
УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын талаар сургалт зохион байгууллаа
УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын чиглэлээр оновчтой болон ёс зүйтэй шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Төсвийн байнгын хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2025.03.21/ сургалт зохион байгууллаа.
Сургалтын чиглүүлэгч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар нээж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг нь төсөв, мөнгөний талаарх хяналт, тэнцэлийг хангах агуулга оршдог.
Хууль тогтоох байгууллагын гишүүдийн улсын төсөв, мөнгөний талаарх, цаашлаад төсөв хэлэлцэх дэгийн талаарх хуулийн зохицуулалтын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэн, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд бий хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар улсын төсөв, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тусгайлсан дэгээр хэлэлцдэг мөн түүнчлэн дээрх төслүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх болон тайлагнах гэсэн үе шатууд нь тасралтгүй үргэлжлэх цогц үйл ажиллагаа юм гээд сургалтыг зохион байгуулж буй ач холбогдлыг тодотгов. Тэрбээр, улсын төсөв, мөнгөний бодлогын талаарх шийдвэрийг макро түвшинд гаргахдаа ил тод, тогтвортой, үр ашигтай, шинжлэх ухаанч арга барилд тулгуурласан, ёс зүйтэй, улс төрөөс ангид, улс орны урт хугацааны тогтвортой хөгжил, хүн төвтэй, иргэдийн амьжиргааг дэмжих зарчмыг баримталж гаргахад мэдлэг, мэдээллээ байнга шинэчлэн ажиллах нь зүйтэй гэж үзээд энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэв.
Түүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар “Макро эдийн засаг ба төсөв” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ макро эдийн засгийн үндсэн гурван үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц болон хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулсан. Мөн дэлхийн эдийн засаг буюу Д.Трампын эдийн засгийн бодлогын талаар өөрийн цуглуулсан мэдээлэлд суурилж мэдээлэл өгөөд олон улсын эдийн засгийн чухал мэдээлэл олж авах боломжтой эх сурвалжуудын талаар танилцууллаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төсөв, мөнгөний бодлого ба санхүүгийн зохицуулалт” сэдвийн хүрээнд илтгэсэн юм. Тэрбээр, төсвийн бодлого гэж чухам юуг хэлэх вэ, түүний зорилго, арга хэлбэр, сорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа төсвийн орлого, зарлага ба эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн судалгааны талаар ярьсан юм. Мөн цааш нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэр, бодлогын шийдвэрийг тайлагнах, хяналт тавих талаарх мэдээлэл өгөөд төв банкны үүрэг, оролцоо хаашаа чиглэж буй талаар танилцууллаа.