Манай улс БНЧУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр буюу 03 дугаар сарын 10-ны өдөр “Прагийн шилтгээн” ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Чехийн талаас Хөдөө аж ахуйн сайд Марик Виборни нар гарын үсэг зурав.
Санамж бичгийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд байгууллаа. Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтарна.
Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүллээ.
Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.
2025 оны 03 дугаар сарын 11-ий өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн сайд Марик Виборни нар Хөдөө аж ахуйн яаманд уулзалт зохион байгуулж, хоёр талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ
2025.02.25
2025.02.24
2025.02.21