Үндэсний эмийн үйлдвэрлэгч, эм зүйч нарын дунд хэлэлцүүлэг хийв
Монгол Улсад 2005 оноос олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг тавьснаар дотоодын эмийн нэр төрөл, бүтээгдэхүүний хэмжээн өссөөр ирлээ.
Гэсэн хэдий ч эмийн үйлдвэрийн байршлын төлөвлөлт саланги, зураг төслийн дагуу хийгдээгүй зориулалтын бус байр, чанарын хяналтын лаборатори нь олон улсын түвшинд хүрч хөгжөөгүй, хүн хүчний нөөц шаардлагын хэмжээнд бэлтгэгдээгүй зэрэг бэрхшээл ихэнхи үйлдвэрлэгчдэд тохиолдсоор байна.
2012-2015 онд АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн хүрээнд зарим үндэсний эмийн үйлдвэрүүдэд техникийн туслалцаа үзүүлэн ажилласанаар зарим үйлдвэр өргөтгөл шинэтгэлийг хийсэн байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэнд спортын яам, Монголын эм зүйн ажилтны нэгдсэн “Эм холбоо” ТББ-тай 2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу дотоодын бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэж, импортыг орлох, экспортод гаргахад дэмжлэг үзүүлэн, орчин үеийн шинжлэх ухаан, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн хүчнийг чадавхжуулах зорилгоор “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ыг үндэсний эмийн үйлдвэрт нэвтрүүлэх хөтөлбөрийг боловсруулан эмийн үйлдвэрийн эм зүйч нарт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлгээр эмнэлгийн хэрэгсэл, эм, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаа, экспорт, импортод тавих стандартын шаардлага, хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үндэсний эмийн үйлдвэрт “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй талаар ярилцлаа.
Дотоодын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, экспортод гарах боломж бүрдэх, импортыг орлох, зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр үнийг тогтвортой байлгах ач холбогдолтой гэж дүгнэн хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, хүлээгдэж буй үр дүнг, 2015-2020 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг санал нэгтэйгээр дэмжлээ.
ОХУ, БНХАУ зэрэг орнуудын туршлагаас үзэхэд эм хангамжийн салбарын хөгжлийг дэмжсэн эмийн үнийг тогтвортой байлгах, импортыг бууруулах, экспортыг дэмжих орчин үеийн эмийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилт төрийн бодлогод тусгагдсаны дагуу өндөр өртөгтэй шинэ үйлдвэрийн төслүүдийг эхлүүлээд байгаа аж.