2025.05.16
Ж Алдаржавхлан: 1992 оноос хойш 30 гаруй жил явж байгаа Монгол Улсын засаг захиргаанд шинэчлэл хийх шаардлага үүссэн!
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Нэгдүгээрт, Хамтарсан ЗГ байгуулчихсан байгаа шүү дээ манайх чинь. Энэ ЗГ-ын мөрийн хөтөлбөрт орсон маш том ажил нь "20 минутын хот" гэж байгаа. Мөрийн хөтөлбөрийн заалт байгаа. Үүнийг хэрэгжүүлэх үндэс нь Хот тосгоны хууль байгаа юм. Хэрвээ энэ хэрэгжиж чадахгүй, дахиад л хойшлох юм бол 20 минутын хот Үндэсний хорооны ч хэрэггүй болно. Ямар ч шаардлагагүй. Гадуур буруу зөрүү ойлголт өгөөд 14 хот 14 захирагчтай болно гэсэн ярианууд гарсан. Яг үнэндээ анхны санаачилга нь бол "яг таны хажууд байгаа төрийн албан хаагчид бүх эрх мэдлийг шилжүүлье" гэсэн санаачилга байсан. Нөгөө муу хорооны дарга нь хөөрхий юу ч шийддэггүй. Тиймээс эрх мэдлүүдийг доод шатанд шилжүүлэх буюу тухай бүрт нь асуудлаа шийддэг байя гэсэн санаачилгаар анх уг хууль явж байсан. Би тухайн үед оролцоод явж байсан.
Р.Эрдэнэбүрэн сайдаас ганц л зүйл хүсэх гээд байна. Өчигдөр намайг Б.Бат-Эрдэнэ гишүүн үндэсний хороон дээр орж ажилласан гэж байна лээ. Би ажилласан. Гэхдээ би сэтгэлийн дуудлагаар ажилласан. Ажлын хэсэгт ороод ажиллаж байхад манай ЗГХЭГ хойрго ажилласан, тэр газрын хэлбэр газруудыг гаргаж өгөхөд 3 сар бухимдсан. Ерөөсөө сэтгэл гаргаагүй. Хаа хаанаа хичээгээгүй. Тиймээс бэлтгэлээ хангаад ЗГ оруулж ирж байгаа нь зөв.
Хоёрдугаарт, Бид энэ хуулийг заавал хэрэгжүүлэх ёстой. 1992 оноос хойш 30 гаруй жил явж буй Монгол Улсын засаг захиргаанд шинэчлэл хийхгүй л бол болохоо байчхаад байна. Энэ доор чинь ажил хийдэггүй, хүн ордоггүй төрийн байгууллагууд их болчихсон. Тэд нарыг өөрчилье, цомхотгоё, нэгтгэе, эрх мэдлийг нь шилжүүлж өгье гэсэн санаачилга гарсан юм.

Сэтгүүлч