2025.05.27

С.Цэнгүүн: Эрчим хүчний ухаалаг сүлжээ төсөл хэрэгжсэнээр улсын урсгал төсвийг хэмнэх боломжтой

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Эрчим хүчний ухаалаг сүлжээ төслийг зөвөөр танилцуулах гэсэн юм. Энэ төсөл хэрэгжсэнээр түгээх, дамжуулах шугамын алдагдлыг жил бүр 53 тэрбум төгрөгөөр бууруулна. Өнөөдөр манай дамжуулах шугамын алдагдал 11,3%-тай байгаа. Тэгэхээр ердөө 3 жилийн дотор энэ төсөл маань өөрийгөө бүрэн санхүүжүүлэх боломжтой гэсэн үг. Тухайлбал, 2026 онд 45 тэрбум байгаа, харин 3 жилийн дараагаас илүү ашигтай ажиллаад явчихна. Мөн дээрээс нь бид бүтээмжийн талаар ярих шаардлагатай. Дамжуулах шугамыг автоматжуулснаар цахилгаан түгээх компани дээр ажиллаж байгаа 2 мянган хүмүүсийн бүтээмж нэмэгдэнэ. Эрчим хүчний төслүүд дээр маш их саналуудыг гишүүд маань гаргаж байгаад баяртай байна. Хамгийн гол нь шинэ эх үүсвэрүүд дээр гаднын хөрөнгө оруулалтууд болон хувийнхан орох боломжтой байдаг бол дамжуулах болон түгээх дээр хөрөнгө оруулалт ордоггүй буюу улсын төсвөөс зайлшгүй тавигдах шаардлагатай.

Бид шинэ эх үүсвэрүүд барьдаг гэтэл дамжуулах болон түгээх дээрээ анхаарахгүй орхичихвол дамжуулж хүргэх судаснууд нь хүрч чадахгүй болчих гээд байна! Энэ төсөл хэрэгжсэнээр улсын урсгал төсвийг ч багасгах боломжтой буюу үр өгөөж сайтай төсөл болно хэмээн харж байна.

Түүнчлэн бид төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, дараалах шаардлагатай буюу эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төслүүдээ явуулаад дараа дараагийн жилүүдээсээ улсын төсвөөс хэмнэлт гаргах боломжтой төслүүдээ дэмжиж өгөхийг хүсье.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан