2025.02.28

ДАШИНЧИЛЭН СУМЫН ЛАХ БАГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН БАТСҮХИЙН МӨНХБАТ

Б.Мөнхбат 1992 оноос эхлэн мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласнаас хойш 40-н жил тасралтгүй малчнаар ажиллаж байна. Энэ хугацаанд мал сүргээ төлөөр нь өсгөсөн хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд хонио Баяд , ямаагаа Эрчмийн хар, үхрээ Сэлэнгэ үүлдэр, адуугаа Сүхбаатар, Хэнтий чиглэлийн хурдан удмын азаргаар сайжруулж байгаагийн үр дүнд 1 хониноос 1800 гр ноос, 1 ямаанаас 450-600 гр ноолуур авч байгаа нь улсын дунджаас 150-450 гр илүү байна. Мөн хавар, зуны улиралд бэлчээрээ тогтмол сэлгэж заншсан нь өвөлжөө, хаваржааныхаа орчмын бэлчээрийг талхагдлаас хамгаалан, бэлчээрээ хуваарьтай ашигладаг.

Малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж сүүлийн 3 жилд 4692 кг ноос, 451 кг ноолуур, 29200 л сүү, 29360 кг мах борлуулсныг зах зээлийн үнээр тооцвол нийт 326.767.400 төгрөгийн борлуулалттай ажилласан байна.
2012 онд “Мянгат малчин”, 2014 онд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2016 онд “Сумын сайн малчин”, 2017 онд Монголын Улаан загалмайн холбооны “Нигүүлсэнгүй үйлст Манлай малчин” 2018 онд “Аймгийн сайн малчин”, 2021 онд Аймгийн Хошой Аварга малчин, 2023 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2025 онд "Улсын аварга малчин" өрхөөр тус тус шагнагджээ.
Гэргий М.Болортуяа нь нийгмийн салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Нигүүлсэл“ алтан медаль, аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Аймгийн Хошой Аварга малчин, Манлай малчин эмэгтэй, санхүү банкны 100 жилийн ойн медаль, санхүүгийн тэргүүний ажилтан, Уран бэр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр шагнагдсан, үр хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сайн сургасан, эзэмшсэн нягтлан бодох мэргэжлийн дагуу өрхийнхөө орлого, зарлагыг бүртгэлийг сайн хөтөлдөг хөдөлмөрч эмэгтэй юм.
Могой жилийн сар шинийн босгон дээр төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, "Улсын аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй цол, шагналаар шагнагдсан Б.Мөнхбатынхаа гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Малчин түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.