Элэгний C вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийн үнийг зарлалаа
2015.06.10

Элэгний C вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийн үнийг зарлалаа

Дөнгөж сая элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын Gilead Sciences компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажууллаа.

АНУ-ын Gilead Sciences компаниас манай улсад нэг сарын $400 буюу нэг курс эмчилгээний эмийг $1,200 үнэтэйгээр нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Эмийн албан ёсны борлуулагчаар "Омбол" ХХК ажиллах юм байна.

ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ $94,000 байдаг гэнэ.

АНУ-ын Gilead Sciences компанийн төлөөлөгч эмийн тухайд "Энэ эм нь чанар, найрлагын хувьд АНУ болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа эмнээс ялгаагүй" гэж хэллээ.

Мөн энэ үеэр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын Gilead Sciences компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.

Манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм.

ХАРВОНИ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН 96-97 ХУВЬ

 

Санамж бичиг зурах ёслолын дараа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба "Олон улсын стандартын шаардлага хангасан эмнүүдийн Монгол Улсад нэн хямдралтай үнээр нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго Харвони эмийг эмчилгээнд ашиглах. Эмчилгээний үр дүн нь Харвоний эмийн хувьд 96-97 хувьтай өндөр байдаг. Бид аль болох богино хугацаанд эмийг эмчилгээнд оруулахаар ярилцсан байгаа.

Эмээр явагдах эмчилгээ, үйлчилгээний асуудлыг маш сайн явуулах шаардлагатай учраас ЭМС-ын сайдын тушаалаар энэхүү эмээр эмчлэх журмыг гаргасан. Журмын дагуу тодорхой төлөвлөгөөтэй эмчилгээ явагдана" гэдгийг онцолж хэлэв.