Монгол- Францын эрүүл мэндийн салбарын анхдугаар чуулга уулзалт боллоо
2015.06.05

Монгол- Францын эрүүл мэндийн салбарын анхдугаар чуулга уулзалт боллоо

Монгол, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны 20 жилийн ойн хүрээнд Монгол, Франц улсын эрүүл мэндийн салбарын чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Монгол Улсад 1990-ээд оноос Франц улсын эмч, эмнэлгийн ажилтанууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл ирж, Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт ажиллаж, Монголын эмч, эмнэлгийн ажилтануудыг мэргэшүүлэн сургахад ихээхэн туслалцаа үзүүлэн хамтран ажилласаар ирсэн билээ.

Монгол, Франц хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тод илрэл нь ЭМСЯ-ны харьяа Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төвийн төсөл юм. Төслийн хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмжөөс гадна Парисын их сургуулиуд хамтран оролцож эмч мэргэжилтэний мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа нь салбарын хүний нөөцийн асуудалд ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн Францын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнүүд Монгол Улсад зүрхний титэм судас тэлэх дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс засал зэрэг олон шинэ туршлагыг манай улсад нэвтрүүлж эмч мэргэжилтэнүүдийг сурган дадлагажуулсаар ирсэн нь томоохон хөрнгө оруулалт болсоор байна. Ийнхүү Монгол- Францын эрүүл мэндийн салбарын анхдугаар чуулга уулзалт болж, хоёр улсын эрүүл мэндийн салбарынхаа цаашдын хөгжил хамтын ажиллагааг хэлэлцэж байна.