МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.12.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Учрал: "Өөр зарчим" гэж юуг хэлээд байна вэ?

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэм хэмжээний хувьд зөрчилтэй, редакцийн засвар оруулах шаардлагатай хэд хэдэн заалт байна үзэж, заалт нэг бүрээр нь дурдаж, ажлын хэсгээс асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Хуулийн төслийн 8,1-д “Өөр зарчмаар улсын хил тогтоох асуудлыг УИХ шийдвэрлэж болно гэж заасан байна. Гэтэл хуулийн төслийн 8 дугаар зүйлд Хил тогтоохдоо дараах зарчим баримтална гэж заажээ. Дараах зарчим баримтална гээд тодорхой зарчмуудыг зааж өгсөн атлаа 8,1-д өөр зарчмаар гэж байна. “Өөр зарчим” гэж юуг хэлээд байна вэ?

Улсын хилийн дархан байдлын талаар ярьж байгаа болохоос биш айлын хашааны газар тогтоох асуудал яриагүй шүү дээ. Тиймээс “Өөр зарчим” гэж ямар ойлголт вэ?

Хуулийн төслийн 26,3,3-д “Энэ хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, хилийн усны голдрил, түвшинг өөрчлөх, урсгалыг боох зэргийг хориглоно” гэж заажээ. Энэ хуульд зөвшөөрсөн хэлбэр нь уг хуульд тусгагдаагүй байна. Зөвшөөрсөн хэлбэр нь байхгүй байхад энэ хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр гэж зохицуулалт оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ? Монгол Улсын хилийн тухай хууль, улс орны батлан хамгаалах гол бодлогыг төсөөтэй хэрэглээд байх юм уу?

30,2-т “Хил орчмын нутаг дэвсгэрт байгаа оршин суугч нь улсын хилийн зурвас хүртэл чөлөөтэй зорчих, суурьших, ажил үйлдвэр эрхэлж болно” гэж чөлөөтэй байдлаар хуульчилж өгсөн мөртлөө 26,2,2-т “Үйл ажиллагаа явуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Нэг ёсондоо хилтэй ойр, хил залгаа сумын төвүүдээр Батдорж, Цэцэгээ нар ТҮЦ ажиллуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл авах юм шиг байгаа юм. Засгийн газар хилтэй ойр байх ТҮЦ-ийг ажиллуулах зөвшөөрөл олгох юм уу?

32,1,2-т “Хил дээр гарсан аливаа маргааныг энхийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Тэгсэн атлаа хуулийн төслийн 5 дугаар бүлэгт “Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх” талаар зохицуулсан байна. Онцгой бүсээ хамгаалж байгаа учраас шаардлагатай тохиолдолд хил зөрчиж байгаа ноцтой үйлдлийг таслан зогсоохын тулд хүч хэрэглэнэ шүү дээ.

Хүч хэрэглэхдээ яаж энхийн журмаар хэрэглэх вэ? гэдгийг ойлгохгүй байна. Хуульч хүний хувьд хэлэхэд, хэв хэмжээний зөрчилтэй заалтуудаа эргэн харахыг хүсч байна.

Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд сөрөг нөлөөлж болзошгүй ийм хуулийн төсөлд парламентын гишүүд анхааралтай хандах хэрэгтэй.

Хуулийн төсөлд “Хилчний алба” гэсэн нэр томъёо орсон. Монгол Улсын хууль тогтоомжид огт байдаггүй нэр томъёог оруулж ирсэн байна. Цэргийн албаны тухай хууль тогтоомжуудад “Хилчний алба” гэсэн нэр томъёо хаана байна? Тиймээс хуулийн төслийг эргэн харж, зохицуулалтуудыг илүү ойлгомжтой болгож, зөрчлүүдийг арилгах хэрэгтэй байна."

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

"32,1,2-т “Маргааныг энхийн журмаар шийднэ” гэж заасан нь хоёр улсын хилийн маргаан зөрчилдөөн буюу үндсэндээ улс хоорондын асуудал. “Тусгай хэрэгсэл хэрэглэх” гэдэг нь тодорхой иргэн хил зөрчих тохиолдолд түүнийг таслан зогсоох гэх мэтээр таны тодорхой нэрлэж хэлсэн зүйлүүдэд тайлбар бий. Гэхдээ томъёоллын хувьд, эргэлзээтэй, тодруулах шаардлагатай санал гаргасан тохиолдолд хэлэлцүүлгийн явцад тусгаж болох талаар судална."  

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн:

"Улсын хилийг тогтоох зарчим бол хил судлалын шинжлэх ухаанд заасан зарчмууд юм. Гэхдээ амьдралд улсын хилийн шугам өөрчлөгдөх тохиолдол бий.

Ихэвчлэн байгалийн гамшигтай холбоотой тэр дундаа газар хөдлөлт, үер ус гэх зэргээр таны тааж, урьдчилан харж чадахгүй хүчин зүйлсийн нөлөөнөөс болж, улсын хилийн тэмдэгтүүд өөрчлөгддөг.

Хөрш орнууд хуучин байсан байрлалд эргэж тогтоохын тулд харилцан ярилцдаг практик бий. Хилийн маргаантай улс орнуудад энэ асуудал маш өргөн. Тийм учраас энэ зарчмаар өөрөөр тогтоох шаардлага гарвал УИХ шийдье, өөр төрийн захиргааны байгууллага шийдэхгүй гэж зааж өгсөн."

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Хэм хэмжээний зөрчилтэй, редакцийн засвар оруулах шаардлагатай заалтуудыг нэг мөр болгохын тулд УИХ-ын гишүүд үг хэлж, туслалцаа үзүүлэх нь зүйтэй гэсэн үүднээс байр сууриа илэрхийлж байна. Зарчмын асуудал дэвшүүлэн тавьж байгаа учраас цааш цаашдын хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналуудаа хэлэлцэж, зохицуулалтуудыг өөрчлөхөд хамтарч ажиллая гэж байгаа юм. "

ШИНЭ МЭДЭЭ