2025.05.16

Р.Эрдэнэбүрэн: Улаанбаатарыг 14 хот болгож задалснаар, хот тус бүрийн иргэд хотынхоо асуудалд идэвхтэй оролцох боломж бүрдэнэ

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хариулт өглөө.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр О.Саранчулуун гишүүний дурдсан

  • Шинэ хоттой, шинээр зах зээлтэй болсноороо саадгүй орчин хэдэн хувь нэмэгдэх вэ?
  • Эрүүл мэндийн хүртээмж барилга саадгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүст үзүүлэх үйлчилгээ хэр нэмэгдэх вэ?
  • Тусгай хэрэгцээт боловсрол орчин хэдэн хувь нэмэгдэх вэ? Мэдээлэл харилцаа холбоо нь хэр хурдан болох вэ?
  • Нийгмийн оролцоо соёл амралтын хувьд ялангуяа номын сан, театр, соёлын төв гэх мэт олон нийтийн газарт зорчих, саадгүй байдал хэдэн хувиар нэмэгдэж,дээшлэх вэ?
  • Хууль, эрх зүйн хувьд олон хоттой болсноор хүмүүс олон газар гомдлоо өгдөг, ийм хүртээмжтэй болох уу. Үүнийг хэрхэн сайжруулах юм?
  • Иргэний оролцоогоо сайжруулах тал дээр шинэ хуулиар ямар ахицыг авчрах вэ?

Эдгээр зургаан зүйлийг сайжруулахад чухал үүрэгтэй хууль юм. Улаанбаатарыг 14 хот болгож, задалж өгснөөр хот тус бүр, иргэд өөрсдийнхөө, хотын төлөвлөлтөд оролцоод явах ийм боломж бүрдэж байгаа юм. Иргэд нь өөрсдөө оролцож, иргэд нь дундаасаа хотынхоо төлөвлөлтөд оролцож тэр төлөвлөлтийнхөө хэрэгжилтийг шахаад, шаардаад явдаг ийм нөхцөл бүрдэнэ. Тэгэхгүй бол Зайсанд байгаа иргэн Сонгинохайрханд хийгдэж буй ажлыг зохицуулаад яриад явах ямар ч боломжгүй. Ийм учраас хотыг задалж, тухайн хотынхоо төлөвлөлтөд иргэд нь оролцож эхэлснээр таны түрүүний дурдсан тэрхүү нөхцөл боломжууд илүү сайжирна гэж үзэж байна. Хотын захирагчийг тухайн хотын иргэд нь сонгодог болохоор ийм хууль байгаа. Та мэдэж байгаа, манай дүүргийн, хотын, аймгийн дарга нар хотынхоо ажил гэхээсээ илүү улс төрийн ажил их хийгээд яваад байгаа.

Гэтэл иргэд нь сонгочихсон, тэр дарга захирагч нар хотынхоо өөрчлөлт, хөгжлийн төлөө аж ахуйн ажил хийгээд яваад байх ийм боломж нь хангагдана гэж үзэж байгаа. Тийм учраас таны хэлсэн зургаан зүйлийг сайжруулах, өөрчлөлтийг бодитой болгох хамгийн "сайн хууль" гэж бодож байгаа. Олон жил яригдаж байж батлагдсан. Энэ батлагдсан хуулиа үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө л бүгдээрээ, ялангуяа УИХ-аас эхлээд ойлголтуудаа нэгтгэж, иргэддээ танилцуулаад нэгдсэн ойлголтыг улсын хэмжээнд өгч чадвал хуулийн хэрэгжилт үр дүнтэй болно. Тэгж чадахгүй бол энэ сайн зүйлээ үр дүнгүй болгочих вий  гэж  санаа зовж байгаа юм. 

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа