Эмийг худалдаалж эхэлснээс хойш үнэ нь өснө гэсэн асуудал байхгүй
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.06.11

Эмийг худалдаалж эхэлснээс хойш үнэ нь өснө гэсэн асуудал байхгүй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АНУ-ын "Gilead Sciences " компанитай хамтран ажиллаж, элэгний архаг вирусыг эмчлэх эмийг оруулж ирэх санамж бичиг байгуулахаар боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

Элэгний вирусын өвчлөл эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал гэдгийг бүгд мэднэ. Харин бид шинжлэх ухааны ололтоор бүтээсэн, элэгний вирусыг эмчлэх өндөр үр дүнтэй эмийг Монгол Улсын эмийн зах зээлд нийлүүлж, албан ёсоор бүртгэж, улмаар элэгний өвчтэй хүмүүсийн хэрэглээнд ашиглах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, элэгний С вирусыг эмчлэх чадал бүхий олон улсын стандартын шаардлага хангасан Совалди-собосфовир болон Харвони эмүүдийг нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Монгол Улсад зөвхөн С вирусын халдвартай 150 мянга орчим хүн бий. Судалгаагаар гаргасан дүнгээр шүү дээ. Үүнээс 52 мянга орчим нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс бий. Харин Харвони эмийг эмийн бүртгэлд бүртгэснээр. эмчилгээнд ашиглах бололцоо бүрдэж байгаа юм.

-Харвони эмийн эмчилгээний үр дүн нь ямар байх вэ?

Тус эм 96-98 хувийн эмчилгээний үр дүнд хүрэх боломжтой бүтээгдэхүүн юм.

-Үнийн талаар тодруулаач?

АНУ-ын эмийн зах зээл дээр гурван „сарын эмчилгээний хэрэглээ нь 94 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа. Харин санамж бичгийн хүрээнд тус эмийг манай улсад маш хямд үнээр нийлүүлэх юм. Дэлхийн хэмжээнд Египт болон манай улсад нь хамгийн доод үнээр нийлүүлж байгаа. Египтэд элэгний С вирустай нэг сая хүн бий. Харин манай улсад 150 мянга орчим хүн байдаг. Хэдийгээр манай улсын эмийн хэрэгцээ, шаардлагатай хүмүүсийн тоо Египттэй харьцуулахад харьцангуй бага боловч хямд үнийн боломжийг манай улсад өгч байгаа.

Мөн тус эмийг худалдаалах үнийг тухайн оронд С вирусын тархалт ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зэргийг харгалзан үзэж тогтоодог юм билээ.

Манай улсад энэ эмийн нэг сарын хэрэглээний үнэ 400 ам.доллараар худалдаалахаар болсон. Энэ эмийг гурван сар ууж байж нэг курс эмчилгээ болно. Тэгэхээр нэг курс эмийн үнэ нь 1200 ам.доллар болно гэсэн үг. Ер нь бол эмийн хамгийн хямд үнийг санал болгож байгаа нь монголын нөхцөлд иргэд өөрсдийн хувийн зардлаар эмийг худалдан авч байгаатай холбоотой юм.

-Харвони эмийг хэзээнээс эмчилгээнд хэрэглэх юм бэ?

Бид аль болох богино хугацаанд эмчилгээнд хэрэглэх асуудлыг ярьж байгаа. Иргэдийн эрүүл мэндийн шаардлагыг харгалзан үзээд богино хугацаанд эмийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Ерөнхийдөө бид хамгийн ойрын хугацааг IV улирал гэж тооцоолж байгаа. Үүнээс гадна эмчилгээ, үйлчилгээний асуудлаа маш сайн анхаарч ажиллах шаардлага бий.

Тиймээс Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг элэгний С вирусыг эмчлэх эмчилгээний заавар, журам, удирдамжийг албан ёсоор баталж гаргасан. Үүний дагуу улсын хэмжээнд элэгний С вирустэй иргэдийг эмчлэх ажлыг тодорхой график, төлөвлөгөөний дагуу явуулах юм.

-Эмийг ямар заалтаар хэрэглэх талаар мэдээлэл өгөөч?

Тус эмийг эмчийн хяналтад хепатит С вирусын генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн эмчилгээнд хэрэглэх юм. Тодруулж хэлбэл, зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу ууж хэрэглэнэ гэсэн үг.

Ингэхдээ эмийг эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Бусад эмүүдийн хувьд өөр эмтэй хавсарч хэрэглэдэг шүү дээ'. Улмаар үндсэн бусад эмийг бид хямдруулсан ч дагалдан хэрэглэдэг эмийн бүтээгдэхүүний үнэ нь их өндөр байдаг.

Тухайлбал, зарим эмийн нэг курс нь 3000-4000 ам.долларын өртөгтэй байх жишээтэй. Харин эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалаад 3-6 сар байна. Гэхдээ тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаалаад эмийг нэг сар хэрэглээд үр дүн гарч болно шүү дээ. Улмаар нэг, хоёр, гурван саруудад багтаж л тухайн хүнд 96-98 хувиар туслах боломжтой.

-Эхний ээлжид эмийг хямд үнээр нийлүүлж байгаа. Цаашдаа хэрэглэж эхэлсний дараагаар үнийг нь өсгөх вий гэсэн хардлага байна?

Эмийг худалдаалж эхэлснээс хойш эмийн үнэ өснө гэсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу сарын хэрэглээ нь 400 ам.доллараар л худалдаалагдана. Энэ эмийн зах зээл дээрх эрэлт бодитой үйлдвэрлэлээсээ 3-4 их байдаг. Гэсэн хэдий ч байгуулсан санамж бичгийн дагуу эмийн нийлүүлэлтийг таслахгүй.

Өөрөөр хэлбэл, тэдэн ширхэг эм оруулж ирнэ гэсэн тооны хязгаар байхгүй юм. Гэхдээ эмийг тодорхой үе шаттайгаар оруулж ирнэ. Тодруулбал, эхний ээлжид тодорхой тооны эмийг оруулж, дараагаар нь дахин эмийг оруулж ирэх гэх мэтээр ажиллана. Ер нь зөвхөн энэ эмээс гадна тухайн байгууллагаас цаашид үйлдвэрлэн гаргах эмийг нэвтрүүлэх талаар ажиллаж байгаа.

-Үүнээс гадна эмийн чанарт эргэлзэх эргэлзээ гарч байгаа. Энэ асуудалд хариулт өгөөч?

Харвони нь үйлдвэрлэгч компанийн үндсэн үйлдвэрийн аргаар үйлдвэрлэгдэж байгаа эм. АНУ болон Европын зах зээлд нийлүүлж байгаа эмнүүдээс нь ямар ч ялгаа байхгүй. Хөнгөлөлт хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр өгч байгаа эмээ зөвхөн өнгөөр ялгана. Түүнээс биш бүтээгдэхүүний үндсэн найрлага, арга барил, бүтээгдэхүүний баглаа боодолд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг компанийн төлөөлөл хэлсэн байгаа.

-Эмийг ямар компани оруулж ирэх бэ?

Харвони эмийг "Gilead Sciences " компанитай гэрээтэй ажилладаг “Омбол” компани оруулж ирнэ.

-Эрүүл мэндийн даатгалаар олгодог хенгөлөлттэй эмийн жагсаалтад тус эмийг оруулах боломж байгаа болов уу гэдгийг нэлээд хүн сонирхож байгаа. Энэ талаар?

Энэ асуудлыг тусад нь ярих ёстой. Дээр хэлсэн шүү дээ нэн түрүүнд эмчлэх шаардлагатай 50 гаруй мянган хүн байгаа. Тэр хүмүүс дотор тэтгэврийн насны, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшнөөс доогуур орлоготой хүмүүс ч бий.

Тиймээс энэ асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэх ёстой. Ямартай ч бид өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш Ерөнхий сайдтай уулзана. Тэр үеэр ярилцах асуудлын нэг нь хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад оруулах асуудал гэж бодож байгаа.

-Оны сүүлийн улирлын эм, эмнэлгийн төсвийг II, III улиралд шилжүүллээ. Энэ үр дүнтэй арга мөн үү?

Засгийн газрын хуралдаанаар 13.8 тэрбум төгрөгийг наашлуулсан. Ингэснээр 7.8 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг шийдээд, хэрэгцээтэй байгаа эмийн төсвийг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш, 2015 оны нийт эмийн хэрэгцээ, шаардлагыг хангах бололцоотой юм.

Гэхдээ ганцхан төсвийн зохицуулалтаар энэ асуудлыг шийдэх нь хангалттай биш байна. Тиймээс эмнэлгүүд дээрх эмийн зарцуулалт, түүнд тавигдах хяналтыг сайжруулах шаардлага гарч байгаа. Тиймээс үүний дагуу ажлын хэсгийг ажиллуулахаар төлөвлөж байна.

-Тэгэхээр он дуустал эм тасрахгүй гэж ойлгож болох уу?

Ямар ч байсан эмийн төсөвтэй холбоотой асуудал шийдэгдсэн. Гэвч иргэд эмийн зохистой бус ачаалал, хэрэгцээг бий болгож байгаа. Тийм учраас иргэдийг эмийн хэрэглээгээ зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэхэд зайлшгүй анхаарах ёстой байгаа юм.

-Яармагийн төрөх эмнэлгийн хөрөнгө шийдвэрлэгдсэн. Барил- гын ажил хэзээнээс эхлэх вэ?

Яармагт барих 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээнд концессоор барих шийдвэр гаргасан. Эмнэлгийг Ачтан эмнэлэг барихаар болсон. Гэхдээ барилгын ажлыг хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. Ямартай ч ойрын хугацаанд ТЭЗҮ болон бусад асуудлыг хийж, ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.