Япон дахь удам дамжсан УЛСТӨР
Хатагтай Макико Танака
2012.10.04

Япон дахь удам дамжсан УЛСТӨР

Японы улстөрчдийн нүүр царай солигдож байдаг ч овог нь хэвээрээ явж байдаг. Улс төр, засаг захиргааны ямар ч төвшинд улстөрч гэр бүлийн уламжлалаа хамгийн ихээр хадгалан үлдсэн улс нь Япон юм.

Үүний хамгийн сүүлчийн жишээ нь, Боловсролын шинэхэн сайд, хатагтай Макико Танака болж байна. Тэрээр 1970-аад оны эхэн үеийн Японы цуутай Ерөнхий сайд Какуэ Танакагийн охин юм. Гагцхүү Какуэ Танакагийн хүчин чармайлтын ачаар Наран улс 1972 онд Хятадтай харилцаагаа хэвийн болгосон түүхтэй. Гэвч дараа нь К.Танака АНУ-ын Lockheed компаниас авлига авсан хэргээр дөрвөн жил шоронд суусан аж. Ерөнхий сайд Иошихико Нода оны эцсээр болох парламентын сонгуулийн өмнө иргэд, сонгогчдын итгэлийг эргүүлэн олж авах зорилгоор Засгийн газраа өөрчлөн байгуулах хүрээнд Боловсролын сайдаар хатагтай Макико Танакаг томилсон байна. 2001 -2002 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан 68 настай Макиког И.Нода Засгийн газрынхаа сайдаар томилсон нь юуны түрүүнд Хятад руу чиглэсэн алхам хэмээн ажиглагчид үзэж байна.

Хурц үгтэй, шийдэмгий зантай Макико Танака эцгийнхээ үзэл баримтлалыг дагаж Бээжингийн гол лидерүүдтэй сайн харилцаатай байдаг бөгөөд Хятадтай найрсаг, хэвийн харилцаатай байхыг дэмждэг улстөрчдийн нэг юм. Ерөнхий сайд Нода түүгээр дамжуулан Хятадтай яриа хэлэлцээгээ сэргээхийг хүсч буй бололтой. Японууд Сенкаку, хятадууд Диаоюу хэмээн нэрлэдэг арлын маргааны улмаас хоёр улс сүүлийн үед муудалцаж, байдал сайнгүй байгаа юм. Тус арал нефть болон загасаар баялаг байдаг тул аль аль нь өөрсдөдөө хамаатуулан маргалдсаар байна.

Танака хэмээх овог Японы Засгийн газарт дахин цуурайтах болсон нь ямар ч онцгой гойд зүйл биш, харин ч сайн нөлөөтэй байх бололтой. Японы парламентын дээд, доод танхимийн суудалд хэсэг хугацааны даpaa дахин адилхан овогтой улстөрчид суух нь хэвийн үзэгдэл юм.

2009-2010 онд Ерөнхий сайд байсан Юкио Хатояма байна. Японы Кеннеди хэмээн нэрлэгддэг тус гэр бүлийн дөрөв дэх үеийн нэртэй улстөрч нь Юкио Хатояма юм. Түүний өмнө Ерөнхий сайд байсан Таро Асо ч бас цуутай улстөрч гэр бүлээс гаралтай. Асогийн эхийн галын өвөө Шигерү Иошида 1946-1947 онд Ерөнхий сайд, 1948-1954 онд Гадаад хэргийн сай-даар ажиллаж байв. Түүнийг дайны дараах Японы хамгийн гарамгай удирдагч хэмээн хүлээн зөвшөөрдөг. 2006-2007 оны Ерөнхий сайд, сөрөг хүний Либерал Ардчилсан намын өнөөгийн лидер Шинзо Абе бас л улс төрийн элит гэр бүлийн удам. Тэрээр Японы хамгийн алдартай удам дамжсан улстөрч гэр бүлээс гаралтай. Абе, Киши, Сато хэмээх нөлөө бүхий улстөрчдийн удамд тэрээр багтдаг байна.

Коизүми овог ч ялгаагүй. 31 настай залуу улстөрч Шинжиро Коизүми Харилцаа холбооны сайд асан элэнц өвөг Матажирогийн эхлүүлсэн улстөрийн омгийн дөрөн дэх үеийн хүн юм. Шижирогийн өвөө нь Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан бол, эцэг Жүничиро Коизүми нь 2001-2006 онд Японы Ерөнхий сайд байсан билээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.