Н.Учрал: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар төсөв сахилга баттай болно
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ
2016.10.03
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар төсөв сахилга баттай болно

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛТАЙ ярилцлаа

-Та бол УИХ-ын шинэ гэх тодотголтой гишүүдийн нэг. Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь төсвийн тодотгол болон татвар нэмэх явдал байсан. Гэтэл шинэ, залуу гишүүдийн цөөнгүй нь Засгийн газрын саналыг дэмжихгүй, зарим тохиолдолд бүр шүүмжлэлтэй хандаж байсан нь намынхаа эсрэг дуугараад байгаа мэт харагдсан . Ер нь анхнаасаа зарчмын байр сууриа шууд илэрхийлээд явах бодолтой байгаа юу?

Мэдээж бүлэг дээр эхлээд асуудлыг ярина. Дараа нь Байнгын хороон дээр дахин саналаа хэлж, хэлэлцэнэ шүү дээ. Ингээд чуулган руу асуудлыг оруулахад нэгдсэн байр суурьтай явах нь зөв л дөө. Өөрөөр хэлбэл, тэнд багийн тоглолт явж байгаа. Шийдвэр хамтынх байдаг учраас хариуцлагыг ч хамтдаа үүрэлцэж явах учиртай. Тэр утгаараа бие даасан үзэл бодол илэрхийлээд явах нь зохимжтой биш л дээ. Миний хувьд намынхаа бодлого шийдвэрийг ерөнхийд нь дагаад явна. Бүлэг дээр ч өөрийн байр сууриа илэрхийлдэг.

Гэхдээ ээлжит бус чуулганы үеэр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх гэх мэтийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байна. Өргөн утгаараа бол намынхаа бодлого шийдвэрийг дагаж явалгүй яахав.

-Шинэ, залуу гишүүний хувьд цаашид ямар зарчмаар, хэрхэн ажиллах бодолтой байгаа вэ?

Өөрийнхөө үндсэн чиглэлийг л барьж ажиллана. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн байнгын хороонд харьяалагдаж байгаа. Эрх зүйч хүнийхээ дуу хоолойг илэрхийлж ажиллана л гэсэн бодолтой байна. Угаасаа УИХ хууль тогтоох байгууллага учраас мэргэжлийн болж төлөвших шаардлагатай л гэж хардаг. 

-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав. Мэдээж, тойрогтоо очиж ажилласан байх?

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг ард иргэд буюу тойргийнхоо сонгогчдод танилцуулах ажлыг хийлээ. УИХ, Засгийн газрын зүгээс ямар хуулийг баталж, ямрыг нь буцаасан бэ гэдгийг ойлгуулж таниулахыг зорьсон. Ингэхгүй бол ард иргэдийн дунд буруу ташаа ойлголт түгэж, төөрөгдөл үүссэн байдалтай байна.

Иргэдийн дунд үүссэн төөрөгдлийг засч залруулах нь тухайн тойргоос сонгогдсон хууль тогтоогчдын ажил учраас энэ үүргээ гүйцэтгэлээ. Гэхдээ миний хувьд УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийн газрыг Сонгинохайрхан дүүргийн XXI болон XVII хороонд байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэнд долоо хоног бүрийн мягмар гаригт иргэд сонгогчдыг хүлээж авч уулздаг.

Тэгэхээр намайг уулзалт хийхээс өмнө манай тойргийн сонгогчид ерөнхийдөө тодорхой мэдээлэлтэй болсон байсан гэсэн үг. Цаашдаа дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч ажиллах бодолтой байна. Ялангуяа 2017 оны төсөв дээр дүүргийнхээ бодит байдлыг танилцуулж, тодорхой санал санаачлага оруулахаар УИХ-ын бусад гишүүнтэйгээ ярилцаж байна.

-Сонгинохайрхан дүүрэг энэ удаад УИХ-д харьцангуй олон төлөөлөлтэй болсон учраас төсөв хөрөнгөнөөс авахуулаад нөхцөл байдал дээшилнэ гэсэн хүлээлт аргагүй байгаа байх л даа?

Манай дүүрэгт хүн ам маш их төвлөрсөн атлаа татварын орлогод хөрөнгө нэмэрлэдэг аж ахуйн нэгж харьцангуй бага. Тиймээс нэг хүнд ногдох төсвөө зориулалтаар нь зарцуулж чадахгүй байгаа тал бий. Өмнө нь Октябрийн район гэж байхад нь механикаар хувааснаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүсчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ дүүрэгт ямар нэг байдлаар нийгэм, эдийн засгийн тооцоолол хийж чадаагүй. Тийм учраас төсвийн орлогыг бүрдүүлэхэд нийслэлтэйгээ нягт хамтарч ажиллах шаардлагатай байна.

Өнөөдөр энэ дүүрэгт амьдарч байгаа ард иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж очих нь бага байна. Энд дүүрэгт шилжилт хөдөлгөөн маш хурдацтай өрнөж байгаа юм. Тухайлбал, хүн амын тоо өнөөдрийн байдлаар 310 мянгад хүрчихээд байна шүү дээ. Тэгэхээр төсөв дээрээ нэмэлт тодотгол хийлгэх шаардлагатай. Мөн манай дүүрэгт улсын үйлдвэрийн газрыг олноор байгуулж, үйл ажиллагаа явуулснаар татварын орлогоо бүрдүүлэх боломж бололцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Мэдээж энэ удаад чамгүй боломж гарсан. Өөрөөр хэлбэл, энэ дүүргийг УИХ-д зургаан гишүүн, нийслэлийн ИТХ-д есөн хүн төлөөлж байна. Тиймээс энэ дөрвөн жилд Сонгинохайрхан дүүрэгт харьцангуй дэвшил гарах байх гэсэн хүлээлт байгаа нь үнэн. Үүний эхлэл болгож, дүүргийн шинэ Засаг дарга ажлаа нэлээд оюунлаг байдлаар эхлүүлснийг талархалтай хүлээж авсан.

Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчны талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж, холбогдох хүмүүст нь чиглэл өгч, тэдний дуу хоолойг сонссон уулзалтыг хийсэн. Бид эхлээд бодит нөхцөл байдлаа харж оношоо тогтоосноор шийдлээ олно гэж үздэг. Ямар ч байсан 2017 оны төсвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нөхцөл байдал өөр төвшинд очно гэдэгт итгэлтэй байгаа.

-УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хамгийн түрүүнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээр байгаа. Төсөв дээр та ямар зарчим баримтлах вэ?

2017 оны төсвийн төсөөлөл ороод ирчихсэн байна. Миний хувьд тойргийнхоо асуудлыг тусгуулахын төлөө зорино. Ялангуяа цэцэрлэгийн хүрэлцээ болон нийгмийн даатгалын хэмжээг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарна. Ерөнхийдөө ирэх оны төсөв хүн рүүгээ түлхүү чиглэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Ямар ч байсан эхний ээлжид төсөөллөөр орж ирсэн Сонгинохайрхан дүүрэгтэй холбоотой саналуудаа хамгаалж, батлуулахын төлөө ажиллана даа. Товчоор дүгнэвэл, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ард иргэд рүүгээ бүрэн чиглэсэн төсөв болох байх гэж найдаж байгаа.

Ээлжит бус чуулганаар дэмжигдээгүй ч ирэх оны төсөв дээр зарим татварыг нэмж магадгүй гэх болгоомжлол олон нийтийн дунд их байжээ. Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үеэр энэ нь анзаарагдсан. Ямар ч байсан Засгийн газар 2017 оны төсөвт татвар нэмэхгүй гэдгээ албан ёсоор зарласан болохоор эргэлзэх зүйлгүй болсон болов уу. 

-Ээлжит бус чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэсэн бэ. Татвар нэмэх талаар хөндсөн учраас нэлээд сенсаацтай чуулган болчихов уу даа?

Бид ээлжит бус чуулганыг үнэхээр амаргүй нөхцөл байдалд хийсэн. Гэхдээ УИХ үүргээ биелүүлсэн гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл бид иргэдийн эрхийг хөндөх, учир дутагдалтай олон хуулийг буцааж чадсан. Хэдийгээр эрх баригч нам Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа ч бид болохгүй зүйлийг нь болохгүй гэдгийг хэлж байсан. Зарим тохиолдолд Байнгын хороон дээр асуудлыг унагаж байсан ч тал бий. Төсвийн алдагдал 4.1 их наядад хүрсэн байгаа нь цаашдаа үнэхээр амаргүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, баялаг бүтээгчдийг дэмжих ажлыг сайн зохион байгуулах шаардлагатай байна. Ялангуяа ард иргэдийнхээ халаас руу орсон буюу нийгмийн даатгалын шимтгэл, татвар нэмэх зэргийг би анхнаасаа дэмжээгүй. Засгийн газрын дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих зөвлөл байгуулан ажиллах болсныг дэмжиж байгаа.

Ингэхгүй бол өнгөрсөн хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг шахах тохиолдол нэлээд байсан юм билээ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад шалгаж нягталж байна.Өөрөөр хэлбэл, гаднын хөрөнгө оруулагчдад таатай орчин бий болгохын төлөө ажиллаж байгааг маш зөв зүйтэй гэж харж байгаа.

УИХ угаасаа Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Харин бид хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх, түүнийгээ олон нийтэд тайлбарлан таниулах чиг үүргээ алдаж болохгүй. Нэг ёсондоо байр байрандаа байх ёстой л гэж үздэг.

-Өнгөрсөн парламентын үед Монгол Улс 4-5 төсөвтэй болсон буюу төсвийн сахилга бат бүрэн алдагдсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.Харин АН-ынхан төсвийг олон салгасан зүйл байхгүй гэх тайлбарыг хийсээр байгаад ямар хариулт өгөх вэ?

Энэ бол хэдийнэ олон нийтэд ил болчихсон зүйл. Монгол Улс нэг л төсөвтэй байх ёстой байтал үнэхээр л өнгөрсөн дөрвөн жилд 4-5 салгачихсан байсан шүү дээ.

Ганцхан жишээ татахад, УИХ төсөв баталдаг атал Засгийн газар нь өөрсдөө санаачлаад “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн тохиолдол бий. Энэ бол бүр хууль зөрчсөн ноцтой үйл ажиллагаа явуулж ирсний илрэл гэдгийг хэн хүнгүй харлаа.

Өнгөрсөн хугацаанд ийм сахилга батгүй байдал газар авсан учраас МАН энэ бүхнийг залруулж, УИХ төсвөө баталдаг үндсэн үүргээ биелүүлэх ёстой л гэж ойлгож байгаа. Түүнээс Засгийн газар нь төсвөө батлаад зарцуулаад явчихдаг юм бол УИХ гэж байхын хэрэг юу байхав дээ.

-Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болж байх шиг байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ хөтөлбөрт хамрагдахыг дэмжих үү?

Миний хувьд энэ хөтөлбөрийг цэвэр хариуцлагын тогтолцоо гэж ойлгож байгаа. Нэг ёсондоо төсөвтөө бид маш их сахилга баттай болно л гэсэн үг. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийнхөө менежментийг олон улсын валютын санд шилжүүлж байгаатай л адил.

Манай улс өмнө нь энэ хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаад эдийн засагт маш өндөр үзүүлэлт гарч байсан сайн түүхтэй. Энэ хөтөлбөрт хамрагдаад цаг алдалгүй эдийн засгаа сэргээх шаардлага үүсчихээд байгааг хаана хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм.

Тэгээд ч Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг эхлээд эдийн засгийн хямралыг даван туулах, цаашлаад өсөлтийг бий болгох гэсэн хоёр чиглэлд хуваасан. Тэгэхээр улс орноо хямралаас гаргахын тулд бололцоотой гэж үзсэн арга хэмжээгээ авах л хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд шинжээчид ажиллаж, нөхцөл байдлаа багагүй судалсан гэж ойлгож байгаа.

Нэгэнт татвар нэмэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан учраас бид одоо гаднын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар төсвийн алдагдлаа нөхөх хэрэгтэй. Ийм байдлаар ажиллана гэдгийг ч Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. Цаашилбал, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж өгөх шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ