдвэрлэсэн
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба
2015.06.16

Г.Шийлэгдамба: Налайх дүүргийн 95 сая төгрөгийн өрийг шийдвэрлэсэн

Эрүүл мэнд, спортын сайд өнгөрсөн пүрэв гаригт Налайх дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзсан юм. Энэ талаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Налайх дүүргийн эмнэлгүүдэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

Налайх дүүрэг бол хэвтээ, босоо тэнхлэгийн гол замын уулзварт байрладаг онцлогтой. Ийм учраас хөл хөдөлгөөн ихтэй, авто тээврийн осол гэмтэл их гардаг. Хөдөлгөөнт хүн ам, түр оршин суугч олонтой. Тиймээс Налайх дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд дүүргийнхээ 35 мянган иргэдээс гадна зэргэлдээх аймаг, сумдын иргэд болон түр оршин суугч иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, харьцангуй ачаалал ихтэй ажилладаг.

Хамгийн гол тулгамдсан асуудал бол олон жил ашигласан барилга байгууламжтай. Тиймээс Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн материаллаг баазыг сайжруулах тал дээр төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөрөнгөөр зарим асуудлуудыг нь шийдэх шаардлагатай байна.

Бид Сонгинохайрхан дүүрэгт загвар эмнэлгийн төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна. Яг ийм жишиг эмнэлгийг бусад дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд зохион байгуулах, түүнд нийцсэн зураг төсөл гаргаж, барилга байгууламжийг барих, төрөлжсөн тасгуудыг байршуулах, ингэж байж төв эмнэлгүүд дээр үүсэх ачааллыг багасгах шаардлагатай байна.

Нөгөө нэг тулгамдаж буй асуудал нь дүүргийн өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдлыг илүү сайжруулах шаардлагатай байна. Анхан шатны тусламж, эмчилгээ үйлчилгээ илүү чанартай, хүртээмжтэй сайн болоод ирвэл дараа дараагийн шатанд очих ачаалал багасна. Ингэснээр эмнэлгийн бүх шатны ачаалал хэвийн болж үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ.

2015 онд хөрөнгө оруулалт болон хүний нөөцийн хувьд анхан шатны буюу дүүргүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бусад газрын асуудлыг шийдвэрлэх зорилго тавьсан. Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-аас үзүүлэх 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үндсэндээ бүх шатлалынхаа тоног төхөөрөмж, оношлогоо шинжилгээний нөхцөл байдлыг сайжруулахад хөрөнгө оруулалт болгож зарцуулна. Ингэж чадвал иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг үе шатлалтай нь бүх орон нутагт шуурхай явуулах боломж бүрдэх юм.

-Эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Эмнэлгүүд удахгүй эм тарианы нөөцгүй болно гэсэн мэдээлэлбий. Налайх болон бусад дүүргийн эмийн төсөв хэр хүрэлцээтэй байна вэ?

Эмийн төсвийг дотор нь задлаад үзэхээр орон нутаг, дүүргүүдэд харилцан адилгүй байна. Тухайлбал, нийслэл хотоос аваад үзэхээр төвийн дүүргүүдээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн амын төвлөрөл ихтэй, түүнийгээ дагаад эмийн төсвийн хүрэлцээ хангамж, хэрэгцээ нь харилцан адилгүй өндөр байх жишээтэй. Алслагдсан дүүргүүдийн хувьд Налайх дүүрэг 35 мянган хүн амтай, хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг.

Ойролцоо сум орон нутгийн иргэдэд давхар тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас эмийн төсвийн зарцуулалт их өндөр байна. 2015 оны тавдугаар сарын 30-ны байдлаар Налайх дүүрэг 95 сая төгрөгийн өртэй байсан. Улсын хэмжээнд 7.8 тэрбум төгрөгийн үүсээд байсан өр зээлийн асуудлыг шийдсэн учраас цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоотой болж байна.

-Эрүүл мэндийн салбар элэгний С вирусыг устгах эмийг оруулж ирэх тухай 2-3 жил ярьсан. Харин саяханажил хэрэг болгож, элэгний эмийг хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр боллоо. Налайх дүүргийн эмнэлэгхүртэл элэгний В, С вирустэй иргэдээ бүртгээд, зохих шинжилгээ оношлогоог хийгээд эхэлсэн байна?

Элэгний C вирусыг өндөр хэмжээнд устгах хүчин чадалтай олон улсын төвшинд эрэлт хэрэгцээтэй байгаа, сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт амжилтаар эмийг Монгол Улсынхаа ард иргэдийн хэрэгцээ шаардлагад ашиглах таатай боломж бүрдсэн.

Бид элэгний С вирусыг устгах хүчин чадалтай хоёр эмийг Монгол Улсад албан ёсоор бүртгэж авсан. Нэг эм нь Совалди. Энэ эмийг сарынхаа хэрэгцээнд 300 ам.доллараар, гурван сарын курс эмчилгээнд 900 ам.доллараар Монгол Улсын эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд ашиглах боломжтой болсон.

Нөгөөх нь сүүлд бүртгэгдсэн Харвони эм юм. Энэ эм нь нэг сарын хэрэгцээ нь 400 ам.доллар, гурван сарынх нь хэрэгцээ 1200 ам.доллар. Ийм хоёр эмийг эмчилгээнд ашиглах бололцоотой болсон. Гэхдээ энэ хоёр эм харилцан адилгүй. Совалди эм сарын хэрэгцээ нь 300 ам.доллар байлаа ч гэсэн хавсармал бүтээгдэхүүнтэй хэрэглэж байж үр дүнтэй байх жишээтэй. Харин сүүлийн Харвони эмийн онцлог нь өөр бусад эмийн бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэхгүй, дангаар нь хэрэглэнэ.

Хэдийгээр нэг сарын хэрэгцээ нь 400 ам.доллар байлаа ч өөр олон үнэтэй эм тариа давхцаж хэрэглэхгүй учраас иргэдийн эмчилгээнд өртөг зардал багатай тусч байгаа юм. Олон улсын зах зээл дээр энэ хоёр эмийн нэг нь 84 мянган ам.доллар, нөгөө нь 94 мянган ам.доллар байна. Тиймээс бид Европ, Америкийн зах зээл дээр хэрэглэгдэж байгаа Канад улсад үйлдвэрлэсэн жинхэнэ оргинал эмийг ийм таатай нөхцлөөр хүлээн авч, элэгний С вирусыг устгах боломж бүрдэж байна.