УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.12.23

Н.Учрал: Стратегийн үндсэн баримтыг батлаад явлаа гэж бодоход шинэ захирлын ажиллах арга барил, алсын хараа юу байна вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Олон улсын зах зээлээс босгосон 580 сая долларын өрийг төлөх хугацаа 2017.03.30 гэж заасан. Энэ хугацаа тулгамдаж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Уг нь гадаад улс орноос зээлсэн мөнгөө эдийн засагт өндөр ач холбогдол өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эргээд тэр төсөл хөтөлбөрүүдээс орж ирсэн мөнгөөрөө гадаад өрөө эргэн төлөх нөхцөлтэй байдаг.

Гэтэл манай Хөгжлийн банкны өнөөдрийн нөхцөл байдал 5.6 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байтлаа эргэн төлөлт бараг хийгдээгүй байна. Тэр мөнгөн дүнгийнхээ ядаж 1.2 их наяд төгрөгийг өдийд хуримтлуулсан байх ёстой шүү дээ.

Гэтэл өнөөдөр ямар хүнд байдалд орчихоод байгааг биднээс гадна ард түмэн харж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр орж ирж байгаа хуулийн төслийг зарчмын хувьд  дэмжихээс өөр арга байхгүй. Нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргах юм байна.

Гэхдээ цаашид Хөгжлийн банкыг удирдаж явах шинэ захирал маань яг ямар бодлого баримталж ажиллах гэж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлэх шаардлагатай байх.

Стратегийн үндсэн баримтыг батлаад явлаа гэж бодоход та бүхний алсын хараа юунд чиглэгдэж байна вэ? Цаашид Хөгжлийн банкинд өндөр ачаалал өгөөд явах нь хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэдэг юм байна гэдгийг энэ байгаа нөхцөл байдлаас харж, ойлгож байгаа байх. Та захирлын хувьд ямар тактикаар ажиллах тухай байр сууриа илэрхийлэхгүй юу?

Хөгжлийн банкны захирал Батбаяр:

"Хөгжлийн банкинд тулгамдаж байгаа хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Эргэн төлөлтийн хувьд арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлсэн нэг их наяд төгрөгийг графикийн дагуу 2019 он хүртэл эргэн төлүүлэхээр ажиллаж байна.

Улсын төсвөөс төлөгдөх 3.2 их наяд төгрөгболон  тодорхой нэр бүхий 16 төсөлд оруулсан хөрөнгө оруулалт эргэн төлөгдөх магадлал багатай байгааг ил тод хэлэх нь зүйтэй байх. Зарчмын хувьд улсын төсвөөс авах өрийг энэ ондоо багтаагаад гаргачих юм бол үлдсэн 16 том төсөлтэй ажиллах тусгай нэгж байгуулж ажиллахаар бэлтгэж байна. Найдвар багатай гэсэн зээлүүдийг бид хууль хяналтын байгууллагатай хамтран шийдвэрлэх болно.

Харин эргэн төлөлт хийх магадлалтай гэж үзсэн төслүүдийн өрийг төлүүлж цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах эргэлтийг нь хангаж өгөөд явна гэсэн байр суурьтай байгаа. Тооны хувьд хэд төлөгдсөн эргэн төлөлтийн дүнг танд ажлын шугамаар баримтаар хүргүүлье. Хөгжлийн банк 2017 оноос эхлэн эхний ээлжинд ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх вэ гэдэгт үндэслэн судалгаа хийж эргэн төлөх магадлалтай гэж үзсэн төслүүдэд эх үүсвэрийг нь бий болгох замаар ажиллаад явна.

Гадны санхүүгийн байгууллагуудтай хийх гэрээ хэлэлцээр ч хийгдээд явж байгаа. Зарчмын хувьд дотоодоос гарах санхүүжилтээ 15 хувиас хэтрүүлэхгүй гадны санхүүжилтийн байгууллагаараа үлдсэн 85 хувийг нь санхүүжүүлээд явна.

Тавигдах гол шаардлагын хувьд бололцоотой бол дотоодын зах зээлээс авах худалдан авалт, дотоодын эдийн засаг руу оруулах хөрөнгө оруулалт нь 50-иас доошгүй хувьтай байх ёстой гэдэг зарчмыг баримтлаж ажиллах юм.

Шинэ хуулийн төсөл дээр нэг заалт орсон. Энэ заалтад тодорхой хувь нь экспортын төслүүд рүү чиглэсэн байна гэж заасан. Тиймээс 100 хувийн эргэн төлөлт хийх баталгаатай төсөл дээр ажиллах ажлын баг, хамт олон явж байгаа.

Тэгэхээр ирэх жил буюу 2017 оноос эргэн төлөлтийн хувь хэмжээ өндөр байх болно. Тэр ч утгаараа бид эхлээд хууль эрх зүйн зохицуулалтаа сайн хийж түүнийг дагаж гарах дүрэм журмаа баримталж ажиллахыг зориж байна."     

ШИНЭ МЭДЭЭ