“Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” сэдэвт улсын зөвлөгөөн Сэлэнгэ аймагт эхэллээ
“Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” сэдэвт улсын зөвлөгөөн Сэлэнгэ аймагт эхэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөнд улсын хэмжээнд сувилахуйн үйлчилгээ явуулдаг төв эмнэлгүүд болон бүсийн оношилгоо үйлчилгээ явуулдаг эмнэлгүүдийн дарга, удирдлагууд, сувилахуйн албаныхан оролцож байна.
Зөвлөгөөн өнөөдөр 09 цагт Сэлэнгэ аймагт эхэлсэн юм. Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нээж хэлсэн үгэндээ “...Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь “удирдлагын дэмжлэгт орчин бүрдүүлэх” асуудал бөгөөд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дарга захирал, удирдлагууд сувилахуйн тусламж үйлчилгээ, түүний зорилго, чиглэл мөн чанарыг хамтран ярилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсноор энэхүү дэмжлэгт орчин, байгууллагын удирдлагын нэгдмэл байдлыг хангана гэж бид үзсэн юм.
Энэ хүрээнд та бүхний үндсэн зорилго бол сувилагчийн постыг компютержүүлэх, чанарын үнэлгээ, сувилагчийн ээлжийн ажлын цаг богиносгох, сувилагчийн орон тоо, цалин хөлсийг нэмэгдүүлэх гэсэн тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа нь үр дүнтэй бөгөөд салбарын өмнө тулгамдсан бас нэг зорилтыг шийдэхэд бодит хувь нэмэр болно гэж үзэж байна.
Ийнхүү бид хамтарснаар бүтээмж өндөрсөж, нийт ажиллагсадын урам зориг, ажиллах сонирхол нэмэгдэж, хөгжлийн хөшүүргийг бий болгох юм. Дээр дурдсан болон салбарт нийтлэг тулгамдаж буй асуудлаар цаашид ч бид ийм хэлбэрийн олон арга хэмжээ зохион байгуулж та бүхнийхээ санал бодлыг тусгахын төлөө ажиллах болно” гэсэн юм.