Н.Учрал: Хотын удирдлагууд баяр тэмдэглэхээ болиод утааны асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.12.26
Улстөр

Н.Учрал: Хотын удирдлагууд баяр тэмдэглэхээ болиод утааны асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй

Улаанбаатар хот өвлийн улиралд утаан бүрхүүлд байсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Утаа жил ирэх бүр нэмэгдэж аюулын дохио зарлаад байгаа нь хүлцэнгүй явж ирсэн иргэдийг бухимдан босгоход хүргээд байгаа.

Үүнийг утааны эсрэг нэгдэж эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлтгэж буй эцэг, эхчүүдийн үйлдлээс харж болно. Утаа иргэд тэр дундаа нялхсын эрүүл мэндэд шууд нөлөөлж жилдээ уушгины хатгалгаагаар нас барах 0-4 настнуудын тоог нэмж байгаа нь эмгэнэлтэй.

Хатгалгаа туссан хүүхдийн тоо эмнэлгийн орон дээр бус коридорт эмчлүүлэх хүртлээ нэмэгдэж буй нь Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудаас SOS ирэхээс өөр аргагүйд хүргэж буй. Тэгвэл утааны эсрэг бид хэрхэн, яаж ажиллах ёстой юм бэ. Хэн үүнд анхаарлаа хандуулах ёстой юм гэдэг талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа. 

Утааны асуудлар улс төржих, PR-дах ямар ч шаардлагагүй

-Өнөөдөр утааны асуудал үнэхээр хүнд байна. Хүүхдээ уушгины өвчлөлд дарлуулж байгааг харж тэвчихгүй болсон эцэг, эхчүүд аргаа барахдаа Төрийн ордны гадна талд жагсахаар нэгджээ. Та тэдний үйлдлийг дэмжиж байгаа юу?

Бид Улаанбаатарын утааны асуудлыг гал унтраах байдлаар шийдээд өдийг хүрчээ. Өнөөдөр утааны асуудлаар ярьж, сурталчилахаасаа илүү нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийн тэмцэх хэрэгтэй болоод байна. Саяхан би өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд агаарын бохирдол хэр хэмжээнд байгааг өөрийн биеэр явж үзсэн.

Тэгэхэд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зэрэгцээд явж байгаа хоёр хүн нэгийгээ олж харахааргүй хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ.Тиймээс ч залуу ээжүүд тэмцэх гэж байгааг хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Үүнийгээ ч цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Үүнийг улс төр хийлээ гэж ойлгож болохгүй юм. Ээжүүдийн шаардлага зөв.

Эдгээр хүмүүс утааны асуудлыг төр засаг анхааралдаа аваач ээ гэдэг санаачлага гаргаж жагсаж байгаа. Түүнээс биш гудамжинд гарч жагссанаараа утааны асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Гэхдээ би утааны асуудлыг анхааралдаа авдаг хүмүүсийн тоо нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ээжүүдийн тэмцлийг дэмжиж байгаа юм.

-Мэдээж ээжүүд бид эсэргүүцлээ илэрхийлэх нь маш сайн парадокс.  Гэхдээ бид тэмцлээ гээд та нар анхааралдаа авч гаргасан саналыг нь ажил хэрэг болгож чадах уу?

Ээжүүдийн тэмцлийн эцсийн үр дүн бол утааны асуудлыг УИХ гишүүд, хотын удирлагуудын анхааралд аваачих гэж бид харж байгаа. Утааны асуудлыг анхаардаг болсон цагт шийдэл олдоно. Тэгэхээр энэ хүмүүс нийгэмд цочирол өгч чадвал тэдний үр дүн гарах юм. Тийм ч учраас би энэ тэмцлийг дэмжиж байгаа. Түүнээс утааны асуудлаар улс төржих, PR-дах ямар ч шаардлагагүй. 

Уг асуудлыг анхаарсан зарим нэг улс төрчийг нь “Та нар улс төржүүллээ” гэж шүүмжлэх нь зохимжгүй юм. Агаарын бохирдлоос болж ханиад томууны өвчлөл газар авч байна. Нөхцөл байдал өнгөрсөн жилүүдээс илүү хүнд байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг өдөрт 100 гаруй хүүхэд хүлээн авч, ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдахаар яригдаж байгаа ч цаг хугацааны хувьд хүлээгдэхээр байгаа.

Тиймээс бид өөр, өөрийн бололцоогоороо дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэгүүдэд нэмэлт ор, хүчил төрөгчийн аппарат зэргийг өгөхөөс өөрөөр ажиллаж чадахгүй байна. Ямартай ч бид аливаа асуудлыг бага ч болов шийдэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, эхнээсээ шийдээд явж байна. Гэхдээ энэ нь өнөө маргаашаа өнгөрөөсөн л асуудал. Түүнээс утааны асуудлыг ямар арга замаар шийдэх вэ гэдгийг бид өнөөдөр тодорхойлж чадахгүй байна үү дээ.

-Тодорхойлъё гэж ч хичээхгүй байгаа юм биш үү? Ер нь бид утааг бууруулахын тулд ямар ажлыг хийж эхлэх ёстой юм бэ?

Утааны асуудлыг олон жил ярьсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй өдийг хүрлээ. Утаатай тэмцэх нэрийдлээр олон төрлийн зуух оруулж ирсэн. Үүнийг дагасан бизнес ч бас хийгдсэн нь нууц биш. Үе, үеийн хотын дарга нар утааг багасгана гэж ярьж ирсэн. 2013 онд Ардчилсан нам Их хурлынхаа түвшинд хүртэл утааг ярьж байлаа.

Гэтэл өнөөдөр нөхцөл байдал дээрдсэн зүйлгүй байна. Өмнөх эрх баригчдын гол мессеж утаа л байсан. Гэтэл өнөөдөр энэ асуудал дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Өнгөрсөн парламент болон Засгийн газар, хотын дарга нар утааг ярьдаг байсан. Харин өнөөдөр манай гишүүд, хотын удирлагуудын хэн нь ч утааг бууруулах асуудлыг ярихгүй байгаад харамсаж байна. 

-Тэгэхээр та Хотын удирдлагуудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна гэж хэлэх гээд байна уу?

Тиймээ. Энэ бол нууц биш. Хотын удирдлагууд энэ асуудалд анхаарах ёстой. Хот бол том айл. Гэтэл хот гол тулгамдсан асуудалдаа дорвитой анхаарал хандуулахгүй байна шүү дээ. Хотын захиргаа бол статусын хувьд ч, мөнгө төгрөг захиран зарцуулах эрхийнхээ хувьд ч энэ асуудалд нэн тэргүүнд анхаарах ёстой. Тиймээс хотын удирдлагууд дүүргүүдийн гэр хороолол дунд агаарын бохирдол утааны асуудал ямар байгааг мэдэх хэрэгтэй.

-УИХ-ын гишүүд ч мөн анхаарах ёстой биз дээ?

Гишүүдийн хувьд утааг бууруулах чиглэлээр хөрөнгө гаргаж, захиран зарцуулах эрхгүй. Мөн уг асуудлаар хэн нэгэнд шууд үүрэгдэж чадахгүй. Тийм болохоор манлайлал үзүүлэх ёстой. Мөн хотын болон дүүргийн удирдлагуудыг утааны эсрэг ажиллахыг шахаж шаардах хэрэгтэй юм. Хотоос сонгогдсон гишүүдээ уриалан Засгийн газарт тодорхой шаардлагуудыг хүргүүлж, эрүүл мэндийн яам, бусад байгууллагыг энэ тал дээр анхаарах асуудлыг шаардах ёстой. Түүнээс би өнөөдөр хэдэн хүнд хүчилтөрөгчийн аппарат бэлэглэснээрээ утааг шийдэж байгаа асуудал биш юм. Уг асуудлыг ярьж байж  шийдэл гарна гэж бодож байна.

-Ерөнхий сайд утааны эсрэг төсөл бичихийг шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдад даалгасан байсан. Та инновацийг дэмжих лобби бүлэг байгуулсан гишүүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

Үүнийг маш зөв шийдэл гэж харж байгаа. Эрдэмтэд тойрч суугаад утааг яаж арилгах вэ гэдэг инновацийг эрэлхийлэх нь зөв юм. Би УИХ дахь инновацийн лобби бүлгийг тэргүүлдэг. Инновацийн лобби бүлгийн нэн тэргүүнд хийх ажил нь утааны асуудал. Тиймээс инновацийн лобби бүлгийнхээ дэргэд орон тооны бус зөвлөлийг ажиллуулж байна. Уг зөвлөлд залуу эрдэмтдийн холбоо, БСШУЯ-ны инновацийн өндөр технологийн газар, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, ХААИС, ШУТИС зэрэг олон байгууллагуудад ажилладаг эрдэмтэд ажиллаж байгаа. Тэгэхээр бид энэ зөвлөлтэйгөө хамтраад утааг арилгах шийдлийг олъё.Шинэ инновацийн санааг гаргаж ойрын хугацаанд уулзалт зохион байгуулж шийдлийг олохын төлөө ажиллана.

-Таны бодлоор утаатай чухам ямар аргаар тэмцэх ёстой юм бэ?

Төр засаг утааны эсрэг ажиллаагүй биш ажилласан. Гэхдээ асар их мөнгийг маш буруу зүйлд зарцуулсан учраас үр дүнгээ өгөөгүй. Тиймээс бид урд урдын алдаагаа дүгнэх хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөн дээр анхаарах ёстой. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт шилжилт хөдөлгөөн маш их байна. Өнөөдөр Улаанбаатарт шилжин ирж буй хүмүүсээ нэг бүрчлэн тоолж чадахгүй болоод байна. Энэ нь хот зохион байгуулалтаа хэдийнэ алдсныг гэрчилж байгаа юм.

Их хотод шилжиж ирэхэд дэд бүтэц, сургууль цэцэрлэгээс эхлээд бүх зүйл нь бэлэн байх ёстой. Нийгмийн амьдрал нь бэлэн нөхцөлд сайн сайхан амьдрал цогцолдог болохоос хаа нэг газраас нүүрж ирж, хашаа хатгаад гэр бариад амьдрахыг сайхан амьдрал гэж ойлгохгүй. Тийм ч учраас хөдөө сайхан амьдарч байсан хүмүүс хотод ирж, захын дүүрэгт хашаа хатгаад цахилгаангүй газарт амьдарч байна. Тэгээд хүүхдүүдийг нь сургууль авдаггүй. Тиймээс бид иргэддээ нөхцөл байдлыг нээлттэйгээр ойлгуулж, шилжилт хөдөлгөөнийг албан ёсоор бүртгэлжүүлэх хэрэгтэй.

Хотод амьдрахад нь нийгмийн бүх асуудлыг нь шийдчихээд “Та Улаанбаатарын иргэн” гэсэн иргэншлийг нь албан ёсоор өгөх ёстой шүү дээ. Солонгос гэх мэт гадны хотууд яаж хөгжиж байна. Тэнд хотын нэмэлт татвар авдаг систем үйлчилж байна. Яагаад түүнийг хийгээд байгаа юм. Хүнээс мөнгө авах гэсэндээ бус тодорхой хэмжээнд даацаа барих гээд байна шүү дээ.  Тэгэхээр манай хотын хувьд энэ хэвээр байвал мянган сайхан санаа гаргаад одоогийн нөхцөл байдлаас гарч чадахгүй. Шилжилт хөдөлгөөнөө шинэчлэх ёстой. Нийслэлээ нүүлгэсэн жишээ Солонгос, Казакстан, Малайзад байна. Тэгэхээр бид засаг захиргаа, парламентын ордныг цаашид нүүлгэх ёстой. Шинэ хот байгуулах ёстой.

Солонгосын жишээг хэлэхэд газраа гаргаад төслүүд зарлаад хувийн компаниудад ажлыг нь өгсөн. Тэр хотыг хувийн компаниуд босгож ирж чадаж байна шүү дээ. Өнөөдөр Малайзад шинэ хотыг хэрхэн байгуулж байна. Малайзын жишээ бол том үлгэр дууриалал юм. Жинхэнэ энтертайнмент, аялал жуулчлал хөгжсөн, нам гүм, цэвэр тохилог хотыг бий болгох ёстой. Мөн гэр хорооллын цахилгааны асуудлыг маш их ярьж байна. Зөв нь зөв. Гэхдээ бид өнөөдөр цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу, үгүй юу. Бодох л ёстой асуудал. Бид цаашид эко хотыг бий болгохын тулд шинэ технологийг гаргаж авах хэрэгтэй байгаа. Зарим орнууд газ хэрэглэж эхэллээ. Гэхдээ манайд аль нь тохирох шийдэл юм гэдгийг ярилгүй өдрийг хүрчихсэн. Яагаад магистр, баклаврын ажил бичиж байгаа юм шиг тал, талд яриад хэзээ ч нийлж яриагүй өдийг хүрсэн юм бэ гэдэг нь сонин.

Утааны асуудал жилээс жилд дордоно. Тэгэхээр цаашид бид шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд энэ өвөл бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гал унтраагаад л энэ өвлийг дуусгана. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд сэтгэл гаргах хэрэгтэй. Ханиад томуу хүрсэн хүүхдүүдэд эм, тариагаа авахад нь туслалцаа дэмжлэг үзүүл. Хүчилтөрөгчийн аппаратыг нь аваад өг. Ийм байдлаар энэ өвөлдөө ажиллэх хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээг нь чанартай хүргэхийн төлөө анхаар. Эрүүл мэндийн яам хүүхдүүдээ хүнд өвчлөлөөс нь эрүүл, саруулаар авч гармаар байна. Боловсролын яам их утаа униартай үед сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах аргыг авч байх хэрэгтэй.

Ийм байдлаар зохицуулалтыг түвшин, түвшиндээ хийгээд энэ өвлийг даваж гарах хэрэгтэй. Харин утааг бууруулах асуудлаар энэ өвөл ажил хэрэгчээр ажиллаад шийдэл олох ёстой юм.  Утааг бууруулах оюуны өмчийн уралдаан зарлаж болно шүү дээ. Түүнд нь хөрөнгө оруулалт хийгээд явж болно. Ийм ажлуудыг хийгээд явах бодолтой байна. Түүнээс биш би бүх зүйлийг шийдэж чадах эрх мэдэлтэй хүн биш. Бусад байгууллагууд утааг бууруулах ажилд нэгдвэл түүнд нь манлайлал болж өгье  гэж байгаа юм. Манай лобби бүлгээс ойрын хугацаанд хэлэлцүүлэг зохион байгуулна. Тэндээс гарсан санаа, санаачлагыг ажил хэрэг болгохын тулд ажиллана.

-Лобби бүлэг ийм ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэгвэл хотын удирдлагууд яаж ажиллах ёстой юм бэ?

Хот бол том айл. Тэнд олон орлогч дарга ажиллаж байна. Утааг бууруулах асуудлыг хариуцсан хүн хүртэл байна. Энэ олон дүүрэг бүгд Засаг даргатай. Тэд бүгд төсөвтэй. Тэдэнд маш их боломж байна. Үгүй ээ ядаж ханиад томуугийн өвчлөлийг дор дор нь шийдээд  эм тариагаар нь хангаад ажиллах хэрэгтэй байна. Ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгүүдэд нэмэлт хүч өгч хүүхдүүдийг нь цаг тухайд нь хүлээж авч эмчилмээр байна. Хот бол бүхэл бүтэн эрүүл мэндийн газартай шүү дээ.

Юу хийгээд суугаад байгаа юм. Хот болон бусад олон бүтэц нэгжүүд нь шинэ жилийн баяр тэмдэглэхээ болих хэрэгтэй. Шинэ жил тэмдэглэж баярлаж хөөрч бие, биедээ мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүс л байх юм. Тэр болгоныгоо болиод ханиад томууны өвчлөлд зарцуулах хэрэгтэй. Одоо баяр ёслолоо больцгоо гэж би уриалмаар байна. Өнөөдөр ес эхэлж байна. Хотынхон өвлийг яаж өнтэй давах юм бэ. Энэ асуудлыг ярьмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ