Сагсан бөмбөг тоглохоос бусдыг нь чадна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2012.10.15

Сагсан бөмбөг тоглохоос бусдыг нь чадна

УИХ-ын шинэхэн гишүүдийн нэг Ж.Эрдэнэбаттай улс төрөөс ангид сэдвээр ярилцлаа.

-Таны өрөөнд сонин содон бэлэг дурсгалын зүйл цөөнгүй байна. Ташуур, сэлэм, уран хайчилбар, морины дүрстэй бэлэг дурсгалын зүйл гээд л ...?

-Надад нэг их цуглуулга байдаггүй юм. Ер нь, эр хүний өрөөнд ташуур байх ёстой юм гэсэн. Ташуур муу муухай зүйлийг зайлуулж байдаг. Засаг дарга болсон жил энэ ташуурыг ээж, дүү нар маань хийлгэж өгсөн. Хотонгийн хошуугаар хийсэн хусуур. Хүмүүс, найз нөхдийн бэлэглэсэн бэлэг дурсгалын зүйл олон бий. Эднээсээ байнга авч явдаг нь нэг соёмбо, Буган халиун гэж алдартай хурдан морины дүрстэй бэлэг дурсгалын зүйл. Нутгийн маань хүн урласан аавын маань дүртэй хайчилбарыг үргэлж өрөөндөө байрлуулдаг. Аавтай маань их адилхан болсон л доо.

-Аав тань үндэсний бөхөөр барилддаг байж ээ?

-Тийм ээ. Аймгийн хурц арслан, аймагтаа хоёр удаа түрүүлж байсан юм.

-Та аавыгаа дагаж барилддаг байв уу?

-Үгүй дээ. Хүүхэд байхдаа жаахан ичимхий байсан болохоор барилддаггүй байлаа. Харин бага дүү маань барилдана.

-Бөхийн барилдаан бол үзнэ биз дээ?

-Үзэлгүй яахав. Сэлэнгэ аймгийнхаа Үндэсний бөхийн холбооны дарга, Волейболын холбооны дарга. Олон албан тушаалтай. \инээв\ Манай Сэлэнгэ аймаг 78 жилийн дараа улсын арслан цолтой бөхтэй болсон. Манай волейболын охид Монгол Улсаа төлөөлөөд Тайландад Азийн аваргын тэмцээнд оролцоод явж байна.

-Бөхчүүдээ хэр дэмжиж чадаж байна вэ?

-Баярсайхан заанд их баярлаж явдаг даа. “Сүлд” спорт хорооны зааланд маш хямдралтай үнээр ма­най бөхчүүдийг бэлтгэл хийл­гүүлдэг. Энэ нь манай бөхчүүдийн амжилтад тодор­хой хэмжээгээр нөлөөлсөн. Аймагтаа сард нэг удаа барилдаан зохион байгуулж, түрүүлсэн бөхөө урамшуулдаг юм. Тэмцээн уралдаанд байн­гын бэлтгэлтэй оролцоосой гэсэн үүднээс. Эрхэмбаяр маань улсын арслан болчихсон учраас цолны эрэмбээр Сэлэнгэ маань аймгуудаас тавд бичигдэж байна. Манай залуу бөхчүүдээс улсын цолонд хүрэхэд ойрхон нь олон.
Ер нь, урлаг, соёл, спортынхон л нутаг усныхаа нэрийг гаргаж явдаг шүү дээ. Манай боксын Үйтүмэнг мэдэхгүй хүн гэж үгүй байх. Урлаг соёлынхноо ч гэсэн нэлээд дэмждэг.

Өсвөрийнхөн гадаад улс орон руу тэмцээнд явах гэж байгаа бол зардлыг нь аймгаас 100 хувь даадаг байсан. Насан хүрэгчид бол 50 хувь гэх мэтчлэн.

Манай аймаг шатрын спортоороо улсдаа толгой цохидог юм. Манай хүүхдүүдийн авьяас, бас бэлтгэж байгаа багш нар нь мундаг сайн учраас олон улсын тэмцээнд амжилттай оролцдог. Учрал гээд манай шатарчин хүүхдийн дүү гурван настай мөртлөө шатар тоглож байна. “Би тэр хүүхэдтэй нэг тоглочихвол хожигдож онигоонд ордог болов уу” гэсэн чинь “Одоохондоо таныг хожих хэмжээнд очоогүй байгаа” гэсэн. Ахмадуудын маань сэтгэлээ гаргаж хийсэн ажлын үр дүн энэ байх даа.

-Ингэхэд та хэнээр заал­гаж шатар тоглож сурч байв?

-Би өвөөтэйгээ шатар тоглож сурч байсан. Эхлээд өвөөдөө хожигддог байсан бол сүүлдээ хождог болов. Өвөөг хожчихоор өдөржингөө дуугаа хураачихна. Ээж маань ирээд “Яасан бэ” гэхээр “Би ч өтөлж байгаа юм байна. Хүүхдүүдээ барахаа болилоо” гэнэ. Тэгэхээр л ээж маань “Та нар хааяа нэг өвөөдөө хо­­жигдоод өгчихгүй” гэдэг байлаа. 

-Таны хобби юу вэ. Спортод бол сонирхолтой л байх нь дээ?

-Хүүхэд байхаасаа л хөдөө гадаа уул хадаар явж зугаалах дуртай байсан даа. Эрүүл агаарт гарч байгалийн үзэсгэлэнтэй газарт өөрийн тааваараа явах дуртай. Дол­дугаар анги төгсөөд төрсөн сум Мандалаа нар зөв той­роод бүх үзэсгэлэнтэй газруу­дад очиж байсан. Зун болгон нэг газар нь очно. Оюутан болж гуравдугаар курст ороод л сумаа тойрч дуусч байлаа. Мандал сумаа тойроод долоон газар очсон гэсэн үг дээ. Одоо ч гэсэн хөдөө хээр гарч аялдаг маань хэвээрээ. Ер нь, нэг зүйлд хэт автаад ч юм уу, шохоорхоод гүнзгий судлаад, янз бүрийн юм цуглуулаад байдаггүй. Гэхдээ нэг зарчим бий. Хүн юм болгоныг чаддаг байх ёстой. Тэгээд хэт онцгойрч, эсвэл огт чадахгүй байж болохгүй л дээ. Тиймээс хүн юу хийж чадаж байна түүнийг нь чадах л ёстой. Теннис тоглож байвал тоглодог байх хэрэгтэй. Заавал төгс төгөлдөр эзэмшихдээ биш шүү дээ.

-Та тэгвэл чаддаг зүйл олонтой байх нь. Харин хийж чаддаггүй зүйлийг нь асуух ёстой юм болов уу?

-Спортын төрлөөс сагс тоглохдоо тааруухан. Гэхдээ бусад спортын төрөлд бол аль алийг нь чадна.

-Хамгийн сүүлд хаагуур аялж бүтэн тойрсон бэ?

-Өнгөрсөн жил Сүхбаатар аймгаар явж үзсэн. Энэ жил явж амжсангүй ээ. Очиж үзээгүй аймаг гэвэл Дорнод, Өмнөговь байна.

-Хүн болгон л Өмнө­говийн тухай яриад байхад та үнэхээр очиж үзээгүй гэж үү?

-\Инээв\ Яваандаа тэгж байгаад очиж үзнээ. Хамгийн сонирхолтой нь, Баян-Өлгий аймаг байсан даа. Гадаадад оччихсон юм шиг л санагдаж билээ.

-Гадаадад бол нэлээн хэд явсан байх тийм үү. Аймгийн Засаг дарга байсан болохоор олон оронд очоо байлгүй. Аймгийн Засаг дарга нарыг байнга шахуу гадаад руу явдаг л гэх юм?

-Аймгийн Засаг дарга байхдаа жилд нэгээс хоёр удаа бол гадаад руу явж байсан. Засаг дарга байхаасаа өмнө 10 гаруй жил төрд ажилласан болохоор дандаа ажлаар явж л байлаа. Гадаад явах болгондоо зугаалж байна гэсэн үг биш шүү дээ. 10 удаа гадаад руу явлаа гэхэд нэг нь амралт байх жишээтэй. Ер нь, юмыг болохгүй бүтэхгүй талаас нь хараад байвал шүүмжлээд л байдаг юм шиг санагддаг. 

-Сэлэнгэ аймгийн Ман­дал суманд таны бага нас өнгөрсөн юм байна. Хүүхэд нас мэдээж дурсамжаар дүүрэн байдаг?

-Манай нутагт Монголын хамгийн том сангийн аж ахуй байсан. Тийм ч болохоор хүүхдэд багаас нь хөдөлмөрийн хүмүүжил олгодог байлаа. Гуравдугаар ангиасаа хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил олгох хөдөлмөр амралтын зусланд явж, нарийн ногооны зэрлэг ургамал түүнэ. Хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлж өгдөг байлаа. Хи­чээл эхлэхээр сургуулиараа зугаалганд явна. Хөдөлмөр амралтын зусланд амарсан хүүхдүүд сайн ажиллах юм бол нэг хонь юм уу ямаагаар шагнуулдаг байв. Тэгээд л хүүхдүүд хонио авч зугаалганд явах гээд л уралдаж ажилладаг байсан. Ер нь, ажил хөдөлмөр эрхлэх юм бол урамшуулал ирдэг юм байна гэдгийг хүүхдэд гуравдугаар ангиас нь суулгаж өгч байсан юм. Одоогийн гуравдугаар ангийн хүүхдүүдийг зэрлэг ургамал зулгаа гэвэл хэцүү шүү дээ. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд гэхэд 50 кг-ын шуудайтай төмс зоориноос үүрч гаргадаг байлаа. Есдүгээр ангидаа хоёр шуудайгаар нь төмс зөөнө дөө.

-Ажлаа сайн хийсэн гээд хониор шагнуулж байв уу?

-Хөдөлмөр амралтын зус­лангийн аваргаар ма­най анги жил бүр шахуу шалгарч, хониор шагнуулдаг байлаа. Манайх гахай, үнээний фермтэй байсан. Нэг өвөөгийнх маань хэдэн малтай, нөгөө өвөөгийнх ногоо тарьдаг байсан болохоор аль алийнх нь ажилд тусалдаг байлаа. Манай Зүүнхараагийн айл бүр ногоо тарина. Зах зээлд шилжихээс өмнө манай Мандал сум зах зээлд орчихсон байсан гэж боддог. Ер нь, зах зээлийн эдийн засаг гэдэг манай Мандал сумаас эхтэй юм уу гэж боддог юм.

-Одоо нутагтаа тариа ногоо тарьж байна уу?

-Би өөрөө тариад байгаа юм алга. Гэхдээ манай ээж тариа ногоогоо тарьж, малаа маллаад явж байна. Ээж маань дээр үед үнээний фермийн эрхлэгчээр ажиллаж байгаад хувьчилж авсан юм. Сүү зарагдахгүй нэг хэсэг хэцүү байсан л даа. 1995-1996 оны үед. Сүүгээ цөцгий болгохоор бас сайн борлогдож өгөхгүй. Тонн тонноор нь сүүгээ авчирахаар нь хоёр дүүтэйгээ хамт гурван машин зоож байгаад л машиндана даа. Цөцгийгөө аваад ээж маань Зүүнхараа руу зарахаар явна. Хэд хонохоор цөцгий маань муудчих гээд болохгүй ээ. Тэгээд л цөцгийгөө масло болгоод л явуулна.
Мэдэхгүй нэг нь намайг олон жил төрийн ажил хийсэн цагаан гартай гэж магадгүй. Хүн өөрөө өөрийгөө болгоод авч явах ёстой, бүх зүйлийг хийдэг, чаддаг байх ёстой гэж өвөө маань хэлдэг байсан юм. Энэ л зарчмаар биднийг хүмүүжүүлсэн. Шийдвэрийг айлын том хүү гэдгээрээ би гаргадаг байлаа.

-Та хоёр дүүтэй гэхээр айлын том уу?

-Нэг эгчтэй, хоёр эрэгтэй дүүтэй айлын том хүү. Манай ээж, аавын найзууд гайхдаг байсан л даа. Ийм жаахан хүүхдүүдийг энийг ингээд хийчихээрэй гээд орхиод явж болж байгаа юм уу гээд. Тэгэхээр нь аав, ээж маань “Манай хэд хийчихдэг юм” гэдэг байсан. Бие даан шийдвэр гаргаж, түүнийхээ алдаа оноог тунгаан бодоод ухаан сууг гэж биднийг хүмүүжүүлсэн.

-Багын хоч?

-Бага байхаас л намайг Этка гэдэг байсан. Манай дүү Эрдэнээ ах гэж хэлж чадахгүй тэгж дууддаг байсан юм. Дүүгийн өгсөн нэрээр одоо болтол нутгийнхан, найзууд маань Этка гэж дууддаг.

-Залуугаасаа төрийн албанд ажиллаж гараагаа эхэлсэн гэсэн байх аа?

-1997 онд 22 настай байхдаа аймгийн Хянан шал­гах хороонд байцаагчаар анх орж ажилласан. 2000 онд сан­хүү хэлстийн дарга болж, 2008 оноос хойш дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажиллалаа.

-Багаасаа аж ахуй, тариа ногоо, мал гээд явж байсан хүүх­дийг эдийн засагч мэр­гэжил сонгоход юу нөлөөлсөн бэ. Аав, ээж тань юу гэж байсан юм бол?

-Аав маань удам залгасан багш. Эмээ, өвөө, аав маань гээд аавын талын хамаатнуудад багш олон. Сэлэнгэ аймгийн анхны шинэ үсгийн багш манай эмээ байсан. Багшийн удамтай ч гэсэн аж ахуй хөт­лөөд явахаар эдийн засаг зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсон юм. Тоо математиктаа илүү түлхүү үздэг хүүхэд байлаа.

-Тооны хичээлд сонир­холтой хүүхдүүд сурлага сайнтай байдаг даа?

-Гоц гойд бол байгаагүй ээ. Өөрийгөө болгоод л явдаг байсан. Аман хичээлд жаахан тааруухан байсан л даа. Тоо бүртгэлийн хичээлд гэхэд манай багш надаас шалгалт авдаггүй байлаа. Бүртгэлийн багштайгаа сайхан юм ярьж суух дуртай байж билээ. Харин манай гэр бүлийн хүн аман хичээлдээ их сайн, тооны хичээлд жаахан тааруухан байсан. \Инээв\.

-Хоёр биеийнхээ хичээлд тусалсаар байгаад гэр бүл болчихсон уу?

-Бараг тэгсэн ч байж магадгүй. Дутуугаа нөхөж, дундуураа дүүргэнэ гэдэг шиг л. \Инээв\ Сүүлийн үед ялангуяа, 2000 оны сүүлчээс л улс төр рүү ороод яриа хөөрөө гайгүй болсон байх шүү. Зайлшгүй ярих шаардлага гараад гайгүй яриа болсон байж магадгүй. Арван жилийн сургуульд байхад 8-10 дугаар ангийнхны тооны сонгонд явдаг байхад ганц эрэгтэй нь би байсан юм. Бусад нь дандаа эмэгтэй хүүхдүүд.  

-Тэгвэл сахилгагүй биш даруухан хүүхэд байжээ?

-Гайгүй ээ. Гэхдээ хүүхэд л болсон хойно сахилгагүйтнэ.

-Буган халиун гээд морины дүрстэй бэлэг дурсгалын зүйлдээ хайртай гэхээр тань морь уядаг болов уу гэж бодлоо?

-Ер нь, адуутай. Гэхдээ өөрөө очоод уяаад байдаггүй. Саяхнаас л адуутай болж байгаа. Сүхбаатар аймагт найзындаа очиход надад хэдэн адуу бэлэглэсэн юм. Найз нөхдийн өгсөн морьд нийлээд нэг азарга адуу болсон. Өн­гөрсөн жил л адуугаа авчирсан. Шинэ нутагт сайн дасаагүй байгаа байх. Овооны жижиг наадамд бол түрүүлээд байдаг сураг сонсогддог. Ээжийн маань фермд байгаа л даа.

-УИХ-ын гишүүд хөөр­гөөр нэлээд гангардаг. Таны хөөргийг сонирхвол?

-Надад манай өвөөгийн хөөрөг бий. Өвөө өгөхдөө саарал хаш гэж хэлсэн юм. Зарим хүн болохоор хаш биш байна л гэдэг юм. Чухам ямар чулуу гэдгийг нь мэдэхгүй л дээ. Эртний хөөргө байна л гэдэг. Хоёр өвөөгийн маань хөөрөг хоёулаа надад бий.

-Танай хүүхдүүд хэдэн настай вэ?

-Манай том хүүхэд есдү­гээр ангид сурдаг. Хоёр бага маань цэцэрлэгт. Хоёр охин, нэг хүүтэй.

-Хотод нүүгээд ирсэн байх. Ямархуу байна. Дасч байна уу?

-Нүүгээд ирсэн. Манай том охин “Аав та Сэлэнгэ явахгүй юм уу, хамт явъя” гээд байгаа. Нутгаа санаад байх шиг ээ. Хоёр бага нь тоож байгаа юм алга. Энэ хагас сайнд л охиноо нутаг руугаа дагуулж явна даа.

-УИХ-ын гишүүн болс­ноос хойш нутаг руугаа хэдэн удаа явав. Ойрхон болохоор яваад байхаар ажил амжих юм уу?

-Бас амжихгүй юм. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа болохоор Сэлэнгэдээ жаахан ажил ихтэй байгаа. Гишүүн болж ирснээс хойш хагас, бүтэн сайн болонгуут л Сэлэнгэ рүү явдаг. Нэг ч амралтын өдрүүдийг хотод өн­гөрүүлээгүй. Сэлэнгийнхээ иргэдтэй уулзаад талархлаа илэрхийлсэн юм. Хэр баргийн хүн сонгогдоод ажиллаад бай­даг алба биш учраас ард иргэддээ баярласнаа хэлэх ёстой байх гэж бодоод амралтын өдрүүдийг ашиглаад сумдаараа тойроод явж байна. Өмнө нь Засаг дарга байхдаа нэг сумандаа жилд хоёр удаа очиж, иргэдтэй уулздаг бай­сан юм. Олуулаа хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үздэг юм. Тийм болохоор иргэдээс саналыг нь заавал сонсч байж шийдвэр гаргадаг.