2025.05.26

Т.Мөнхсайхан: 2025 онд багтаж бүх аймгуудыг хавдрын тусламж, үйлчилгээг үзүүлдэг байх тооцоололтой ажиллаж байна

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Да.Цогтбаатар гишүүний асуултад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

Цалин мөнгө учир дутагдалтай байгаатай санал нэг байна. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт энэ жил ДНБ-ий 3%-тай байгаа. Үүнийг Олон улсын судалгаагаар доод тал нь 6 хувьд хүргэж гэмээ нь эрүүл мэндийн салбар санхүүжилтийн асуудлаасаа сална гэдэг тооцоолол байна. Тухайлбал, жилдээ нэг хувиар нэмэгдүүлээд явъя, ирэх жил ДНБ-ийг 4 хувьд хүргэе гэдэг саналыг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд өгчихсөн.

Хөдөө орон нутагт боловсон хүчний дутагдалд их байгаа. Энэ нь нэгдүгээрт цалин мөнгөний дутагдал, хоёрдугаарт орон байрны асуудалтай холбоотой. Энэ асуудлыг орон нутгийн захиргаануудтай ярьж байгаа. Цалин мөнгийг нь үе шаттай нэмэгдүүлэх, гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь олгож байгаа.

Эрүүл мэндийн салбарын суурь асуудал шийдэгдчихсэн. Санхүүжилтийн тогтолцоо нь гүйцэтгэлээрээ буюу ажлаа хэр сайн гүйцэтгэж чадна төдий хэмжээний цалин авах боломж нь бүрдчихсэн. Харамсалтай нь цалинг гүйцэтгэсэн хэмжээгээр нь нэмэх боломжийг хязгаарлачхаад байгаа юм. Сангийн яамнаас үндсэн цалингийн дээд хязгаараас 20%-аас илүү цалин, мөнгө урамшууллыг нэмж өгүүлэхгүй байгаа асуудлууд байгаа. Үүн дээр бид анхаарах ёстой!

Бид хавдрын тусламж үйлчилгээг улс орон даяар хийж хүргэхэд орон нутагт 104 эмч, эм найруулагч, сувилагч гэх мэт мэргэжилтэн дутагдалтай байна. Тиймээс 64-ийг нь Улаанбаатарт бэлдэж байгаа. Үлдсэн 40-ийг нь орон нутагт нь буюу ажлын байран дээр нь үндэсний багууд байгуулаад ажлын байран дээр нь сургаж байгаа. Өнөөдрийн байдлаар 15 төрлийн үндэсний багууд байгуулагдчихсан аймаг, орон нутгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэнгээ тэнд байгаа эмч мэргэжилтнүүдийг сургах бодлого явагдаж байна. Энэ үндсэн дээр энэ оны 12 сарын 1 гэхэд бүх аймгуудыг хавдрын тусламж үйлчилгээгээ үзүүлдэг байх тооцоолол руугаа орчихсон явж байна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан