Цонхны шилээ ч солих эрх мэдэлгүй эмнэлгүүдээс чанартай үйлчилгээг шаардах боломжгүй
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.06.10

Цонхны шилээ ч солих эрх мэдэлгүй эмнэлгүүдээс чанартай үйлчилгээг шаардах боломжгүй

Өрөнд орж, “модоо барихдаа” тулаад байсан эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж баталсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг цаашид хэрхэн хэвийн явуулах боломж байгаа талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

4-р УЛИРЛЫН ТӨСВИЙГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР ШИЙДВЭРЛЭНЭ
-Эмнэлгүүд өрөнд орж улмаар үүдээ барихын өмнөхөн Засгийн газраас энэ асуудлыг шийдлээ. Эм эмнэлгийн хэрэгсэлд хичнээн төгрөг нэмж төсөвлөв. Төсөвлөсөн мөнгө энэ жилийн хувьд бүрэн хүрэлцэх үү?

Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар оны эхний таван сарын байдлаар 7.8 тэрбум төгрөгийн өртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэх боломжгүй болж, эмнэлгүүдийн тулгамдсан асуудлын нэг болоод байсан билээ.

Өнгөрсөн онд нийт эмийн төсөв 68 тэрбум төгрөгөөр батлагдсныг энэ онд 8 тэрбум төгрөгөөр багасгаж 60 тэрбум төгрөг болгон баталсан. Гэтэл эхний хагас жил өнгөрөөгүй байгаа энэ үед 7.8 тэрбум төгрөгийн өртэй болсон учир Сангийн яам болон холбогдох байгууллагатай тодорхой судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр өрийн нарийн задаргааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд нийт 13.8 тэрбум төгрөгийг Эрүүл мэнд, спортын яамны эмийн төсөвт нэмж суулгуулахаар боллоо.

-13.8 тэрбум төгрөгийг хэрхэн бүрдүүлж, эмийн төсөвт суулгахаар болов?

Засгийн газрын хуралдаанаар салбарын энэ оны төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр болон гуравдугаар улирлын төсөвт нэмэгдүүлэн оруулах замаар шийдвэрлэсэн. Энэ мөнгөөр эмнэлгүүдийн өрийг барагдуулж, цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэх боломжийг бүрдүүлнэ.

-Тэгэхээр дөрөвдүгээр улиралд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах төсвийг хэрхэн бүрдүүлэх юм бэ. Энэ бас л асуудал болох юм биш үү?

Дөрөвдүгээр улиралд шаардлагатай төсөвлөгдсөн 13.8 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар буюу төсвийн тодотголоор нэмэж шийдвэрлэхээр болсон.

-Эмийн төсвийн танасан нь нэг хэсэг өрний асуудалд орж, дуулиан дэгдээсэн ч өнгөрсөн оныхоос нэлээд хэдэн тэрбум төгрөгөөр эм эмнэлгийн хэрэгслийн төсвийг нэмж батлуулсан хэрэг болж байх нь ээ?

Тийм ээ. Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын эм эмнэлгийн хэрэгслийн төсөвт 68 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Харин энэ жил нийтдээ 73.8 тэрбум төгрөгийг эмийн төсөвт зарцуулахаар болж байна.

ЭМНЭЛГҮҮДЭД АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ
-Ингэхээр бас эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн зарцуулж байгаа талаар хяналт хийх шаардлага тулгарах байх даа?

Тэгэлгүй яах вэ. Эмнэлгийн байгуулагууд эмийн зарцуулалтын төсвийг үнэхээр  эрэлт нийлүүлэлтийнхээ бодиттой түвшинд явуулж байгаа эсэхэд аудитын шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

-Эмнэлгүүд иргэдийг өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслээ гаднаас авахуулдаг талаарх гомдол их байдаг. Үүнд ямар зохицуулт хийдэг юм бэ?

Иргэдээс эмнэлгийн үйл ажилагаагаа, үйлчилгээтэй холбоотой олон санал гомдол ирдэг. Үүний нэг нь яах аргагүй эмийн үйлчилгээтэй холбоотой байдаг л даа. Тиймээс бид дотоод хяналт шалгалтыг өөрчлөх, ер нь эмнэлгүүдийг эхний хагас жилийн байдлаар үр дүнгийн гэрээг нь хянаж үзэх гэж байна.

Өмнө нь эмнэлгүүдийн үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг байсан шалгуур нь хэтэрхий өндөр үнэлэмжээр дүгнэдэг байсан нь бодит байдал дээр нийцэхгүй байгаа нь иргэдээс ирж байгаа санал гомдлоос ажиглагдсан. Ер нь энэ асуудал тодорхой хувь хүн, эмнэлгийн удирдлагуудаас шалтгаалан үүсдэг нь нууц биш. Тэгэхээр л эрүүл мэндийн салбарыг хагас бие даасан байдалтай болгох шаардлагатай байгаа гээд байгаа нь бас үүнтэй холбоотой.

Ер нь төсөвт байгуулага гээд ганц цонхны шил ч сольчих боломжгүй нөхцөлд улсын эмнэлгүүдээс нээх сайн сайхан, чанартай тусламж үйлчилгээг шаардах боломжгүй байгаа юм. Тиймээс лудирдлагын тогтолцоог өөрчлөх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

-Хагас бие даасан байдал ер нь хэзээ хэрэгжих боломжтой юм бэ. Та сайд болсон цагаасаа л энэ асуудлыг ярьж байсан шүү дээ. Яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм бэ?

Энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэж байж батлагдах ёстой. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн үзэл баримтлалыг нь Засгийн газраар оруулаад удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Энэ асуудлыг гишүүд ойлгоод удахгүй батлаж өгөх байх гэж бодож байгаа.

ИРЭХ ЖИЛЭЭС ЭМИЙН ЕРӨНХИЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ ХИЙНЭ
-Эмнэлгүүдийн өрийн асуудлын багагүй хувийг өндөр өртөгтэй эм худалдан авснаас үүссэн гэдгийг албаны хүмүүс мэдээлдэг. Ер нь энэ асуудлыг зохицуулах талаар ямар ажил хийж байна вэ?

Эмийн төсөвтэй холбоотой цаашид анхаарах олон зохицуулалт байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг манай яам Засгийн газарт танилцуулсан.

Энэ хууль батлагдвал эмнэлэг тус бүр дээр явагдаж байгаа худалдан авалтыг өөрчилж, гол гол нэр төрлийн олноор хэрэглэгддэг эрүүл мэндийн салбарт хэрэглэлддэг эм эмнэлгийн хэрэгслийг төр өөрөө худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг эрх бүхий байгуулагаар ерөнхий худалдан авалт хийлгэнэ.

-Тэгвэл өнөөх валютын өсөлт эмийн үнийн өсөлт зэрэг асуудал зохицуулагдах боломжтой гэсэн үг үү?

Тийм ээ. Ерөнхий худалдан авалт нь гурав орчим жилийн хугацаатайгаар хийгдэхээр тусгагдсан. Тэгэхээр тухайн жилийн валютын өсөлтөөс үл хамаарч, олон хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа учраас хамгийн тогтвортой, хямд өртгөөр нийлүүлэх замаар ерөнхий худалдан авалтыг зохион байгуулдаг болгохоор төлөвлөж байна.

-Үүнийг хэзээнээс ажил хэрэг болгох вэ?

Ирэх жилээс энэ ажлыг зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Мөн улсын эмнэлгүүд дээр реформын шинжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг их хуралд өргөн барьсан. Энэ хууль батлагдвал улсын эмнэлгийг төсөвт статусаас нь арай өөрөө буюу удирдах зөвлөлтэй болгоодудирдах зөвлөл нь өөрөө тухайн эмнэлгийнхээ менежментийг цааш нь хагас бие даасан байдлаар авч явдаг нөхцөл бүрдээд ирэхээр дандаа амбулатороор улсын эмнэлгүүд өөрсдөө эмийн сангаараа эмийн худалдаагаа хийгээд ирэхээр ерөнхий худалдан авалтаар авсан хамгийн хямд өртөгтэй эмийг худалдах боломж бүрдэнэ.

Ингэхээр монопол эмийн худалдаа байхгүй болно гэж ойлгож болно. Ер нь эмийн болон эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудлыг цогцоор нь шийдвэрлээд ирэхээр иргэдийн нуруун дээр үүрэгддэг гол асуудлууд шийдэгдэх боломжтой болох юм.

-Эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд тусламж үйлчилгээ авч чадахгүй тохиолдол багагүй гарч шүүмжлэлийг дагуулдаг. Энэ асуудлыг ирэх сарын нэгнээс мөрдөх хуульд зохицуулж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулаач?

Эрүүл мэндийн даатгалын хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээний багцууд нэмэж орсон байгаа. Тухайлбал өндөр өртөгтэй эмийн асуудал, өдрийн эмчилгээний асуудлыг тусгаж өгсөн байгаа. Хууль хэрэгжээд ирэхээр энэ асуудал байхгүй болно.

-Тоног төхөөрмжийн засвар үйлчилгээний асуудал эмнэлгүүд дээр байдаг юм билээ. Тухайлбал тендерт ялалт байгуулж тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниуд тухайн барааныхаа баталгаат засварын хугацааг дуусахаас өмнө татан буугдчихдаг гэх мэт асуудал байдаг юм билээ. Яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулах боломж байгаа юу?

Өмнөх жилүүдэд тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хэрхэн зохион байгуулдаг байсан талаарх мэдээлэл хомс байна. 2015 онд эдийн засгийн хүндрэлтэй жил байсан учир эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн худалдан авалт явагдсан асуудал бага байгаа.

Ер нь манай яаман даар байгаа бүх худалдан авалтыг Худалдан авалтын газар руу шилжүүлсэн болохоор яаман дээр ямар нэгэн худалдан авалт явагдахгүй байгаа. Гэхдээ мэдээж яамны зүгээс бол альваа худалдан авалтын сонгон шалгаруулалтыг явуулахдаа найдвартай, ойрын хэдэн жилдээ татан буугдчихааргүй компаниудыг сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Эмийн тендер бас хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бүрэн зарлагдаж дуусаагүй байх гэх мэдээлэл байгаа. Энэ асуудал хэзээ бүрэн шийдэгдэх вэ?

Эмийн тендерыг эмнэлгүүд дотооддоо зохион байгуулж байгаа. Гэхдээ одоо хөрөнгө санхүү төсөв нэмж батлагдсан болохоор удахгүй энэ асуудалд шийдэгдчих байх аа.