Хятадын ирээдүйн удирдагч долоон жил "агуй"-д амьдарчээ
Арав хүрэхгүй хоногийн дараа дэлхийн хамгийн олон хүн амтай, хоёр томоохон эдийн засагтай Хятад улс шинэудирдагчаа тодруулна. Гэхдээ тус улсын одоогийн орлогч дарга Си Жиньпин удирдагчийн сэнтийд дэвшиж суух нь бараг л тодорхой болсон. Улстөрд олон жил хүчин зүтгэж, улсын орлогч даргын суудал хүртэл дэвшсэн ч саяхныг хуртэл тэрээр дэлхий нийтэд тийм ч танил нэгэн байсангүй.
Хятадад арван жилд нэг удаа тохиох эрх мэдэл шилжүүлэхүйл явц дөхөхтэй зэрэгцэн Си Жиньпин хэмээх нэр олонтаа сонстож, чихэнд дасал болж эхэлсэн ч өнөөг хүртэл түүний талаар алдартай дуучин гэргийтэй гэдгээс нь илүүг олон нийт мэдэхгүй байсаар ирсэн билээ, Тэгвэл "Huffington Post" сонинд түүнийг бага залуу насныхаа олон жилийг хөдөө буйд тосгонд, тэр дундаа хадтай уулыг нүхэлж барьсан агуй гэмээр байшинд өнгөрүүлсэн талаар бичжээ. Уг нь тэрээр Хятатын элит гэр бүлд төрсөн. Түүний эцэг нь Коммунист намын үүсгэн байгуулагчдыннэг, улс төрд нөлөө бүхий нэгэн байсан.
1950-иад онд Хятадын ард түмний олонхи нь ядуу дорой амьдарч байхад Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Си Чунсюний хүүтансаг харшид амьдарч, улсынхаа хамгийн нэр хүндтэй сургуульд тусгай машинаар хүргүүлж явдаг байжээ.
Гэсэн ч Мао Зэдунтай ам муруйснаар хэсэг хугацаанд шоронд хоригдож, энэ хооронд залуу Сиг 15 настайд нь тариачны амьдралд сургахаар Шааньси мужийн нэгэн хөдөө бөглүү тосгон руу явуулжээ.
Тэнд тэрээр долоон жил энгийн ардын өдөр тутмын зовлон, жаргалыг өөрийн биеэр мэдрэн амьдарсан аж. Энэ нь ч өдгөө түүнийг ард түмэнтэйгээ ойрхон, тэдэнд илүү эрх мэдлийг өгч ажиллана гэсэн итгэл найдвар олны дунд байгаагийн нэг учир гэнэ. Анх хөдөө буйд тосгонд очих тун ч дургүй байсан элит айлын, цагаан гартай хүүг бараг л агуй гэж хэлж болох хаданд суулгаж барьсан шавар байшин угтжээ. Тиймээс ч тэрээр нэг бус удаа зугтаахыг оролдоод баригдаж байсан байна.
Харин хожим тус тосгоныхон түүнийг номд жигтэйхэн хорхойтой, бусдын хайр, хүндлэлийг хүлээсэн, ажилсаг өндөр хүү байсан хэмээн дурсан ярьжээ. Тухайн үед Си Жиньпинтэй нөхөрлөж байсан Ши Чуньян түүний талаар "Тэр үргэлж хүмүүстэй хүндэтгэлтэй харилцаж, бидэнтэй зэрэгцээд шаргуу ажилладаг байсан. Бас цаг л гарвал их зузаан зузаан ном уншаад суудаг байсан" гэж ярьжээ. Тосгоны хүмүүсийн хүндлэлийг хүлээж олон жил амьдарсан тэрээр хот руу буцахдаа их л дурамжхан байсан аж.
Түүнийг 20 гаруйхан настайд Хятадын эрх баригчид Бээжинд буцаж очин өндөр албан тушаалд ажиллахыг санал болгоход хүртэл татгалзсан хариу өгч байжээ.
Хятадын улс төрд түүний барьдаг бодлогын талаар хүмүүс тийм ч тодорхой мэдээлэлгүй. Дээр нь нийгэм, эдийн засагт онцгой дэвшил авчрах ямар нэгэн тод томруун өөрчлөлт шинэчлэл санаачилж байгаагүй, зарим нэгэн нөлөө бүхий улстөрч шиг эрх баригчдын эсрэг бослого хөдөлгөөнийг нухчин дарж "баатарлаг" гавьяа байгуулж байгаагүй нэгэн.
Харин мужийн төвшний өндөр албан тушаалд байхдаа Си Жиньпин хувийн салбарт нээлттэй хандаж, Коммунист намын монополь байдалд халдаагүй ч тодорхой хэмжээнд захиргааны өөрчлөлт шинэчлэл хийж байжээ. Бага зэрэг хувийн чанартай мэдээлэл гэвэл хэдийгээр тэрээр Хятадын үндсэрхэг үзэлтнүүдийн нэг гэгддэгч дэлхийн хоёрдугаар дайны тухай Холливудын кинонуудад их дуртай, охин нь Харвардын их сургуульд суралцдаг юм байна.
Мөн Хятадын олонхи удирдагчаас ялгаатай Си алдартай, царайлаг дуучин бүсгүйтэй гэрлэжээ. Нью-Йоркийн Колумбын их сургуулийн Хятадын улс төр судлаач Эндрью Натаны түүний талаар "Си Жиньпинийг удирдагчаар сонгох гэж буй нь түүний найдвартай, шаргуу зэрэг хувь хүний давуу чанаруудтай нь холбоотой" гэж ярьжээ.
Ажиглагчдын таамаглаж буйгаар Си Жиньпиний засаг захиргааны үед Бээжингийн олон улс дахь байр суурь дээшилж батжих бөгөөд гол өрсөлдөгч болох Вашингтоны нөлөө сулавтар байгаа нь тэдэнд давуу тал болох гэнэ.