МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Оюуны элч” болох оны шилдэг залуу багш нарыг тодрууллаа
2016.12.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Оюуны элч” болох оны шилдэг залуу багш нарыг тодрууллаа

Монголын залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, хэлтсүүдтэй хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагааг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Ёслолын ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлсэн үгэндээ “Монголын залуу багш нарын холбооныхон боловсролын салбарыг дэмжиж, тэр дундаа манай залуу шилдэг багш нарыг шалгаруулж байгаад баяртай байна. Шавийн эрдэм багшаас гэдэг. Тиймээс манай багш нар шилдэг байхын хэрээр тэдний шавь нар оюунлаг байж, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн, сайн хандлага, зөв чиг тогтох болно. Энэ ч үүднээс багш нарынхаа мэргэжил дээшлүүлэх болон нийгмийн асуудлыг шийдэх, бусад үйл ажиллагааг дэмжихийн төлөө манай яам шалтгаалах бүхнийг хийхийг зорьж байна” хэмээв.

Ингээд “Оюуны элч” цомын эздээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн багш С.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Д.Сарантуяа, Ховд аймгийн Политехник коллежийн сантехникийн инженерийн багш С.Батаа, Монголын оюун ухааны академийн Б.Баасандорж нар шалгарлаа.

Түүнчлэн Монголын залуу багш нарын холбооны “Оюуны од“ цол тэмдгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ болон сургалтын төвийн багш нараас тус бүр хоёр хүн шагнуулсан юм. ТУс холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Хүүхэд залуусыг хөгжүүлж, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргээ амжилттай биелүүлэн “Оюуны элч”ээр тодорч буй шилдэг залуу багш нар нартаа баяр хүргэе. Монголын залуу багш нарын холбоо анх 2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан.

Улмаар 2015 онд үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулснаар дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10 мянга гаруй гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын багш нарын холбооны гишүүн болж, ЮНЕСКО-д зөвлөх эрхтэй байгууллага болгон өргөжүүлж чадлаа. Бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд байнга анхаарч ирсэн, цаашид ч тэгнэ” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ