Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар зөвлөмж өглөө
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.05.18

Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар зөвлөмж өглөө

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон газар, хэлтсийн дарга удирдлагууд 2015 оны тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн ажил байдалтай танилцлаа.

Яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг болон олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгуудаар орж, эмч ажилчид, эмчлүүлэгчидтэй уулзан санал бодлоо солилцсон байна. ХӨСҮТ-д 03 дугаар сарын 18-наас хойш улаанбурхан өвчний оноштойгоор нийт 4000 шахам эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлснээс 3500 гаруй нь эмчлэгдэн гарсан байна. 

Өвчний тархалт их байгаатай холбогдуулан амбулаторийн тасаг, элэгний клиник болон бруцеллёзийн тасгийн үйл ажиллагааг зогсоон 200 орыг нэмж, яаралтай тусламжийн тасаг болон эрчимт эмчилгээний тасгуудад нэмэлтээр 70 гаруй эмч, 200-гаад сувилагчийг ээлжээр ажиллуулж байгаа талаараа төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Хоногт үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчийн тоо 350-400 байгаа ба одоогийн байдлаар 348 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа аж.  

Ажлын хэсгийнхэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа 16 эмчлүүлэгчийн биеийн байдалтай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар зөвлөмж өгсөн байна.