
“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.05.26/ “ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулах болсныг зарлалаа.
Тэрбээр "Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эх үүсвэрийг дорвитой нэмээгүй. Үүний улмаас хотод дахин барилга баривал дулаан, цахилгааны эх үүсвэрээр хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Сүүлчийн 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг барих талаар ярьсан хэдий ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл бид өнөөдөр тус станцын урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй зарлалаа.
БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барина. Ирэх 9-р сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм.
Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй" гэв.