Цэнгээнт бүжгийн анхдугаар наадам эхэллээ
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол цөм нь нийтийн биеийн тамир байхаар тодорхойлсон.
Энэхүү төрөөс гаргасан бодлогыг ажил хэрэг болгон анх удаа "Нийтийн цэнгээнт бүжгийн анхдугаар их наадам-2015" улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болж өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба нээлтэд оролцож үг хэллээ.
Улсын хөгжлийг даган хүн амын амьдралын хэв маяг болон хөдөлмөр эрхлэлт, соёл, иргэншилд гарч байгаа өөрчлөлт нь хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэхэд хүргэж байна.
Нийтийн бүжгийн спорт нь иргэдийн дунд зонхилон тохиолдох болсон өвчлөл хэт их таргалалт, хөдөлгөөний дутагдал, халдварт бус өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх алхам болдог. Энэхүү спортоор аль ч насны иргэд хичээллэх бүрэн боломжтой.
Тиймээс нийтийн бүжгийн спортыг хөгжүүлэх, түгээр хичээллэж байгаа хүмүүсийн идэвхи сонирхлыг өрнүүлэхэд энэхүү нийтийн цэнгээнт бүжгийн анхдугаар их наадам ихээхэн ач холбогдолтой гэдгийг салбарын сайд энэ үеэр онцоллоо.
Нийтийн цэнгээнт бүжгийн анхдугаар их наадамд хот хөдөөгийн нийт 10 гаруй бүжгийн хамтлаг оролцож байгаа бөгөөд уг тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж шилдэгүүдээ тодруулах юм байна.